Дизель түгээгүүр дутуу шахаж байсныг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.17-нд нийтлэгдсэн

Дизель түгээгүүр дутуу шахаж байсныг илрүүлжээ

Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас газрын тосны бүтээгдэхүүн, шингэрүүлсэн шатдаг хий хадгалах, тээвэрлэх, худалдах үйл ажиллагаа явуулж байгаа барилга байгууламжуудад хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтад Улаанбаатар хот болон 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй 61 газрын тосны бүтээгдэхүүн, шингэрүүлсэн шатдаг хий хадгалах байгууламж, 636 түгээх зориулалттай нийт 697 барилга, байгууламжийг хамруулж дараах зөрчил дутагдлыг илрүүлсэн байна. Үүнд, улсын комиссоор ашиглалтад хүлээж аваагүй 72 барилга байгууламжийг ашиглаж, шатахуун хадгалж байгаа зөрчил байгаа бол шатахуун хадгалах савыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй ашиглаж байсныг тогтоожээ. Мөн зарим шатахуун түгээх станцын дизель түлш түгээгүүр нь хэрэглэгчдэд заасан хэмжээнээс дутуу бүтээгдэхүүн шахаж байсныг илрүүлсэн байна.

Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар давхардаагүй тоогоор улсын байцаагчийн 311 албан шаардлага, үйл ажиллагаа зогсоох тухай 29 акт гаргаж, нийт 15.3 сая төгрөгийн торгууль ногдуулж барагдуулжээ.

Барилгын тухай хуулийн 15.5 дахь заалтыг үндэслэн 13 барилга байгууламжийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлах арга хэмжээ авч 26 ШТС-ын үйл ажиллагааг зогсоохоор мэдэгдэл өгч, лацадсан байна.

Нийслэл Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэж, хот өргөжин тэлж байгаагаас тухайн үеийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 1960-аад оноос хойш хотын гадна барьж байгуулсан шатахууны агуулахууд хотын суурьшлын бүсэд орсон, мөн хот төлөвлөлтийн норм, дүрмийг зөрчин хот дотор шинээр газар олгож бариулснаас газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, түгээх зориулалттай агуулахууд хотын суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчөөд зогсохгүй, томоохон хэмжээний аваари, осол гарах нөхцөлийг бүрдүүлж байгаа нь “Монгол Улсын Үндсэн хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.2 /Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй/ заалтын Монгол улсын иргэний үндсэн эрх зөрчигдөхөд хүрч байгааг тогтоожээ.

Б.УНДРАХ
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж