
Мөн Сангийн сайд С.Баярцогт гадаадын түншүүдэд хандаж хэлсэн үгэндээ энэ удаагийн уулзалт хоёр зүйлээр онцлог болж байгааг дуулгав. Нэгд Монгол Улс 20 дахь удаагаа зохион байгуулж байгаа гадаад түншүүдийн техникийн уулзалт дээр шилжилт дуусч, хөгжлийн шинэ шатанд гарснаа зарласан явдал боллоо. Тодруулж хэлбэл, Монгол Улс өнгөрсөн 20 жилийн турш гадаадын түншүүдээсээ зөвхөн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлэхийг санал болгодог байсан бол одоо тэдгээртэй ижил төвшинд харилцахыг хүсч, өндөр эдийн засгийн өсөлтийг хэрхэн үр дүнтэй ашиглах боломж байдаг талаар зөвлөмж өгч, туршлагаасаа хуваалцахыг хүсч байна. Учир нь эдийн засгийн энэхүү өндөр өсөлтийг дагаад баялаг бий болох ч гэлээ Монгол Улсын хувьд урьд өмнө нүүр тулж байгаагүй маш хүнд сорилтуудтай тулгарах болж буй тул түүнээс гарах арга замыг тодорхойлоход энэ удаагийн техникийн уулзалтын ач холбогдол оршиж байна. Гадаад түншүүдийн техникийн уулзалтад Засгийн газрын гишүүдээс гадна гадаадаас Монгол Улсад суух Элчин сайдууд, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид болон Монгол Улсын хөгжлийн бүх түншүүдийн төлөөлөл нийт 100 орчим төлөөлөгч оролцож байна.
Г.Дарь