Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очирыг “Ширээний ном” буландаа урилаа. Тэрээр багадаа Оросын уран зохиолын номыг шимтэн уншдаг байжээ. Харин одоо ариусгал гэгээрлийн номыг түлхүү уншдаг гэв. Үүнээс догшин хутагт Данзанравжаагийн бүтээлүүд түүний ширээний ном юм. Тэрээр бусад хувилгааны номыг ч шимтэн уншдаг гэв.
Тэрээр “Би “Уяхан замбуу тивийн наран”-г сонсох бүртээ өөр, өөр мэдрэмжийг авдаг. Өөрийн эрхгүй нэг зүйл цээж рүү огшоод ирдэг юм. Яагаад “Уяхан замбуу тивийн наран” гэж нэрлэсэн юм бол. Хорвоо дэлхий, гариг ертөнц үүсэхээс өмнө бий болсон юм болов уу гэсэн олон бодол, таамаглал хөвөрнө. Үүнтэй адил хутагтын шүлгүүдийг унших бүрт сэтгэл цэлмээд, өөр өөр сайхан мэдрэмж төрдөг. Зарим зохиолыг уншсаны дараа оюун санаанд юу ч үлддэггүй. Тухайн бүтээлийн үнэ цэнэ, чанар нь он жил улиран өнгөрөх тусам мэдрэгддэг гэдэг нь тэр” гэв. Равжаагийн шүлгүүд амьдралын гүн ухааны сэдэвтэй байдаг учир долоо хоногт нэг удаа эргүүлж харахад олон зүйлийн хариултыг олж болдог тухай А.Эрдэнэ-Очир найрагч онцолсон юм. “Хутагтын шүлгүүдэд хүнийг татах, уусгах увидас бий. Тиймээс аливаад шунах, тачаадах, бухимдах үедээ шүлгүүдийг нь унших юм уу, “Үлэмжийн чанар”-ыг сонсоход сэтгэл гэгээрч, уужраад сайхан болдог. Амьдралын олон асуултын хариуг би шүлгүүдээс авдаг” хэмээн тэрээр ярилаа.
Ч.ГАНТУЛГА
Эх сурвалж: ‘Зууны мэдээ’ сонин