Их Британи Иран руу довтлох бэлтгэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

Их Британи Иран руу довтлох бэлтгэл хийж байна

АНУ Ираны цөмийн объектуудад цохилт өгвөл Их Британичууд дэмжихэд бэлэн байгаа гэнэ.

Засгийн газрын өндөр тушаалын эх сурвалжаас аван The Guardian сонин энэ талаар мэдээлсэн байна. АНУ Иранд цохилт өгч магадгүй гэсэн мэдээлэл одоогоос дөрвөн жилийн өмнөөс л сонсогдож эхэлсэн билээ. 2007 онд Америкийн зэвсэгт хүчний төв удирдлага “Тегеран НҮБ-ын шаардлагаас татгалзаж, уран баяжуулалтаа үргэлжлүүлсэн тохиолдолд авах цэргийн арга хэмжээний төлөвлөгөөг аль хэдийнэ бэлтгэчихсэн” гэж мэдэгдэж байсан.

BBC агентлаг дараа нь "АНУ-ын төлөвлөгөө Натанз, Исфахан дахь уран баяжуулах үйлдвэр, Арак, Бушер дэх байгууламж зэрэг Ираны алдартай, хүчтэй цөмийн байгууламжуудыг бөмбөгдөхөөс илүү их цар хүрээтэй" гаж мэдээлж байсан удаатай.

Одоо ч гэсэн "Америкийн генералууд Ираны агаарын цэргийн, тэнгисийн цэргийн баазууд, пуужингаас эсэргүүцсэн хамгаалах систем, пуужингийн үйлдвэр, командлалын байрыг бөмбөгдөхөөр төлөвлөж байна. Ингэхдээ контактгүй операц буюу Ираны байгууламжуудыг зайнаас бөмбөгдөх боломжийг судалж байгаа" гэх мэтийн мэдээллүүд цацагдсаар байгаа ч Цагаан ордон албан ёсоор баталсан нь үгүй.

Харин The Guardian сонины эх сурвалж АНУ-ын энэ төлөвлөгөөг үгүйсгээгүй байна. Дээрээс нь Иран улс цөмийн шинэ баазуудаа пуужинийн довтолгооноос хамгаалах ажлыг эрчимтэй хийж байгаа нь АНУ-ын цохилт өгөх шийдвэрийг хурдасгаж болох юм.

Харин Иран цөмийн хөтөлбөрөө энхийн зорилготой гэж мэдэгдсээр байгаа билээ. Тус улсын Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад "АНУ ч, өөр ямар ч орон манай улсыг довтолж хохирол учруулж чадахгүй. Ираны мэргэжилтнүүд бус нутаг дахь тэдний хөдөлгөөнийг маш анхааралтай ажиглаж, дүгнэлт хийж байгаа" хэмээн мэдэгдсэн юм.

Мөн саяхан тэрбээр, манай улс Америкуудын цэргийн хүчнээс айхгүй, ямар ч түрэмгийллийг няцааж, хариуг нь хатуу барихад бэлэн хэмээн мэдэгдсэн билээ. Ираны зэвсэгт хүчин 2007 онд 16 мужид нэгэн зэрэг маш том хээрийн сургууль явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл ийм сургуулилт хийх давтамж нь нэмэгдсээр байгаа юм. Пуужингаас хамгаалах ажилд ч ихээхэн анхаарал хандуул, хөрөнгө хаяж байна. Пуужинг замд нь устгах зориулалттай лазерийн пуужинг амжилттай туршсан явдал үүнийг гэрчилнэ.

Тиймээс Ойрхи Дорнод дахь ээлжит цэрэг дайны ажиллагаа холгүйхэн бололтой. Дээрх өгүүлсэн эх сурвалж "Цаг ийм байдлаар өнгөрсөөр байвал Их Британи бие даасан цэргийн ажиллагаа явуулж ч магадгүй" гэж өгүүлсэн нь анхаарал татаж байгаа юм. Б.Обама сонгуульт хугацаагаа дуусахаас өмнө Иран руу цэрэг оруулахгүй нь гэж үзсэн учраас цэргийн хээрийн сургуулилтыг ч ихээр хийж байна.

Яг одоогийн байдлаар тэд шумбагч онгоцуудаа АНУ-ын цэргийн бааз байрладаг Энэтхэгийн далай дахь Диего Гарсия арал руу илгээхэд бэлэн байна. Харин хуурай замын цэрэг оруулахдаа зөвхөн өндөр чадвартай тусгайгийнхныг илгээх бололтой. Б.Обама сүүлийн үед өөрсдөө довтолно гэхээ больж, Израилийг Иран руу дайрах хэрэгтэй гэх зэргээр ухуулах болсон юм.

Харин Иран эдгээр улсуудын аль нь довтолсон ч дараа нь харамсах болно гэж мэдэгдсэн билээ.

Х.Батсайхан

“Монголын мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж