Хирошимаг бөмбөгдсөн өдөр удахгүй тохионо

Хуучирсан мэдээ: 2011.07.20-нд нийтлэгдсэн

Хирошимаг бөмбөгдсөн өдөр удахгүй тохионо

Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл, 1945 оны наймдугаар сарын 6-ны хар өдөр АНУ Японы Хирошима мужид цөмийн бөмбөг хаяж, тоймгүй олон энгийн иргэд амь насаараа хохирч, зүйрлэшгүй их хохирол амсч байсан түүхтэй.

Тэр цагаас хойш өнөө хэр нь цөмийн хор урхаг бүрэн арилаагүй байгаа. Энэ онд Хирошимаг бөмбөгдсөний 66 жилийн тохиож байгаа ба Хирошимагийн засаг захиргаанаас 152 оронд уламжлал болгон зохиодог энхийн төлөөх ёслолын арга хэмжээнд оролцох хүсэлтийг илгээсэн ч, энэ жил 68 орны төлөөлөгчид оролцоно гэсэн хариуг илгээгээд байгаа ажээ. Өнгөрсөн 2010 онд болсон ойн арга хэмжээнд нийт 74 улс орны төлөөлөгчид оролцож байсан ч, энэ жил энэ тоо харьцангуй цөөрчээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Кимүн, Японд суугаа АНУ-ын Элчин сайд Жон Рүүс нар өнгөрсөн жилийн арга хэмжээнд оролцсон ч, энэ жил оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Болгарь, Гүрж болон Европын холбооны гурван улсын төлөөлөгчид энэ жил анх удаа Хирошимагийн ойн арга хэмжээнд оролцох бөгөөд цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч орнуудаас Францын Ерөнхий консул, ОХУ-аас Японд суугаа элчин сайд нар оролцох юм.

Харин Токиогоос Ерөнхий сайд Наото Кан, Гадаад хэргийн сайд Такияки Мацумото болон Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд Рицуо Хосокава нар энэхүү арга хэмжээнд оролцох юм.  Үүний зэрэгцээ мөн л дэлхийн хоёрдугаар дайны үеэр атомын бөмбөгдөлтөнд өртсөн Нагасаки мужид ирэх наймдугаар сарын 9-нд бөмбөгдөлтөнд өртсөн иргэдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ зохиогдох юм байна.

Б.Энх
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж