С.Зориг ба хариулт нэхсэн 13 жил

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

С.Зориг ба хариулт нэхсэн 13 жил

Одоогоос 13 жилийн өмнө буюу 1998 оны 10 сарын 1-2-нд шилжих шөнө УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг гарч, улс даяараа эмгэнэн гашуудаж байсан билээ. Түүнийг хэн ямар зорилгоор хөнөөсөн нь одоо болтол илрээгүй байна. Энэ хэргээс үүдэн Батаа, Оюунаа нэртэй хүмүүс нэг хэсэгтээ л айдастай амьдарч байсан гэхэд хилсдэхгүй. Хэргийн гол гэрч, талийгаачийн эхнэр Б.Булган хэргийн талаар өгсөн мэдүүлэгтээ хачирхалтай зүйл олныг дурьдсан байдаг. Дээрэмчид яагаад заавал цуу мэтийн зүйлийг хүнсний дэлгүүрээс биш улстөрчийнхөөс, төрийн сайдынхаас хайж, гэрт нь дайрч оров. Яагаад цорын ганц гэрч болсон талийгаачийн эхнэр Б.Булганыг амьд үлдээв гэх зэрэг олон асуулт 13 жилийн турш хариулт нэхлээ. Асуулт бүхэн энэ аймшигт гэмт хэргийг “Тайлагдашгүй нууц” гэдгийг хэлээд өгөх мэт энгийн хэрнээ ээдрээтэй. Харин энэ хэргийг улстөржүүлж, эрх мэдэл, албан тушаалд хүрэх шат болгон ашигласан хүн цөөнгүй. Тэдний нэг нь тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хурандаа Д.Мөрөн. Тэрбээр “С,Зоригийн амь на­сыг хөнөөсөн хэрэг энэ Засгийн газрын үед илрэхгүй” хэмээсэн. Төдөлгүй УИХ-ын 2000 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшихдээ “Би л энэ хэргийг илрүүлнэ” хэмээн амласнаараа сонгогчдын итгэлийг хүлээж УИХ-ын гишүүн болсон билээ. Энэ нь сонгуулийн үр дүнд МАХН 72 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулахад зохих хувь нэмрээ оруулсан гэж хэлж болно.

С.Зоригийг хөнөөсөн алуурчид “Дараагийнх нь Э.Бат-Үүл” хэмээсэн гэх хэзээ ч батлагдахгүй мэдээлэл гэрчийн амнаас унасан нь сонирхол татсан. Үүн дээр нэрмээс болж, малгайгаа мартсан Э.Бат-Үүл энэ хэрэгт нэр холбогдсон улстөрчдийн жагсаалтыг тэргүүлдэг. УИХ-ын эрхэм гишүүн Э.Бат-Үүл “Ганц худаг”-т хоригдсон тэр өдрүүдийг амьдралынхаа хамгийн хар өдрүүд байс­ныг дурсдаг бөгөөд жур­мын нөхрөө алдсанаас хойш­хи аравдугаар сарын 2 бол­гоныг ар гэрийнхэнтэй нь хамт дурсгалын хөшөөг нь хүн­дэтгэн өнгөрүүлдэг болсон.
Түрүүч нь I нүүрт

Түүнийг “Ганц худаг”-т хорьс­ны дараахан буюу 1999 оны арванхоёрдугаар сарын 25-нд УИХ-ын гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга, Хууль зүйн сайд агсан С.Батчулуун нар авлигын хэргээр ял сонссон. УИХ-ын гурван гишүүнд холбогдох хэрэг Казиногийн тухай хуулиас “гаралтай” ч цаагуураа С.Зоригийн хэрэгтэй холбоотой байсан хэмээн тухайн үеийн хэвлэлүүд мэдээлж байв. Харин жирийн иргэдийн хувьд Батаа, Оюун нэртэй олон хүн энэ хэрэгт сэжигтнээр татагдаж, зарим нь цөөн хоногоор хоригдсон. Тэдний нэг нь болох Ж.Отгонбямба Батаа нэртэй биш боловч тодорхойгүй шалтгаанаар хоригдсон тухайгаа ярьж “Хүндэлж явдаг хүнийхээ амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн хэлмэгдэж хоригдсон тэр хар өдрүүдэд хад мөргөх мэт санагддаг байсан” хэмээн ярьсан удаатай. Тэрбээр хилсээр хоригдсоныхоо төлөө сэтгэл санааны төлбөр болгон багахан хэмжээний мөнгө нэхэмжилснийг нь эцэслэн шийдэж өгөхгүй байгаа талаар хоёр жилийн өмнө ярьж байсан. Бусад “Оюун, Батаа” нар хохирлоо хэрхэн барагдуулсан, цагаатгагдсан нь тодорхойгүй хэвээр байна.

Тухайн үед хурандаа Д.Мөрөнгийн зүгээс С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхийн тулд хийсэн хамгийн эхний ажил нь  АНУ-д оршин сууж байсан “Ард” Батсүх гэгчийг баривчилж авчирсан явдал юм. “Ард” Батсүх Монголд ирээд манай тагнуулын албаны хүнд хэцүү шүүлт, харгислал дор нэлээд л зовж хэлмэгдсэн.  Үүнийг “Ардчиллыг нухчин дарж байсны илрэл” гэж ойлгогдохоор зохион байгуулж байсныг ч хуулийнхан шүүмжилдэг юм билээ.

Хэл­мэгдүүлэлт үүгээр зогс­сонгүй. Үүний дараа Б.Хурц тэргүүтэй тусгай албаныхан 2003 онд Д.Энхбатыг Францаас  барив­чилж авчирсан. Дамирангийн Энхбат агсан дараагийн сэжигтэн байжээ. Харамсалтай нь тэрбээр энэ  хэргийн үеэр хоригдон шалгагдаж байхдаа хоёр ч удаа бие нь айхавтар муудсан гэдэг. Энэ талаар түүнийг хорихын эмнэлэгт шилжиж ирээд байхад нь эмчилж байсан Т.Даваа “Дамирангийн Энхбат манай эмнэлэгт эхлээд 2004 онд ирж эмчлүүлсэн. Эмчлүүлэхээр ирэх үед гадны нөлөөллөөр үүссэн, задарсан ил гэмтэл, шарх, сорвигүй байсан. Эмнэлэгт хүргэгдэн ирэх болсон шалтгаан нь шулуун гэдэснээс цус гараад байсан учраас хэвтэж эмчлүүлэх шаардлагатай болсон юм билээ. Гэхдээ бид “Элэгний хатууралтай байсан учраас шарх нь эдгэхгүй байх” гээд хагалгаа хийгээгүй. Үүнээс хойш  нэг жилийн дараа дахин ирж хэвтсэн. Тэр үед бүр муудсан байсан. Бараг 40-өөд хоног хэвтсэн байх. Сүүлдээ эмч нарын зөвлөлийн хурлаар орж  хэлэлцүүлэн “Эрүүл мэндийн хувьд  ял эдлэх боломжгүй” гэж үзээд эмнэлгээс гаргасан юм. Эмнэлгээс гэртээ гараад гурав хоноод нас барсан гэдэг. Бид эмнэлгээс гаргасан өвчтөнөө эргэж тойрдог. Тэгээд л нас барсныг нь мэдсэн” хэмээн ярьсан. Тэр бас л хэлмэгдсэн эсэхийг хуулийнхан тогтоох биз.     Харин цаашид С.Зоригийг хөнөөсөн хэрэг хэрхэн улстөржиж, хэдэн хүн хэлмэгдэхийг цаг хугацаа л харуулах биз ээ. Ямартай ч хэрэгт сэжиглэгдсэн, холбогдсон, хэргийг шалгасан хүмүүсийн зарим нь тэнгэрт хальсаар байгаа нь харамсалтай.

Дашрамд дурьдахад хошууч генерал Л.Гарамжил энэ тухай нэгэнтээ дурьдахдаа “Тэр үед би өөр байгууллагад ажиллаж байсан. 1998 оны аравдугаар сарын 2-ны өглөө эрт  би Хэнтий аймаг руу гарсан. Тэндээсээ Дорнод, Сүхбаатар явах ажилтай байлаа. Замд “Машины радиогоор өглөөний зургаан цагийн орчимд нэг эвгүй юм ярьчихлаа” гэж манай жолооч хэлсэн.  Тэгээд би бодлоо. Хотын цагдаагийн газрын даргаар Наваансүрэнгийн Ганболд ажиллаж байлаа. ЦЕГ-ын даргаар Д.Мөрөн байгаа. Энэ хоёр байхад хэрэг удахгүй илэрнэ  дээ л гэж бодож байлаа. Яах аргагүй мэргэжилдээ шалгарсан кадрууд шүү дээ. Би одоо хүртэл нэг л юмыг гайхдаг. Талийгаач Ц.Жамъянсэнгээ хурандаа, Д.Базаргүр хурандаа хоёрыг яагаад тэр ажлын хэсгээс гаргасныг л гайхдаг” хэмээсэн юм. Түүний үг бас л сонирхолтой байгаа биз. Нээрэн яагаад тэднийг ажлын хэсгээс гаргах болов. Ажлын хэсгээс зарим гишүүнийг гаргах шийдвэрийг ганц, хоёрхон хүн гаргадаггүй аж. Тэгэхээр туршлагатай кадруудыг зайлуулж байгаад хэргийг илрүүлэхгүй байх бүлэг тэр үед ажилласан юм биш биз гэх хардлага өөрийн эрхгүй төрж байна. Тэр ч байтугай Л.Гарамжил генерал нэг салбарынхан л болсон хойно өөрийн шавь Д.Мөрөн хурандаагаас С.Зоригийг хөнөөсөн хэрэг яагаад илрэхгүй байгаа талаар асуухад “Нэг л болж өгөхгүй байна” гэдэг байсан ажээ. Юу саад болсон байж таарах вэ. Анхнаасаа улстөрчийн үхэлтэй холбоотой хэрэг учраас улс төртэй холбохгүй байх аргагүй. Өөр нэг сэжим гэвэл генерал Л.Гарамжил “Уг нь Б.Булганыг  арай өөр аргаар шалгах байсан болов уу гэж хүн болгон хэлдэг. Мэргэжлийн хүмүүсийн хувьд зөндөө арга байсан гэж үздэг. Булган хохирогч, талийгаачийн гэргий гэдэг үүднээс шалгуулсан. Манайхан түүнд хүндэтгэлтэйгээр хандаж шалгасан нь буруудсан байж мэднэ. Гэхдээ энэ хэрэг илэрнэ. Энэ хэргийг С.Төмөр-Очирыг хөнөөсөн хэрэгтэй холбох хэрэггүй. Тэр хэргийг чинь илрүүлсэн шүү дээ. Дутуу л байхгүй юу. Хэн нэгэн хүний  сэдлээр. Энэ хэргийг Ц.Жамъянсэнгээ агсан илрүүлээд нотолсон. Тэр ч байтугай 25 мянган төгрөгийн хэрэг гэгчийг 25 жилийн дараа илрүүлсэн мөрдөгч шүү дээ. Уг хэргийг гарч байхад өөрөө төрсөн байсан юмуу, бүү мэд. Гэхдээ л илрүүлж чадсан” гэж ярьсан. Тэгэхээр энэ хэргийг илрүүлнэ гэдэгт итгэж болмоор ч юм шиг.

Э.Баясгалан

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж