Хосни Мубарак гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Хосни Мубарак гэж хэн бэ?

Хосни Мубарак 1928 оны тавдугаар сарын 4-нд Нил мөрний цутгалангийн жижиг тосгонд төржээ. Тэрээр Цэргийн академийг 1949 онд дэслэгч цолтойгоор дүүргэсэн байна.

Дараа нь Нисэх хүчний Академид суралцан нисэхийн шинжлэх ухааны бакалаврын зэрэг авчээ. Суэцийн 1956 оны дайнд нисэх хүчний бүрэлдэхүүнд орон тулалджээ. Хосни Мубарак Зөвлөлтийн цэргийн академид суралцсан ба Йемений иргэний дайнд Египетийн цэргийн бүрэлдэхүүнд байлдсан юм. Тэрээр 1972 онд Египетийн нисэх хүчний командлагч ба Батлан хамгаалахын орлогч сайдаар томилогдов. Тэрээр мөн Израилийн эсрэг дайнд нэг биш удаа оролцжээ. Ерөнхийлөгч Анвар Садат 1975 оны дөрөвдүгээр сард Хосни Мубаракийг дэд ерөнхийлөгч болгосон байлаа. Хэдэн жилийн дараа тэрээр дахин байгуулагдсан Үндэсний ардчилсан намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга болсон байв.

Ерөнхийлөгч Анвар Садат  1981 оны аравдугаар сарын 6-ны цэргийн парадын үеэр исламистуудын халдлагад амь үрэгдсэн юм. Түүний дэргэд байсан Мубарак гартаа шарх авсан байв. Аравдугаар сарын 14-нд Хосни Мубарак ерөнхийлөгч болжээ. Тэгээд л шууд онц байдлыг улс орондоо тогтоосон байна.
Дээд тушаал эзлээд тэрээр авлигатай тэмцэх хэд хэдэн арга хэмжээ авч Садатын хамаатан садан, ойрын хүрээнийхнийг шүүхэд шилжүүлсэн юм. Мубарак 1987, 1993 ба 1999 онд бүх нийтийн санал асуулгаар олонхийн саналаар ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Ардын их хурлаас нэр дэвшигдсэн цорын ганц хүн нь тэр байжээ. Бүх нийтийн санал асуулга нь исламын асуудал ба хэт даврагч байгууллагын эсрэг чиглэгдсэн гэх онц байдлыг хамгаалах шалтгаантай байсан.

Мубарак Садатын сөрөг хүчинтэй явуулж байсан бодлогыг эргэн харж шоронгоос тэдний олон хүнийг суллан сөрөг намын үйл ажиллагааг дэмжсэн юм. Гэхдээ исламын хэт даврагч  байгууллагынхныг бут ниргэн тэдний олон идэвхтэнийг цаазалсан юм. Үүний хариуд нь исламын суурь үзэлтнүүд Мубаракийг цаазална гэсэн байв. Түүний амь насанд зургаагаас доошгүй удаа халдахаар оролджээ. Тэрээр исламын террор гаргахыг хатуугаар даран цээрлүүлж байсан аж.

Иракийн эзэлсэн Кувейтыг чөлөөлөх АНУ-ын цэргийн ажиллагааг тэрээр 1991 онд дэмжиж, бусад Арабын ор­нуу­дыг дайнд оролцохыг уриалж бай­лаа. “Цөлийн шуурга” ажиллагаанд тэ­рээр Египетийн нэлээдгүй хүчинг илгээн оролцуулсан юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа 2005 онд намууд нь өөрсдийн нэр дэвшигчдийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхийг ав­сан билээ. Үүний дараа хийгдсэн 2005 оны есдүгээр сарын 7-ны сонгуульд тэ­рээр амар­хан ялалт байгуулсан юм. Гэх­дээ сонгуулийн зөрчил ихээхэн гарчээ.

Олон нийтийн үймээний улмаас тэрээр 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр ерөнхийлөгчийн эрх мэдлээ  дэд ерөнхийлөгч Омар Сулейманд дамжуулсан ба 11-ний өдрийн орой  Шарм-Эль-Шейх дахь өргөөндөө ирээд ерөнхийлөгчийн бүрэн эрхээ цэргийнхэнд шилжүүлжээ.

Ш.САМБУУ
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж