Хөгжлийн бэрхшээлд бүү ялагд

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлд бүү ялагд

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохиох юм. Энэ өдрийг угтаж Хөгжлийн бэрхшээлтэй /тархины саатай, дауны хам шинжтэй/ хүүхдийн өнөөгийн боловсрол, эрүүл мэнд, хөгжил нийгэмшлийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор өнөөдөр нэгэн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Оюун, Монголоос Энэтхэгт суугаа Элчин сайд С.Баяр, дуучин Н.Ганхуяг, Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг, нийслэлийн 10 дугаар цогцолборын эрхлэгч Г.Буянжаргал нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдсан асуудлын талаар санал солилцож,  10 дугаар цогцолборын үйл ажиллагаатай танилцсан юм.

Улсын хэмжээнд цорын ганц байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 10 дугаар цогцолбор 1,5-12 насны хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 120  хүүхдийг хүмүүжүүлдэг ч тэдний нийгмийн сэргээн засалтын үйлчилгээг цогц хэлбэрээр хүргэх боломжоор хомс байдаг ажээ.

Тус цогцолборын хүүхдүүд урлагийн наадамд амжилттай ороцлоод ирсэн сайхан мэдээ байна. Бүгд Найрамдах Энэтхэг улсын Элчин сайдын санаачлага, дэмжлэгээр таван хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл арваннэгдүгээр сарын 12,13-нд Энэтхэг улсад зохион байгуулагдсан “SAMBHAV-2011” Олон улсын наадамд оролцжээ. Энэ нь урлагаар дамжуулан хүүхдийг нийгэмшүүлэх олон улсын туршлага, арга зүй, боломжийг таниулан сурталчилж, шинэлэг санал санаачлагыг дэвшүүлэхэд чиглэсэн томоохон арга хэмжээ болсон байна. Монголыг төлөөлж наадамд оролцсон монгол хүүхдүүдийн хүзүүндээ бийр хавчуулан зураг зурсан үзүүлбэр энэ үеэр цугласан олноос өндөр үнэлгээ авчээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй уулзахаар хүрэлцэн ирсэн УИХ-ийн гишүүн С.Оюунтай товч ярилцлаа.

-Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль зөвхөн нийслэлд байдаг. Орон нутагт ийм сургуулиудыг нэмж байгуулах ёстой вм шиг санагддаг?

-Одоогийн байгаа байдал яг л тийм байна. Хөдөө орон нутагт албан ёсны сургуулиуд байдаггүй, зөвхөн цомхон хэмжээнд үйл ажиллагааг явуулдаг жижиг төвүүд байдаг. Ирэх жилийн төсөвт  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан байгуулах 1-2 цэцэрлэгийн төсөв сууж байгаа. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тухай нэмэлт заалтыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  хууль болон Нийгмийн халамжийн тухай хуулинд нэмж оруулах хэрэгтэй гэж бодож байна. Үүний тулд миний зүгээс анхаарал тавин ажиллаж байгаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ар гэрийхний хувьд амьдралын бололцоо нь янз бүр байдаг байх. Тэдэнд зориулсан халамжийг хуулиар зохиоцуулсан байдаг уу?

-Хүүхдүүдийг асран халамжилж байгаа ар гэрийнхэнд нь сард 31200 төгрөг олгодог. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа хүн хажуугаар хөдөлмөр эрхлэх ямар ч боломж байдаггүй. Тиймээс энэ мөнгийг ядаж цалингийн доод хэмжээнд хүргэх хүсэлт тавьж байгаа. Өмнө нь олон жил төсөв хүрэхгүй байна, боломж бололцоо алга гэдэг  шалтгаан хэлж байсан бол одоо энэ асуудлыг шийдэх арга байгаа гэж бодож байна. 

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах боловсон хүчний асуудал хүндрэлтэй байдаг талаар сая багш нар ярьж байна?

-Хэлний хөгжил хөдөлгөөний хөгжүүлэлт гээд олон төрлийн сургалт энэ хүүхдүүдэд шаардагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй харьцана гэдэг хүнээс маш их тэвчээр, ухаан шаардсан ажил. Тэр тусмаа манайх шиг нарийн мэргэшсэн боловсон хүчин ховор ийм тохиолдолд. Социализмын үед бол Орост, Унгарт сургагч багш нарыг бэлтгэдэг байсан. Одоо бол тийм хэмжээний бодлого үнэхээр алга байна. Тэгэхээр боловсон хүчний асуудал маш чухал гэдэгтэй санал нэг байна.

У.Болор
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж