БТСГ-ын дарга Багахангайд ажиллав

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

БТСГ-ын дарга Багахангайд ажиллав

Нийслэлийн хамгийн алслагдсан дүүрэг Багахангай нь 20 гаруйхан жилийн намтартай. Харин тэдний Биеийн тамир, спортын газар хоёрхон жилийн өмнөөс түүхээ бичжээ. Нийслэлээс 90 гаруй км-т орших, 3645 иргэнтэй, хоёрхон хороотой Багахангай дүүрэг нь дэд бүтэц, зам харилцааны олон давуу талтай боловч шинэ тулгарын зовлонг чамгүй амсаж яваа аж.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар өнгөрөгч долоо хоногт тус дүүргийн БТСГ-ын үйл ажиллагаатай танилцахдаа энэ талаар хангалттай мэдрэв. Дүүргийн хэмжээнд нийтийн биеийн тамираас гадна хөлбөмбөг, сагсан бөмбөг, бильярд, холын зайн гүйлт, дугуйн спортыг нилээн дэмжиж ажилладаг байна. Урьд нь энэ дүүрэгт биеийн тамир спортын ямар ч байгууллага байгаагүй бөгөөд урьд нь Оросын цэргийн ангийн зуух байсан байгууламжид 100 гаруй сая төгрөгийн засвар хийснээр ийм байгууллагатай болох эх үндсийг тавьжээ. Мөн үеэс Багахангай дүүргийн БТСГ-ыг үндэсний бөхийн улсын заан, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Ч.Гочоосүрэн удирдаж эхэлсэн байна. Дүүргээс тус БТСГ-ыг есөн орон тоотой, 32 сая төгрөгийн төсөвтэй ажиллуулахаар шийдвэрлэсэн ч хөрөнгө санхүүгийн бэрхшээл байнга нүүрлэсээр ирж. Нам даралтын зуухаар урт удаан өвлийг давахдаа нилээн зутардаг гэх. Арга ядаад орон тоогоо тав болгон цөөлсөн байна. Зориулалтын бус байр танхимын засварт ихээхэн хөрөнгө шаардах. “Тогтвортой хөгжил-II” төслийн хүрээнд цонх, дээврээ додомдуулаад амжив. Дүүрэг, орон нутгийн удирдлагууд ч асуудлыг шийдвэрлэхийн тулд чадах бүхнээрээ дэмждэг нь анзаарагдсан. Дүүргийн засаг дарга И.Батнасан, засаг даргын орлогч С.Эрдэнэбаяр нар энэ бүх зовлонгоо танилцуулав. Хэдийгээр дүүргийн үйл ажиллагаа БТСГ-ын шууд мэдлийнх биш боловч цааш уламжилж, төсөв хөрөнгийг нэмэгдүүлэхэд туслахаа БТСГ-ын дарга илэрхийлэв. Мөн үйл ажиллагаагаа хэрхэн төлөвшүүлэх, төвлөрсөн халаалтад шилжүүлэх талаар зөвлөгөө өглөө.

Ц.Баатар

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж