Засгийн газар УИХ-ын энэхүү тогтоолд заасан зарим чухал арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй байгаа төдийгүй түүний үндсэн зарчмыг алдагдуулан, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна.
“Улс орны эдийн засгийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудаас худалдаа үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” хуулиар тогтоосон зорилгодоо нийцүүлэн Монгол улсын эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой уул уурхайн энэ том төслийг хэрэгжүүлэх тухай шийдвэр, авч буй арга хэмжээний талаар МҮХАҮ-ийн Танхим байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Үүнд:
1. Тогтоолд заасны дагуу Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүхэлд нь эзэмших “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг байгуулсан гэх боловч Компанийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан компани үүсгэн байгуулах хурлаар хэлэлцэж, шийдвэрлэх асуудлууд шийдвэрлэгдээгүй, түүний дотор компанийн дүрэмд тусгагдах ёстой хувьцааны нэрлэсэн үнийн тухай асуудал тодорхойгүй байна. Үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь хувьцааг эхний ээлжинд худалдсанаар 2 чухал асуудлыг шийдвэрлэх болно. Үүнд:
a. компани олон улсын санхүүгийн зах зээлээс санхүүжилт татах бэлтгэлд шаардагдах хөрөнгийн эх үүсвэртэй болно,
b. коксжих нүүрсний баялаг ордыг эзэмшигч компани олон улсын хөрөнгийн зах зээлд гарах үед хувьцааных нь үнэ хэдэн зуу дахин өсөж байгаа нь Энержи ресурс, Саут гоби сэндс зэрэг компанийн туршлагаар нэгэнт нотлогдсон учраас нэрлэсэн үнээр хувьцаа эзэмшсэн үндэсний компаниуд анх оруулсан хөрөнгө оруулалтаа хэдэн арваас хэдэн зуу дахин өсгөх боломжтой болох юм. Чухам ийм учраас л хувьцааны анхны нэрлэсэн үнийг зөв тогтоох нь үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувьд амин чухал ач холбогдолтой юм. Гэтэл Төрийн өмчийн хорооны дарга хувьцааны үнийг тогтоохдоо Энержи ресурсийн Гонконгийн биржид хувьцаагаа арилжсан үнийг харгалзан тогтооно гэсэн утгатай мэдээлэл хийж байгаа нь УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу үндэсний аж ахуйн нэгжүүдэд олгож буй хамгийн гол давуу талыг үндсэнд нь үгүй хийх оролдлого гэж бид үзэж байна.
2. “Эрдэнэс-Тавантолгой” компани нь олон улсын хөрөнгийн зах зээлд гарах Монголын төрийн өмчит анхны компани болох төдийгүй манай эдийн засгийн өсөлт хөгжилтэд тэргүүлэх үүрэгтэй болох учраас үйл ажиллагааных нь үндсэн хууль болсон дүрмийг боловсруулахдаа компанийн сайн засаглалын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд болон хариуцлагатай уул уурхайн зарчмуудад суурилан, эдгээр зарчмыг үйл ажиллагаанд нь хэвшүүлэх механизмыг тусгаж чадвал гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээж, хөрөнгө татах чадвар нь нэмэгдэнэ. Үүний тулд дүрмийнх нь төслийг монголын хувийн хэвшлийнхэн, түүний төлөөлөл болсон манай Танхим, Ажил олгогч эздийн холбоо, ажиллагсдын төлөөлөл болсон МҮЭ-ийн зөвлөл, компанийн сайн засаглал болон хариуцлагатай уул уурхайн зарчмыг хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын оролцоотойгоор хэлэлцүүлж боловсруулах ёстой. Гэтэл ийм хэлэлцүүлэг зохион байгуулаагүй учраас чухам ямар дүрмээр үйл ажиллагаа явуулах нь өнөөг хүртэл тодорхойгүй байна. Түүнээс гадна МҮХАҮТ-тай зөвшилцөн компанийн удирдлагыг хэрэгжүүлэх гол үүргийг хүлээдэг төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд үндэсний компаниудын төлөөллийг оруулах ёстой гэж бид үзэж байна.
3. Компанийн тухай хуулийн 6.8-д ”…толгой компани нь хараат болон охин компанийн үйл ажиллагаанд зөвхөн эзэмшиж байгаа хувьцааны саналын эрхээр оролцоно” гэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцохыг хориглоно” гэж заасан. Гэтэл “Эрдэнэс МГЛ” компани нь хуулийн дээрх заалтуудыг зөрчин Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмших “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг байгуулаагүй байхдаа түүний гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах, ашиглах талбайд нь олборлолт явуулах операторыг сонгон шалгаруулах тендер зарлах гэх зэрэг хууль бус ажиллагааг удаа дараа явуулж байснаа бүр цаашлаад компанийн үнэ цэнийг тодорхойлох гол хүчин зүйл болох ордынх нь “өрөм” гэгдэж байгаа хэсгийг таслан авч гадаадынханд өгөх сонгон шалгаруулалт зарлалаа. Ингэхдээ “Эрдэнэс-Тавантолгой” ХК ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь бүхэлд нь эзэмших юм гэсэн хуурамч үгээр халхавчилж байна. Ашигт малтмалын тухай хуульд орд ашиглах этгээдийн үүрэг хариуцлагыг тодорхойлохдоо “тусгай зөвшөөрөл эзэмшигч” нэрээр хуульчилсан. Засгийн газрын энэхүү үйл ажиллагааны үр дүнд ашгийг нь олборлох, борлуулах эрхтэй гадаадынхан хүртэж, үүргийг нь тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэс-Тавантолгой” хэрэгжүүлэх болж байна.
УИХ-ын 39 дүгээр тогтоолд Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваалгүй “Эрдэнэс-тавантолгой” ХК-д эзэмшүүлэхээр заасан. Ашигт малтмалын тухай Монгол улсын хуулийн 4.1.7-д “ашигт малтмал ашиглах” гэж …ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хэлнэ гэж, мөн хуулийн 4.1.16-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл” энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг хэлнэ гэж, 7.3-т “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хориглоно гэж, 7.4-т “Нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг этгээдийн нэр дээр олгоно” гэж тус тус заасан байна. Хуулийн эдгээр заалтаас харахад Засгийн газраас УИХ-ын 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх нэрийн дор 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нийтэд зарласан Сонгон шалгаруулах урилгад олборлох, борлуулах эрхийг сонгон шалгаруулалтаар шалгарсан этгээдэд олгохоор заасан нь УИХ-ын 39 дүгээр тогтоолыг болон хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн үйл ажиллагаа болох нь илэрхий байна.
4. Зарлаад байгаа сонгон шалгаруулалтыг явуулж, Тавантолгойн ордын томоохон хэсгийг ашиглах эрхийг гадаадын компанид өгснөөр энэ талбайг ашиглах эрх бүхий “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үнэ цэнэ бүхэлдээ буурч, санхүүжих чадвар буюу хөрөнгө татах чадвар нь олон дахин багасах төдийгүй УИХ-ын тогтоолд заасан монголын ард түмэн эзэмших 10 хувь болон монголын үндэсний компаниудын эзэмшилд очих 10 хувь нь Тавантолгойн ордыг бүхэлд нь ашиглах компанийн хувьцаа биш Засгийн газрын хувааснаар нийт ордын гуравны нэг хүрэхгүй хэсэг талбайд олборлолт хийх компанийн хувьцааны 10 хувь болж олон дахин үнэгүйдэх болоод байна. Энэ үнэгүйдэл нь ямар их хохирол учруулж болохыг өнөөдөр Тавантолгойн ордын дөнгөж 0,2 хувьтай тэнцэх талбайд олборлолт хийж буй “жижиг Тавантолгойн” хувьцаа нэг ширхэг нь 600,0 мянган төгрөгт хүрч, 100–хан ширхэг хувьцааг эзэмшиж буй иргэн 5,5 сая төгрөгийн ногдол ашиг хүртэж буйгаар жишээлэн үзэж болно. Засгийн газар “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь 15,0 тэрбум ширхэг хувьцаа гаргана гэсэн мэдээлэл гаргаж байгаад үндэслэн тооцвол нэг иргэн 500 орчим ширхэг хувьцаа, нэг аж ахуйн нэгж ойролцоогоор 30,0 мянган ширхэг хувьцаа эзэмшихээр байгаа билээ.
5. Монголын ард иргэдэд эхний ээлжинд хувьцаа эзэмшүүлнэ гэсэн 39 дүгээр тогтоолын заалтыг хэрэгжүүлж эхэлсэнгүй. 2,7 сая хүнд хувьцаа эзэмшүүлэхийн тулд Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжид 2,7 сая данс нээх нь ихээхэн цаг хугацаа, хүн хүч шаардах ажил боловч Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулж байгаа 50 шахам брокер дилерийн компаниудаар дамжуулан хэдэн сарын хугацаанд хэрэгжүүлэх боломжтой. Хүн амын шинэчлэсэн бүртгэл болон нэгдсэн тооллогын дүн гарахыг хүлээлгүй шинэчлэсэн бүртгэлд хамрагдчихаад байгаа иргэдээ үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн дансаа нээлгэх хугацаа тогтоон энэ ажлыг аль 7 сард эхлүүлсэн байх ёстой. Иргэд дансаа нээлгээд дуусчихвал хувьцаа эзэмшүүлэх нь хэдхэн өдөрт хийх ажил юм. Ингэснээр монголын иргэд хувьцааных нь 10 хувийг, монголын үндэсний компаниуд мөн 10 хувийг нь эзэмшиж, өөрсдийн төлөөлөл болсон Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдээр дамжуулан компанийн удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих боломж нээгдэх, эрх ашгаа хамгаалан дээр дурьдсан сонгон шалгаруулалт мэтийн хууль бус ажиллагааг таслан зогсоох боломжтой болно.
Гэтэл Төрийн өмчийн хорооноос хийсэн мэдээллээс үзэхэд иргэд өөрсдөө биечлэн брокертой гэрээ байгуулан данс нээлгэх ажлыг хийлгүй Үнэт цаасны төлбөр тооцооны төвд шинэчлэсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн нэгдсэн бүртгэлийг шилжүүлэн, нэгдсэн журмаар хувьцаа эзэмшүүлэх бололтой. Ингэвэл нөгөөх л алдарт “цэнхэр тасалбар”-аар хувьцаа эзэмшсэн түүх давтагдах болно. Цэнхэр тасалбараар хувьцаа эзэмшээд 20 жил өнгөрчихөөд байхад 120,0 гаруй мянган иргэн өнөөг хүртэл төвлөрсөн хадгаламжид дансаа ч нээлгээгүй л байна.
6. Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаална” гэсэн заалтыг хэрэгжүүлэх нь Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд шийдвэрлэх алхам болно. Олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байгаа үндэсний компанийн хувьцааг эхлээд үндэсний бирж дээрээ, үндэсний хөрөнгө оруулагчиддаа зориулан гаргаад, дараа нь олон улсын биржид гаргадаг туршлага, тухайлбал, Хятадад байна. Монголын засгийн газар үнэхээр л үндэсний компаниудаа дэмжиж байгаа бол ийм туршлагыг хэрэгжүүлэх ёстой, Ашигт малтмалын хуулинд заасан энэ чухал зохицуулалтыг хэрэгжүүлээгүйгээс Оюутолгой төсөл дээр гамшиг гэж үзэж болохоор алдаа гаргасан, энэ алдааг Тавантолгой дээр давтах нь гэмт хэрэг болно гэж бид үзэж байна.
7. 39 дүгээр тогтоолд заасан дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн асуудлыг гадаадын хөрөнгө оруулагчидтай тохиролцохын тулд Тавантолгойн ордын хэсгийг ашиглуулах замаар биш, уг ордыг бүхэлд нь ашиглах тусгай зөвшөөрөлтэй том компанийн хувьцааны багцыг эзэмшүүлэх опшин гэрээ хийх замаар шийдвэрлэх ёстой. Ингэж шийдвэрлэх нь үндэсний болон гадаадын хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлын нэгдлийг хангах хамгийн оновчтой хувилбар мөн гэж бид үзэж байна. Дээрх дурьдсан шалтгааны улмаас монголын ард түмний эрх ашиг, улс орны эдийн засгийн тусгаар тогтнолд ноцтой хохирол учруулж болох энэхүү “Сонгон шалгаруулах урилга” гэгчээ зогсоож, УИХ-ын 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, Төрийн өмчийн хороо, Эрдэнэс МГЛ компаниас шаардах, тэдний энэ үйл ажиллагааг авч хэлэлцэн, зохих шийдвэр гаргахыг Та бүхнээс хүсэж байна.
“Улс орны эдийн засгийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудаас худалдаа үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах зорилго…” -д нийцүүлэн Монгол улсын эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд баримтлах суурь зарчмуудын талаар МҮХАҮ-ийн Танхим байр сууриа илэрхийлсээр ирсэн.
“Оюутолгой төсөл”-ийн гэрээний төслийн талаар МҮХАҮ-ийн Танхимаас хийсэн дүгнэлт, саналд:
- Стратегийн орд газрууддыг ашиглах эрхтэй компаниудыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр үүсгэн байгуулах
- Стратегийн орд газруудад түшиглэн байгуулсан ХК-ийн “Алтан хувьцаа”-г Монгол улсын Засгийн газар хугацаагүй эзэмшдэг байх
- Стратегийн орд газруудад түшиглэн байгуулсан ХК-ийн хувьцааг 100 хувь Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалдаг байх
- Стратегийн орд газрууд дээр түшиглэн байгуулагдсан ХК-ууд нь хөрөнгө оруулалтын зорилгоор саналын эрхтэй хувьцаа нэмж гаргавал Монгол улсын Засгийн газрын эзэмшдэг хувь хэмжээг алдагдуулахгүйгээр үнэ төлбөргүй нэмж өгч байх зэргээр шинээр үүсэх компаниудын тулгуур нөхцлийг бий болгон холбогдох үүсгэн байгуулалтын гэрээ хэлцлүүдийг хэрэгжүүлэх нь нийтийн эрх ашигт нийцнэ гэж үзэж байна гэсэн дүгнэлт саналыг Монгол улсын Засгийн газар болон Оюутолгойн төслийн гэрээг боловсруулах Ажлын хэсэгт хүргүүлж байсан билээ.
Засгийн газар Оюутолгойн орд газрыг ашиглахаар Айванхоу болон Рио Тинто-той Хөрөнгө оруулалтын гэрээ, Айванхоутай хувь нийлүүлэгчдийн “нууц” гэх гэрээ байгуулахдаа дээрх зарчмыг огт баримтлаагүй төдийгүй УИХ-ын 2009 оны “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 57 дугаар тогтоол, Монгол улсын олон хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, улс орны эдийн засгийн тусгаар тогтнолд бодитой аюул занал учруулж болохуйц гэрээ байгуулсан байна. Гэрээний талаар Ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг хавсаргав.
Улс орны хөгжилд онцгой ач холбогдолтой Оюутолгойн гэрээг байгуулахдаа гаргасан ноцтой алдааг засаагүй байхдаа 6,4 тэрбумын нөөцтэй, коксжих нүүрс багагүй хэсгийг нь эзэлдэг учраас Монгол улсын төдийгүй бүс нутгийн эдийн засагт багагүй үүрэг гүйцэтгэнэ гэж судлаачид дүгнэж байгаа Тавантолгойн ордыг ашиглах асуудлааар Засгийн газар, Төрийн өмчийн хороо, Эрдэнэс МГЛ компаниас удаа дараа гаргаж буй шийдвэр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зарчмыг тогтоохоор УИХ-аас 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөр гаргасан “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” 39 дүгээр тогтоол, Монгол улсын Компанийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөөр байна. УИХ-ын 39 дүгээр тогтоолд зааснаар Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүхэлд нь эзэмших “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг монгол улсын иргэд үнэ төлбөргүй, 10 хувийг үндэсний компаниуд нэрлэсэн үнээр эзэмших учраас энэхүү компанийг хэрхэн байгуулах, дүрэм журам нь ямар байх, удирдах байгууллага нь болох Төлөөлөн удирдах зөвлөлд ямар шалгуурыг хангасан, ямар бүрэлдэхүүнтэй байх, хэрхэн сонгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих эрхтэй Хянан шалгах зөвлөлийн бүрэлдэхүүнд хэнийг хэрхэн сонгох, уг компанийн үнэ цэнийг бүхэлд нь тодорхойлж буй ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдал, олборлолтын үйл ажиллагааг гүйцэтгэх этгээдийг сонгох асуудал зэрэг нь монгол хүн бүрийн Монголын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг анхаарлын төвд байх ёстой. МҮХАҮТ нь монголын үндэсний аж ахуйн нэгжүүдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах чиг үүрэгтэй байгууллага болохын хувьд УИХ-ын 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийн байдалд дүгнэлт өгөх үүрэгтэй гэж үзээд Танхимын тэргүүлэгчдийн 2010 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн хурлаас Ажлын хэсэг байгуулан ажиллуулж, дараах дүгнэлтийг гаргалаа.
Нэг. Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдуулан УИХ-аас гаргасан 2010 оны 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх дүгнэлт
Энэ 2010 оны 7-р сарын 9-ний өдөр УИХ “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” 39 дүгээр тогтоол батлан гаргасан билээ. Энэхүү тогтоолын 1-д “Тавантолгойн нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс таван толгой” компанийг байгуулж ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх” гэж заасан байна.
1. Энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө “Эрдэнэс таван толгой” ХК-ийг байгуулах ёстой бөгөөд Компанийн тухай хуулийн 14-р зүйлд Компанийг үүсгэн байгуулах хурлаар дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гээд 7 асуудал жагсаасны эхний 5-ыг дурьдвал:
a. Компаний байгуулах тухай шийдвэр
b. Компанийн дүрэм
c. Зарласан болон гаргах хувьцаа, тэдгээрээс үүсгэн байгуулагчдын худалдан авах үнэ
d. Төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгох, тэдгээрийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох
e. Хянан шалгах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгох, тэдгээрийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох гэж заасан байна.
“Эрдэнэс-Тавантолгой” компани нь ХК-ийн хэлбэртэй байх учраас Компанийн тухай хуулийн 75.2 болон 75.3-т заасны дагуу 9-өөс цөөнгүй гишүүнтэй Төлөөлөн удирдах зөвлөлтэй, мөн хуулийн 92.1-д заасны дагуу Хянан шалгах зөвлөлтэй байна. Гэтэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг үүсгэн байгуулах тухай Монгол улсын Засгийн газрын 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 272 дугаар тогтоолоор энэ компанийг байгуулах шийдвэрийг гаргасан боловч дүрмийг нь батлаагүй, төлөөлөн удирдах зөвлөлийг ч, хянан шалгах зөвлөлийг ч сонгоогүй байна.
Мөн түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцохыг хориглоно” гэж заажээ. Гэтэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг байгуулах бүрэн эрхийг Засгийн газарт олгосон УИХ-ын 39 дүгээр тогтоол гараад 5 сар өнгөрсний дараа дөнгөж 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан гэж Төрийн өмчийн хорооны дарга олон нийтэд мэдэгдсэн боловч Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хувьцааных нь нэрлэсэн үнийг тогтоогоогүй байна.
2. Нэрлэсэн үнийг тогтоох нь үндэсний аж ахуйн нэгжүүдийн сонирхолыг татаж буй гол асуудал. Учир нь үндэсний аж ахуйн нэгжүүд нэрлэсэн үнээр нь хувьцаа авах эрхтэй. Төрийн өмчийн хорооны дарга сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ нэрлэсэн үнийг тогтоохдоо Энержи ресурс Гонконгийн бирж дээр гарсан үнийг харгалзан тогтооно гэсэн утгатай мэдээл хийсэн байна. Нэрлэсэн үнийг ингэж тогтоох нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд УИХ-аас олгосон хамгийн гол давуу эрхийг үндсэндээ үгүйсгэсэн хэрэг болно.
3. Компанийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байхдаа түүний толгой компани нь болох “Эрдэнэс МГЛ” компани нь өмнөөс нь операторыг сонгон шалгаруулах, Гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах, тэр ч бүү хэл тусгай зөвшөөрөл бүхий талбайнх нь хамгийн “сор болсон” хэсгийг ашиглах эрхтэй хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах урилга зарлах гэх зэргээр ажлыг нь хийгээд эхэлчихсэн. Энэ бүх ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 6.8-д ”…толгой компани нь хараат болон охин компанийн үйл ажиллагаанд зөвхөн эзэмшиж байгаа хувьцааны саналын эрхээр оролцоно” гэж заасныг зөрчиж байна.
4. Олон улсын томоохон хөрөнгө оруулагчид, дэлхийд хамгийн том гэж тооцогддог уул уурхайн компаниудын анхаарлыг татаж байгаа Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлыг хуваалгүй бүхэлд нь эзэмших төрийн өмч давамгайлсан “Эрдэнэс тавантолгой” ХК нь Монголын төрийн өмчит компаниудаас анх удаа гадаадын нэр хүндтэй биржид бүртгэгдэх олон улсын хэмжээний компани төдийгүй Монголын бүх аж ахуйн нэгжүүд болон Монгол улсын иргэн бүр хувьцааг нь эзэмших анхны компани болох юм. Ийм учраас компанийн үйл ажиллагааны үндсэн хууль нь болох дүрэм журмыг боловсруулахдаа нэгдүгээрт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн засаглалын хэм хэмжээг, хоёрдугаарт хариуцлагатай уул уурхайн зарчмыг тусгасан байх ёстой. Үндэсний аж ахуйн нэгжүүд хувьцааных нь 10 хувийг эзэмших компани учраас үндэсний компаниудын төлөөлөл болох МҮХАҮТ-ийн оролцоо, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт 2010-2011 оны улсын хэлэлцээрийн 1.3-т заасны дагуу ҮЭ-ийн байгууллага болон ажил олгогч эздийн байгууллагын оролцоог хангах ёстой.
5. УИХ-ын 2009 оны 64 дүгээр тогтоолоор баталсан “Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”-д “Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгагдсан хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангах, бүх талын түншлэлийг хөхиүлэн дэмжих замаар Монгол улсын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхэд түлхэц болоход энэхүү бодлогын зорилго оршино гэж заасан боловч эдийн засагчид, гадаадын хөрөнгө оруулалтын банкируудын тооцоолж байгаагаар хамгийн багадаа л 20-30 тэрбум долларын үнэ цэнэ хүрэх энэхүү ордын хамгийн сайн судлагдсан, ашиглахад хамгийн хямд өртөгтэй хэсэгт олборлолт борлуулалт хийх буюу уг ордыг ашиглах эрхийг гадаадынханд өгөхөөр Засгийн газар Сонгон шалгаруулалт зарлаад байна.
Ашигт малтмалын тухай Монгол улсын хуулийн 4.1.7-д ”ашигт малтмал ашиглах” гэж …ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хэлнэ гэж, мөн хуулийн 4.1.16-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг хэлнэ гэж, 7.3-т “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хориглоно гэж, 7.4-т “Нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг этгээдийн нэр дээр олгоно” гэж тус тус заасан байна. Хуулийн эдгээр заалтаас харахад Сонгон шалгаруулах урилгад заасан олборлох борлуулах эрхийг зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч эдлэх ёстой гэдэг нь илэрхий байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд л олборлолт, борлуулалт хийх эрхтэй гэдгийг Ашигт малтмалын тухай хуульд тодорхой заасан байхад ашиглалтын тусгай зөвшөөрөл нь монголын төрийн өмчит компанид үлдэнэ, харин олборлох борлуулах эрхийг нь гадаадын компанийг шалгаруулан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж өгнө гэж байгаа нь хууль болон УИХ-ын 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг зөрчсөн үйлдэл боловч Засгийн газар үүнийгээ ч нуухгүй байгааг “цагаандаа гарсан” үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй байна.
6. УИХ-ын 39 дүгээр тогтоолд заасанчлан ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүхэлд нь эзэмшдэг, өөрөөр хэлбэл энэ ордод олборлолт борлуулалт хийх эрхтэй үндэсний ”Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг байгуулах нь ямар давуу талтай юм бэ гэдэг асуултын хариулт нь их энгийн. Ийм баялаг ордыг ашиглах эрхтэй компани /ашиглах эрхтэй компани гэдгийг анхааралдаа авна уу/ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ордын нөөцийг үнэлэх, ТЭЗҮ боловсруулах эрхтэй компаниудад үйлчилгээнийх нь хөлсийг төлөөд /мэргэжилтнүүд энэ үйлчилгээний хөлс нь хамгийн ихдээ л 10,0 сая доллар болно, түүнээс 2 дахин хямдаар хийгээд өгөх хүлээн зөвшөөрөгдсөн компаниуд ч байдаг гэдгийг батлан хэлж байна/, дээрх хоёр асуудлаар дүгнэлт гаргуулаад авсан байхад олон улсын санхүүгийн байгууллагаас жилийн 1-2 хувийн хүүтэй зээл авч, уурхай байгуулан олборлолтоо эхлүүлэх, дэд бүтцэд хөрөнгө оруулан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл баялаг ордыг ашиглах зөвшөөрөл юмуу, Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ байхад л хангалттай, хөрөнгө босгох, санхүүжилт татах нь асуудал биш. Ордод олборлолт хийгээд эхэлмэгц л эрчим хүчний нүүрсээ ашиглах дулааны цахилгаан станцыг барьчихсан барих хэрэгтэй гэдийг олон мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа боловч Засгийн газар үүнийг огтхон ч анхаарахгүй байна.
7. Монгол компани ашиглавал гүн боловсруулах үйлдвэрүүд барьж байгуулна. Харин гадаадынхан ашиглаж эхэлбэл аль болох ихийг ухаад, түүхийгээр нь Хятад руу зөөнө гэдэг нь нэгэнт илэрхий болоод байна. 1.2 хувийн хүүтэй зээл авч ажлаа эхлүүлээд ялангуяа дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийгээд, борлуулалтын гэрээ байгуулчихсан үедээ бэлтгэлийг нь сайтар хангасны дараа “Ашигт малтмалын тухай” хуулийн 5.6-д “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаална” гэж заасны дагуу хувьцаагаа арилжаалж эхлэх юм бол хувьцааных нь үнэ, дансны үнэнээсээ буюу өөрөөр хэлбэл хийчихээд байгаа хөрөнгө оруулалтынхаа үнийн дүнгээс хэдэн зуу дахин өсдөгийг Монголын Овоот толгойн нүүрсний ордод түшиглэн хөрөнгө босгосон Саут Гоби Сэндс /харамсалтай эзэн нь монголчууд биш өнөөх Фрийдланд, Хятадын төрийн хөрөнгө оруулалтын сан 20-иод хувийг нь эзэмшдэг/ мөн түүнчлэн Тавантолгойн ордын Ухаа худгийн хэсэгт үйл ажиллагаа явуулж байгаа Энержи ресурс компани, Монголын Засгийн газартай хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ гэх луйврын гэрээг Оюутолгой дээр байгуулж чадсаны үр дүнд /Дэлхийд ашиглаж эхлээгүй байгаа зэс, алтны хамгийн том орд гэж мэргэжилтнүүд үзэж байгаа/ Айванхоугийн хувьцааны үнэ хөрөнгийн биржид өссөж, түүнээс 10 тэрбум долларын орлого олчихоод түүнийгээ Монголын талд зээл олгож байгаа нэрээр жилийн 12 орчим хувийн хүүтэй “шахаж” байгаа Фрийдландын түүх харуулна. Чухамхүү хөрөнгийн биржид гарах үедээ олдог энэхүү асар их мөнгө хэний халаасанд орох вэ гэдэг нь тухайн ордыг ашиглах эрх нь хэнд байна вэ гэдгээс л шалтгаална.
8. Бид УИХ-ын 39 дүгээр тогтоолд заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлөө бүхэлд нь эзэмшдэг, түүнийхээ дагуу олборлолт борлуулалт хийдэг үндэсний “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аа байгуулаад дээр дурьдсан компаниудын замаар явахад 1,5-2 жилийн дотор хамгийн багадаа л 20 тэрбум доллар босгох боломжтой. Ухаа худгийн ордыг ашиглах эрхтэй компани 4 тэрбум долларын үнэ хүрсэн, түүнээс Ерөнхий сайд байсан С.Баярын толгойгоороо дэнчин тавьж ам гараад байснаар бол 25 дахин их нөөцтэй хэсэг нь төрийн мэдэлд үлдээд байгаа болохоор барагцаагаар тооцоолоход 80-100,0 тэрбум доллар хүрэх ёстой. Гэхдээ олон мэрэгжилтнүүд санал нэгдэж байгаагаар дор хаяж 20 тэрбум доллар хүрнэ гэж тооцлоо.
Харин 20,0 тэрбум доллар маань юу хийж хүрэх мөнгө вэ гэдэг асуудлыг одоо авч үзье. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ баталсан. Энэхүү хөтөлбөрийн дагуу эхний ээлжинд Тавантолгой-Оюутолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн 1000 орчим километр замыг тавихад нийтдээ 1,8 тэрбум доллар хэрэгтэй гэж төслийн мэргэжилтнүүд тооцжээ. Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглалтад оруулах бүтээн байгуулалтад хамгийн ихдээ 10 тэрбум доллар хэрэгтэй, улсын хэмжээнд дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдэхэд 5 тэрбум, утааны асуудлыг оролцуулаад байгаль орчны асуудлыг шийдэхэд 2 тэрбум, сургууль, соёл, эмнэлэг гээд нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэхэд 3 тэрбум хэрэгтэй гэсэн судалгааг Засгийн газар хийжээ. Тэгэхлээр 20,0 тэрбум гэдэг бол Монгол улс жинхэнэ утгаараа өндөр хөгжсөн орон болох, монголчууд хүн шиг амьдрах орчныг бүрдүүлэх аугаа их бүтээн байгуулалтын эхний 3-4 жилийн хэрэгцээг бүрэн хангахад хүрэлцэх мөнгө юм байна.
Монгол хүн өргөн уудам нутагтаа эзэн болсон, уламжлалт мал аж ахуй болон байгал орчинд аль болох хор багатай уул уурхайд суурилсан эдийн засагтай, олборлосон ашигт малтмалаа бүгдийг нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон экспортолдог өндөр хөгжсөн орон болох бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хөрөнгө босгох асар их боломж Тавантолгойд маань байна. Бид 2,8 сая хүн сайхан амьдрах, ирээдүй хойчдоо үлдээх их бүтээн байгуулалтад хүрэлцэхүйц хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргадаг байх л ёстой болохоос биш хятадын хэрэгцээг хангах зорилгоор олборлолт хийвэл хэдхэн жилийн дотор байгалийн баялагаа цөлмөөд, уух ус ч үгүй, малаа билчээх билчээр ч үгүй болоод л дуусна гэдгийг эрдэмтэн судлаачид хангалттай ярьж, бичиж байна. Зөвхөн УИХ-ын 39 дүгээр тогтоолыг яг таг мөрдөн хэрэгжүүлж байж л Монголын үндэсний аж ахуйн нэгжүүд болон бүх иргэдийн ашиг сонирхолыг өөрөөр хэлбэл Монгол улсын эрх ашгийг хангасан өндөр ашиг олох болно.
9. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол монголын түүхэнд гайхамшигтай гэж болох түүхэн боломжийг нээж өгсөнд түүний давуу тал оршиж байгаа боловч Засгийн газар ямар ч үнээр хамаагүй түүнийг хэрэгжүүлэхгүй байхын төлөө ажиллаж байна. Энэ зорилгодоо хүрэхээр Засгийн газар, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс МГЛ” компаниас УИХ-ын 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг зөрчин Цанхийн баруун хэсэг буюу Тавантолгойн ордын хамгийн их нөөцтэй, ашиглахад хамгийн хялбар хэсэгт хөрөнгө оруулж, хамтран ажиллах компани /консорциум/-ийг сонгон шалгаруулах урьдчилсан сонгон шалгаруултын урилгыг нийтэд зарласан байна. Эндээс шалгарсан компани уг талбайд олборлолт хийж, гаргасан нүүрсээ борлуулах эрхтэй болох юм байна. Гэвч тэдэнд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл нь зэргэлдээ талбайд олборлолт борлуулалт хийх “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д хадгалагдах юм гэнэ. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулиар олборлолт хийж байгаа өөрөөр хэлбэл ашиглаж бй этгээдийн үүрэг хариуцлагыг зохицуулсан бүх заалтууд нь “Тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэсэн нэрийн дор зохицуулагдсан байгаа. Засгийн газрын шийдвэрийн дагуу бүх ажиллагааг хэрэгжүүлбэл ашгийг нь гадныхан хүртэж, үүргийг нь “Эрдэнэс –Тавантолгой” биелүүлэх болох нь. Ийм цагаандаа гарсан үйл ажиллагаа нь монголын үндэсний компаниуд болон ард түмний эрх ашигт төдийгүй, улс орны эдийн засгийн тусгаар тогтнолд ноцтой аюул занал учруулж байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд л Тавантолгойн ордыг бүхэлд нь ашиглах эрхтэй “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг өнөөг хүртэл хуулийн дагуу байгуулахгүй байгаа гэдэг нь илэрхий болж байна.
10. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээхийн тулд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн дүрэм, журамд сайн засаглалын болон хариуцлагатай уул уурхайн зарчмыг тусгахаас гадна эдгээр зарчмыг хэрэгжүүлэн ажиллаж чадахуйц Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх захиралтай байх ёстой. Ийм учраас дараагийн шатанд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд тавих шаардлагыг нийтэд зарлаж, ТУЗ-д нэр дэвшүүлэх ажиллагааг ил тод явуулах ёстой. Гэтэл гүйцэтгэх захирлаар нь Оюутолгойн нууц гэгдэх Хувь нийлүүлэгчдийн гэрээг Айванхоу-тай байгуулж, улс орондоо ямарч ашиггүй төдийгүй олон зуун сая долларын өрөнд оруулах гэрээ байгуулсан “Эрдэнэс МГЛ” ХК-ийн захирал Б.Энэбиш гэгчийг уг компанийн захирлаар томилчихлоо.
11. Дээрх тогтоолын 2-т “Таван толгойн нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Элдэнэс-Таван толгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, Үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах талаар дараахь арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэх:
а/ Монгол улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх;
б/ хувьцааны 10 хувийг 2010 оны 6-р сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр, нэрлэсэн үнээр худалдах;
в/ хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах” гэж заасан байна. Тогтоолын энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн гэдгийг хэрхэн тодорхойлох журмаа гаргаад, үүнд нийцүүлэн Тавантолгойн хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдан авах эрхтэй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргах ёстой. Компанийн дүрмийг батлахдаа хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тодорхойлсон байх бөгөөд ямар нэрлэсэн үнэтэй, хэдэн ширхэг хувьцаа гаргахыг тогтооно. Ингэснээр нэг аж ахуйн нэгжид хэдэн ширхэг хувьцаа оногдох нь тодорхой болох учраас аж ахуйн нэгжүүдэд хувьцаа эзэмшүүлэх ажлыг богино хугацаанд зохион байгуулах боломжтой. Тавантолгойн ордын жинхэнэ эзэд нь монголчууд өөрсдөө байх ёстой гэсэн уриан дор Монголын 1 500 компани нэгдэх үйл ажиллагаа 2-хон долоо хоногийн дотор явагдаж, 1,5 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй үндэсний нэгдэл байгуулагдаж байсан бол аж ахуйн нэгжүүдэд хувьцаа эзэмшүүлэх ажлыг Засгийн газрын агентлагуудын оролцоотойгоор хийж, анхны 30-40 тэрбум төгрөгийг босгох ажил дээд тал нь нэг сарын хугацаа л шаардана.
Дээрх ажиллагааг Монгол улсад мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэсэн үед төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамгийн зохистой хэлбэр болсон төрийн өмч давамгайлсан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг эхлүүлэх боломжтой болно. Үйл ажиллагаа нь тогтворжсон, татвараа төлдөг, өөрөөр хэлбэл Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа үндэсний компаниуд хувьцааных нь 10 хувийг эзэмшдэг, үлдэх 90 хувийг Монголын төр иргэдэд хувьцаа эзэмшүүлэх ажлыг дуусгах хүртэл эзэмших учраас төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зохистой хэлбэр гэж үзэж байна. Монголын иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх ажил тодорхой хугацаа шаардана. Гэхдээ хүн амын шинэчлэсэн бүртгэлд бүртгүүлчихээд байгаа иргэд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд дансаа нээлгэх ажлыг Санхүүгийн зохицуулах хорооноос брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 50 шахам компанийн оролцоотойгоор эхлүүлчихсэн байх ёстой. Иргэд төвлөрсөн хамдгаламжийн дансаа нээлгээд дуусчихвал тэдэнд хувьцаа эзэмшүүлэх ажлыг ганцхан 7 хоногт л хийнэ.
12. 2010 онд олон улсын санхүүгийн томоохон байгууллагуудын оролцоотой хөрөнгө оруулагчдын хэд хэдэн семинар гадаад, дотоодод болж, Монголд хөрөнгө оруулах асуудлыг хэлэлцлээ. Олон улсын санүүгийн зах зээлийн гол оролцогчид Монголд ялангуяа уул уурхайн ордуудад хөрөнгө оруулах сонирхолтой байгааг дээрх семинарууд тодорхой харуулсан билээ. Гэхдээ яаж, ямар хэлбэрээр гэдэгт л хэргийн гол нь байна. Хувьцаагаа эзэмшүүлэх үү? Ордоо эзэмшүүлэх үү?
Хувьцаа эзэмшүүлэх опшин гэрээ хийгээд хөрөнгийн биржид гарах үедээ хувьцаагаа эзэмшүүлбэл гадаадынхан дэлхийн зах зээлийн үнээр хувьцааны маань 10 гаруй хувийг худалдаж аваад ТУЗ-д өөрийн төлөөлөл болгон сонгосон гишүүнээрээ дамжуулан ашиг сонирхлоо илэрхийлээд явна гэсэн үг. Дээр жишээ татсан Саут Гоби сэндс компани 3 сая орчим доллар зарж, ордоо үнэлүүлээд, нөөцөө тогтоолгосны дараа ирээдүйд хөрөнгийн биржид гарах үед нь хувьцааных нь 17 орчим хувийг эзэмших опшин гэрээгээр Хятадын төрийн хөрөнгө оруулалтын сан 550,0 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн жишээ байдаг. Өөрсдөө ердөө 3 сая доллар зараад, хувьцааныхаа 20 хүрэхгүй хувийг 550,0 сая доллараар ирээдүйн худалдан авагч түншдээ зарсан гэсэн үг. Ордоо эзэмшүүлбэл гадаадынхан манай баялаг дээр мөнгө босгоод дээрээс нь Монголын төрийг өрөнд унагана. Баялаг ордыг сорчлон ашиглаад, үлдсэн хэсгийг нь газар дор үнэ цэнэгүй болгож хаяна. Ингээд ухсан нүх л үлдэнэ. Авилгад идэгдсан удирдагчид нь ордоо гадаадынханд эзэмшүүлээд байснаас сүйрэлд хүрээд байгаа Африкийн орнуудын жишээ дээрх дүр зургийг батлан харуулж байгаа. Тавантолгойн ордыг бүхэлд нь эзэмших, ашиглах эрхтэй том компанийн хувьцааны 10 хувийг иргэддээ, 10 хувийг үндэсний компаниуддаа нэрлэсэн үнээр нь эзэмшүүлэх ажлыг дээр авч үзсэн үнийн өсөлтөөс буюу бирж дээр гарахаас өмнө хийх ёстой. Ингэснээр үндэсний компаниудын эзэмшилд байгаа хувьцааны үнийн өсөлтөөс үндэсний компаниудад дээрх 20 тэрбумын 10 хувь нь буюу 2 тэрбум доллар, ард түмэнд мөн л 2,0 тэрбум доллар очих болно. Гэхдээ бирж дээр гарч, хувьцааны үнэ өссөний дараа. Ийм учраас хувьцаа эзэмшүүлэх ажлыг зохион байгуулсны дараа хэсэг хугацаанд хувьцаагаа зарах эрхгүй байх гэрээгээр ард иргэддээ эзэмшүүлэх нь зүйтэй. Тэгэхгүй бол “цэнхэр тасалбар”-ын араас орж, ард иргэд энэ хувьцаанаас хүртэх өгөөж нь тун ялихгүй хэмжээнд очих магадлалтай. Мөн тодорхой хугацаанд хувьцаагаа зарахыг хориглосноор бэлэн мөнгөний гэнэтийн ихээхэн урсгал бий болж, инфляцийг хөөрөгдөхөөс хамгаалах болно гэдгийг анхаарах ёстой. Тавантолгойг зөв ашиглавал ихээхэн хэмжээний ногдол ашиг хуваарилах боломжтой учраас хүн бүр хувьцаагаа зарахаасаа илүү барьж байж, ногдол ашгаа хүртэх сонирхолтой байх болно. Тавантолгойн ордын багахан хэсэг дээр ашиглалт хийж буй “жижиг Тавантолгой” нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, өмч хувьчлалаар үүссэн хувьцаат компани бөгөөд уг компанийн 100 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэн жилд 55,0 сая төгрөгийн ногдол ашиг авч байгаа нь үүнийг нотолно.
13. Монголын хувь заяаг өөрчлөх энэхүү түүхэн боломжийг Оюутолгойн асар их баялагтай орд дээр алдсан. Уг ордыг Фрийдланд мөнгөө гаргаж хайж олсон учраас түүний өмч болох нь аргагүй, харин ч алтаар хөшөө босгож өгөхөөр гавъяатай хүн гэж худалдагдчихсан “тархи угаагчид нь” сурталдсан.
Гэтэл Монголын ард түмний хөрөнгөөр хайгуул, судалгаа хийсэн ордыг мөн л гадаадыханд өгөх гээд байгаа нь ямар учиртай болохоо тайлбарлахыг бид шаардах эрхтэй. Баялаг ордыг ашиглах эрхтэй компани зохих бэлтгэлээ хангаад, хөрөнгийн бирж дээр гарах үед түүнийг ашиглалтад оруулах зардлаас хэдэн зуу дахин их хэмжээний мөнгө босгож ашиг олдогийг монголчуудын дийлэнх хэсэг нь сайн ойлгоогүй байгааг ашиглан луйвар хийх гэсэн оролдлого гэж үзэхээс өөр тайлбар байхгүй байна.
Монголын уул уурхайн корпораци /Mongolian Mining Corporation буюу бидний мэддэгээр Энержи ресурс/ Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцааныхаа 20 хувийг худалдаад 650,0 сая долларын хөрөнгө босгосон бөгөөд энэ компанийн зах зээлийн үнэ нь бараг 4 тэрбум доллар болчихоод байна. Иргэний хөдөлгөөнүүдийн шаардлагаар Монголын томоохон компаниудын консорциумаас Таван толгойн ордын лицензийг буцааж аваад “Эрдэнэс МГЛ”-д шилжүүлсэн. Уг ордын нэг хэсгийг эзэмшиж үлдсэн цөөн монгол компаниудын нэгдэл болор “Энержи ресурс” олборлолт, зам тавих ажил, цахилгаан станц барих ажлаа аль хэдийн эхлээд өмнийн говьд монгол уурхайчид тав тухтай ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлсэн тохилог тосгон босгоод амжжээ. Одоо хот байгуулалтын ажлаа эхэлчихсэн байна. Тэнд Монгол инженерүүдийн ур ухаанаар, монгол ажилчдын гараар бүтээн байгуулалт хийгдэж байна. Мэдээж гадаадын өндөр мэргэшилтэй цөөн тооны зөвлөхүүд байгаа л байх.
Хөрөнгийн биржээс босгосон мөнгөөрөө төмөр зам тавьж, бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлэх, тэр ч бүү хэл Монголын хөрөнгийн биржид гарах үед нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг ч авах хуримтлалтай болж амжжээ. Гэтэл “Эрдэнэс МГЛ” юу ч үгүй хоосон сууж байна. Гэхдээ зүгээр суугаагүй дүр үзүүлэх гэж ямар ч бэлтгэлгүйгээр хөрс хуулаад эхэлчихсэн нь уг ордыг үнэ цэнэгүй болгох “гэмт хэрэг” болохоос биш ажил биш. УИХ-аас юу хийх ёстойг нь тодорхой заасан тогтоол гаргаж, эрх мэдлийг өгөөд 5 сар болчихоод байхад яаж луйвардах вэ гэдгээс өөр юманд санаа зовсонгүй гэж хэлэхээс өөр тайлбар үнэндээ алга. Аливаа ард түмэнд ховор заяах энэхүү түүхэн боломжийг цагаандаа гарсан хэдхэн луйварчдад идүүлэх үү, өөрсдөө ашиглан эх орноо хөгжүүлэх үү гэдэг түүхэн сонголтын өмнө Монголчууд бид ирээд байна. Ийм учраас Монголын үндэсний компаниудын төлөөлөл болсон МҮХАҮТ байр сууриа илэрхийлж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын гишүүд болон олон нийтийн анхаарлыг энэ асуудалд хандуулах зайлшгүй шаардлагатай болоод байна гэж үзэж байна. УИХ-ын 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх асуудлаар Ажлын хэсгээс гаргасан дүгнэлт, зөвлөмжийг уг тогтоолын заалт нэг бүрээр гаргаж /Хавсралт 2/ хавсаргав.
Тогтоолын 1 дэх заалтын тухайд:
1. Таван толгойн нүүрсний ордыг ашиглахтай холбогдуулан дараахь арга хэмжээг авахыг Монгол Улсын Засгийн Газар /С.Батболд/-т даалгасугай:
1/ Таван толгойн нүүрсний ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, “Эрдэнэс-Таван толгой” охин компанийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, орд ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх;
Зөвлөмж 1:
Компанийн тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг байгуулан улсын бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авах, үүний тулд дараах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх:
1.1. МҮХАҮТ, ажил олгогч эздийн холбоо, Компанийн засаглал, хариуцлагтай уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан компанийн дүрмийн төслийг хэлэлцүүлэх,
1.2. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тооцоолж, хувьцааны нэрлэсэн үнийг тогтоох
1.3. ТУЗ, Хяналтын зөвлөлийн гишүүдэд тавих шалгуурыг тогтоон нийтэд ил тод зарлах,
1.4. ТУЗ, хянан шалгах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, Төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг сонгох
1.5. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлсний дараа компани байгуулах тухай Засгийн газрын шийдвэр гаргах
Тайлбар:
1.1 МҮХАҮТ, ажил олгогч эздийн холбоо, Компанийн засаглал, хариуцлагатай уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан компанийн дүрмийн төслийг хэлэлцүүлэх
Үндэслэл нь:
Компанийн тухай Монгол улсын хуулийн 14 дүгээр зүйлд Компанийг үүсгэн байгуулах хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан. Үүнд:
1. Компани байгуулах шийдвэр
2. Компанийн дүрэм
3. Зарласан болон гаргах хувьцаа, тэдгээрээс үүсгэн байгуулагчдын худалдан авах үнэ
4. Төлөөлөн удирлдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгох, тэдгээрийн цалин урамшууллыг тогтоох
5. Хянан шалгах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгох, тэдгээрийн цалин урамшууллыг тогтоох гэж заасан байна.
“Эрдэнэс –Тавантолгой” компани нь ХК-ийн хэлбэртэй байх учраас Компанийн тухай хуулийн 75.2 болон 75.3-т заасны дагуу 9-өөс цөөнгүй гишүүнтэй Төлөөлөн удирдах зөвлөлтэй, мөн хуулийн 92.1-д заасны дагуу хянан шалгах зөвлөлтэй байх ёстой. Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанийн сайн засаглалын зарчимд нийцүүлэн Санхүүгийн зохицуулах хорооноос 2007 онд батлан гаргасан “Монголын компанийн засаглалын кодекс”, 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Стандартчилал, Хэмжил Зүйн Үндэсний төвийн 10 дугаар тогтоолоор баталсан “Компанийн кодекс” зэргийг ХК нь үйл ажиллагаандаа удирдамж болгон ажиллах ёстой бөгөөд эдгээрийг дагаж мөрдөх нь компани сайн засаглалтай, үйл ажиллагаа нь ил тод, ингэснээрээ хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх баталгаа болох юм. Монголын төрийн өмчит уул уурхайн компаниудаас анх удаа олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө татах хувьцаат компани болохын хувьд хариуцлагатай уул уурхайн зарчмыг үйл ажиллагаандаа мөрддөг байх нь хөрөнгө оруулагчдыг итгэлийг хүлээхэд бас нэг чухал хэмжүүр болно. Ийм учраас компанийн үйл ажиллагааны “Үндсэн хууль” нь болдог дүрмийг боловсруулахдаа хариуцлагатай хандаж, олон талын оролцоотой хэлэлцүүлэн, сайн засаглал, хариуцлагатай уул уурхайн зарчмыг болон хэрэгжих механизмыг нь дүрэм, журамдаа тусгах нь чухал юм.
1.2 Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тооцоолж, хувьцааны нэрлэсэн үнийг тогтоох,
Компанийн анхны “дүрмийн сан” буюу хуулийн хэлээр “хувь нийлүүлсэн хөрөнгө буюу өөрийн хөрөнгийн анхны хэмжээ”-г хэрхэн тогтоох вэ гэдэг нь 2 шалтгааны улмаас Монголын үндэсний компаниудын сонирхлыг татаж буй чухал асуудал.
1. УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу үндэсний аж ахуйн нэгжүүд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг нэрлэсэн үнээр худалдан авах давуу эрхтэй. Олон улсын хөрөнгийн зах зээлд “Эрдэнэс-Тавантолгой” ХК гарах үед хувьцааных нь үнэ буюу анх оруулсан хөрөнгө нь олон дахин өсөх боломжтой бөгөөд энэ өсөлтөөс үндэсний компаниуд ашиг олох боломж олгож байгаа учраас л “давуу эрх” болж байгаа бөгөөд УИХ үндэсний компаниудад энэ боломжийг олгосонд 39 дүгээр тогтоолын нэг түүхэн ач холбогдол оршиж байгаа билээ.
2. Нэрлэсэн үнийг хэрхэн тогтоох вэ гэдгээс энэ эрх маань үнэхээр “давуу эрх” байж чадах уу, үгүй юу гэдэг асуудал шалтгаална.
Тийм учраас нэрлэсэн үнийг зөв тогтоох ёстой.
Нэрлэсэн үнийг хэрхэн тогтоох вэ гэсэн сэтгүүлчдийн асуултад Засгийн газрын Ажлын хэсэгт ажиллаж байгаа зарим хүмүүс болон Төрийн өмчийн хорооны даргын өгч буй хариултаас харахад Засгийн газрын Ажлын хэсэг нэрлэсэн үнийг тогтоох талаар нэгдсэн ойлголт байхгүй, тэр ч бүү хэл нэрлэсэн үнээр хувьцаа худалдан авах нь үндэсний компаниудад “давуу эрх” болж чадахгүй харин ч дарамт болохоор байдлаар нэрлэсэн үнийг тогтоож болзошгүй байр суурьтай байгаа нь харагдаж байна. Тухайлбал, Төрийн өмчийн хорооны зөвлөх Д.Байлыхүү МТВ-ийн Ярилцья нэвтрүүлэгт 2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр оролцож, өгсөн ярилцлагадаа нэрлэсэн үнийг хэрхэн тогтоох вэ гэсэн асуултад орд газраа үнэлүүлнэ, түүнийг үндэслэнэ тогтооно гэж хариулсан. 2010 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Засгийн газраас Тавантолгойн ордод баримталж байгаа байр суурь хийгдэж байгаа ажлын талаар олон нийт, сонирхогч компаниудад хийсэн мэдээлэлийн үеэр Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар энэ асуудлаар тайлбар өгөхдөө Тавантолгойн Ухаа худгийн хэсэгт үйл ажиллагаа явуулдаг Энержи ресурс Хонконгийн бирж дээр гарсан байгаа. Тэнд тогтосон үнийг баримжаа болгоно гэж байр сууриа илэрхийлсэн байгаа.
Нэрлэсэн үнийг тогтоохдоо олон улсын санхүүгийн зах зээлд компанийн үнэт цаасыг /бонд, хувьцаа аль нь ч/ гаргах бэлтгэлийг бүрэн хангахад чухам ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой вэ, энэ ажиллагааг бүрэн санхүүжүүлэхэд хэдийн хэмжээний зардал гарах вэ гэдэгт үндэслэх ёстой.
Орд газрыг ашиглахын тулд нөөцийг нь олон улсад нийтлэг мөрддөг JORK /Австрали/, SAMREC /ӨАБНУ/, SME /АНУ/, CIM/43-101 /Канад/ PERC /Европ/ зэрэг стандартуудын дагуу /аль биржид бүртгэгдэхээс шалтгаалаад чухам ямар стандартыг баримтлахыг тогтооно/ үнэлэх, түүнд үндэслэн ТЭЗҮ-г эхний ээлжинд ашиглах хэсэг, мөн замын ажил, цахилгаан станц, ажилчдын суурин зэргийн төсөл тооцоонд тулгуурлан боловсруулах ёстой. Олборлож эхэлмэгц эрчим хүчний нүүрсээ ашиглах цахилгаан станц барьж байгуулах ёстой, гэхдээ одоогийн манайд ашиглагдаж байгаа шиг дулааны цахилгаан станц биш 21 дүгээр зууны байгалд хоргүй дэвшилт технологи ашигладаг цахилгаан станц барих гаднын компанитай гэрээ байгуулах ёстой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Ийм учраас түүний зураг төсөл хийх, ТЭЗҮ-г боловсруулах шаардлагатай. Цаашлаад ажиллагсдын амьдрах суурин байгуулах ажлыг эхлүүлэх г.м ажлууд хийгдэх ёстой. Гэхдээ зайлшгүй хийсэн байх чухал ажил бол нөөцийн үнэлгээ тогтоох, дээр дурьдсан ТЭЗҮ-үүдийг боловсруулах ажил юм. Мөн түүнчлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитийн компани, хуулийн фирм зэргийг сонгон гэрээ байгуулж, холбогдох дүгнэлт хийлгэнэ. Энэ бүх ажилд зөвлөгөө өгөх хөрөнгө оруулалтын банкийг сонгох зэрэг ажлууд зайлшгүй хийгдэнэ.
Энэ бүх ажлын жагсаалтыг гаргаад, төсвийг тооцоолсноор анхны хувь нийлүүлсэн хөрөнгийн шаардлагатай хэмжээ тогтоно. Энэ нь компанийн хувьцааны 10 хувийг Монголын үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдаж босгох шаардлагататай хөрөнгийн дүн болно. "Энержи ресурс" компани Хонконгийн бирж дээр гарах бэлтгэлийг хангасан 1 жилийн хугацаанд зарцуулан хөрөнгө /Хонконгийн бирж дээр гарсны дараа нийтэд зориулан сайтдаа тавьсан санхүүгийн тайланд тусгагдсан мэдээлэл/, олон улсын санхүүгийн зах зээлд үйлчилгээ үзүүлдэг нөөцийн болон компанийн үнэлгээ, аудит, хуулийн зөвлөгөө, хөрөнгө оруулалтын банкны зөвлөх үйлчилгээний хөлсний жишиг, Монголын 47,0 мянган аж ахуйн нэгж хувьцаа худалдан авах эрхтэй гэж үзвэл аж ахуйн нэгж бүр 1,5 сая төгрөгийн хувьцаа худалдан авахад 70,5 тэрбум төгрөг босно гэсэн тооцоо, компанийн нийт зарласан хувьцааны тоо 15,0 тэрбум ширхэг учраас түүний 10 хувь нь 1,5 тэрбум ширхэг хувьцаа болно гэсэн тооцоо зэрэгт үндэслэн тооцооход нэгж хувьцааны үнийг 50 төгрөгөөр тооцох боломжтой байна. Учир нь худалдан авах хувьцааных нь үнийн дүн 1,5 сая төгрөгөөс илүү бол монголын үндэсний аж ахуйн нэгж бүр хувьцаа худалдан авах санхүүгийн чадваргүй байх магадлал өндөр.
1.3 ТУЗ, Хяналтын зөвлөлийн гишүүдэд тавих шалгуурыг тогтоон нийтэд ил тод зарлах
Олон улсын санхүүгийн зах зээлээс санхүүжилт татахад нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйл нь компани сайн засаглалтай, мэргэжлийн өндөр түвшний мэргэшсэн менежментийн багтай, НББ нь олон улсын стандартад нийцсэн бүртгэл хөтөлдөг санхүүгийн болон бусад мэдээлэл, үйл ажиллагаа нь ил тод байх явдал гэдгийг гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй монгол захиралтай компанийн захиралууд онцлон тэмдэглэж, нэгэн дуугаар анхааруулж байна. /Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Хүннү соал ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Лхагвадоржийн Mining journal-ийн 2010 оны 9 дүгээр сарын дугаарт гарсан ярилцлага, Энержи ресурсийн Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан захирал Д.Бадамцэцэгийн Хөрөнгийн бирж байгуулагдсан, хөрөнгийн зах зээл үүсэн хөгжсөний 20 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэл /
Компани сайн засаглалтай байх, өндөр түвшний шаардлага хангасан мэргэшлийн чадварлаг менежментийн баг бүрдүүлж ажиллах нь Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа, гишүүдийн мэдлэг чадвар, дадлага туршлагаас шалтгаална. Ер нь компанийн засаглалд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг субьект нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөл байдаг. Хөрөнгийн зах зээлд гарах үедээ хэр зэрэг үнэд хүрэх вэ гэдэг асуудал ч ТУЗ, менежментийн багаас шалтгаална. Хонконгийн хөрөнгийн бирж бүртгэлийн шалгуураа саяхан өөрчилж, чангатгасан байна. Үүнд ТУЗ-ийн бүрэлдэхүүнд тавих шаардлагыг улам нарийн болгожээ.
Тийм учраас Монголын төрийн өмчит компаниас анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд гарах компанийн төлөөлөн удирдах зөвлөл, хянан шалгах зөвлөл нь тэнд тавих шаардлагыг хангасан хүмүүс байх ёстой. Засгийн газраас уг компанийг байгуулах тухай тогтоол гарсан боловч, дүрмийг нь батлаагүй, дүрмийг батлаагүй байж улсын бүртгэлд бүртгэгдсэн нь Улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцохыг хориглоно” гэж заажээ. Уг компанийг байгуулаагүй байхдаа түүний толгой компани болох “Эрдэнэс МГЛ” компани Компанийн тухай хуулийн 6.8-д “… толгой компани хараат болон охин компанийн үйл ажиллагаанд зөвхөн эзэмшиж байгаа хувьцааны саналын эрхээр оролцоно” гэж заасныг зөрчин гүйцэтгэх захирлыг нь сонгон шалгаруулах, үйл ажиллагааг нь явуулах оператор компанийг сонгон шалгаруулах, ашиглах эрхтэй талбайн хэсгийг эзэмшүүлэхээр сонгон шалгаруулалт зарлах зэргээр хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсаар байна. Компанийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу компанийг байгуулах, Монголын төрийн өмчит компаниудаас анх удаа олон улсын биржид бүртгэлтэй болох уул уурхайн томоохон компани болохынх нь хувьд түүний үйл ажиллагааны үндсэн хууль болох дүрмийг нь дээрх байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанийн сайн засаглалын болон хариуцлагатай уул уурхайн зарчимд нийцүүлэн боловсруулж батлах нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээн, хөрөнгө санхүүжилт татах чадварыг нь сайжруулах ёстой.
1.4 Ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх
Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7-д ”ашигт малтмал ашиглах” гэж …ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хэлнэ гэж, мөн хуулийн 4.1.16-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг хэлнэ гэж, 7.3-т “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хориглоно гэж, 7.4-т “Нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг этгээдийн нэр дээр олгоно” гэж тус тус заасан байна.
Ийм учраас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголгүйгээр Тавантолгойн ордын нэг хэсэгт ашигт малтмал олборлох, боловсруулах, борлуулах эрх олгох нь энэ хуулийг зөрчсөн үйлдэл болох нь илэрхий байна. Ийм учраас Засгийн газраас 2010 оны 12 дугаар сарын 8-ны өдөр олон нийтэд зарласан Сонгон шалгаруулах урилга гэгч нь УИХ-ын 39 дүгээр тогтоолын үндсэн зарчмыг ноцтой зөрчиж байна.
1.5 түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах гэсэн заалтын тухайд:
Ашигт малтмалын баялаг ордыг эзэмшдэг компаниуд хөрөнгийн зах зээлд гарах үедээ тухайн ордыг эргэлтэд оруулах, ордтой холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдахаас хэдэн зуу дахин илүү үнэ цэнэтэй болдогийг олон жишээ амьдрал дээр нотлон харуулсан билээ. Энэ олон дахин өсөх өсөлт нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өөрийнх нь хөрөнгө болно. Энэ компанийн өөрийн хөрөнгө болох учраас Засгийн газар уг компанитай байгуулсан гэрээний дагуу өөрийн хувьцааны борлуулалтаас олсон орлогыг үндэсний бүтээн байгуулалтын арга хэмжээнд зарцуулах ёстой учраас хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нь зайлшгүй
1.6 оператор аж ахуйн нэгжээр олборлолтыг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх гэсэн заалтын тухайд
Монголын компаниуд ил аргаар нүүрс олборлосон 50 жилийн туршлагатай учраас Монголын компаниудын консорциум /санхүү, хүний болон техникийн нөөцөө нэгтгэж байж, Тавантолгой шиг том уурхайд монголчууд ажиллах боломжтой/ эсхүл монголын компани заавал оролцсон гадаад, дотоодын компаниудын консорциумыг сонгон шалгаруулахаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг байгуулсны дараа сонгон шалгаруулалт зарлах нь үндэсний эрх ашигт илүүтэй нийцнэ.
Тогтоолын 1.2 дэх заалтын тухайд:
2/ Таван толгойн нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах талаар дараахь арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэх:
а/ Монгол улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх;
б/ хувьцааны 10 хувийг 2010 оны 6-р сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр, нэрлэсэн үнээр худалдах;
в/ хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах
Зөвлөмж 2.1:
Хүн амын шинэчлэсэн бүртгэлд бүртгүүлсэн иргэн бүр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжид дансаа нээлгэх ажлыг зохион байгуулах журмыг гаргах, Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан 50 шахам Брокер-дилерийн компаниар дамжуулан шинэчлэсэн бүртгэлд бүртгэгдсэн иргэдийн дансыг нээлгэх ажлыг эхлүүлэх
Тайлбар 2.1:
2,7 сая иргэнд төвлөрсөн хадгаламжийн данс нээх нь ихээхэн цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардсан ажил болох билээ. Гэхдээ Монгол улсын иргэн бүр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд дансаа нээлгэж, Тавантолгойн хувьцааг үнэгүй эзэмшсэнээр үнэт цаасны арилжаанд оролцож, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж олгох бөгөөд энэ нь одоо хүн бүрт тарааж байгаа хэдэн зуун мянган төгрөгнөөс хавьгүй их өгөөж өгөх үнэ цэнэтэй хөрөнгө болох юм. Харин энэ хөрөнгө нь үнэ цэнэ хүрэх хүртэл /олон улсын хөрөнгийн зах зээлд ханш тогтох хүртэл/ “цоожлох гэрээ”-гээр эзэмшүүлэх ёстойг хатуу анхаарах хэрэгтэй. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь сайн засаглалтай, анхнаасаа үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй байж чадвал ихэнх иргэд ногдол ашиг хүртэхийн тулд хувьцаагаа худалдахыг хүсэхгүй, урт удаан хугацааны туршид ногдол ашиг хүртэх боломжтой.
Зөвлөмж 2.2:
Үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн, үндэсний аж ахуйн нэгж гэдгийг хэрхэн ойлгох вэ гэдгийг нэг мөр болгон тодорхойлох журмыг эхний ээлжинд Засгийн газар гаргах ёстой. Ийм журмыг гаргасны дараа дээрх шаардлагыг хангасан аж ахуйн нэгжийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газар гарган, өөрийн сайтаар олон нийтэд мэдээлэх ёстой бөгөөд тодорхой хугацааны дотор аж ахуйн нэгжүүд өөрийнх нь нэр жагсаалтад орсон эсэхийг шалгах боломж олгох нь зүйтэй. Энэ үед “Эрдэнэс-тавантолгой” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ буюу хувьцааны тоо, нэрлэсэн үнийг тодорхойлсон байх учраас нэг аж ахуйн нэгжид ямар үнэтэй, хэдэн ширхэг хувьцаа ногдох нь тодорхой болох учраас аж ахуйн нэгжүүдэд хувьцаа эзэмшүүлэх ажлыг мөн л Брокер- дилерийн компаниар дамжуулан данс нээлгээд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хийж гүйцэтгэх боломжтой.
Тайлбар 2.2:
Үндэсний аж ахуйн нэгжүүдэд хувьцаа эзэмшүүлэх ажлыг богино хугацаанд хийж дуусгах нь 2 ач холбогдолтой:
1. Компанийн үйл ажиллагааг олон улсын санхүүгийн зах зэээлээс санхүүжүүлэлт татах хүртэлх эхний үе шатанд санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэртэй болно. Ингэснээр олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах зайлшгүй урьдчилсан нөхцөл болох а/ ордын эхэлж ашиглах хэсгийн нөөцийг олон улсад хүлээн зөвшөөрсөн аргачлалаар хийлгэх б/ ТЭЗҮ-г JORC руу хөрвүүлэх буюу мөн л олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар хийлгэх в/хөрөнгө оруулалтын зөвлөх, аудит, хуулийн компанитай гэрээ байгуулсан олон нийтэд хувьцаагаа санал болгох буюу IPO хийх танилцуулга буюу проспектус бэлдэнэ.
2. Үндэсний компаниуд хувьцаа эзэмшигч болсноор МҮХАҮТ-ийн тэргүүлэгчдээс сонгосон этгээдийг тэдний төлөөлөл болгон компанийн ТУЗ-д сонгож, хараат бус гишүүнтэй болох сайн засаглалыг хэвшүүлэх, ил тод байдлыг хангах боломж нээгдэнэ.
Зөвлөмж 2.3:
Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаална” гэсэн заалтыг хэрэгжүүлэх ёстой.
Тайлбар 2.3:
Монголын хөрөнгийн бирж дээр эрэлттэй үнэ цэнэ бүхий хувьцаа арилжаалагдаж эхлэх нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд шийдвэрлэх алхам болно. Олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байгаа үндэсний компанийн хувьцааг эхлээд үндэсний бирж дээрээ, үндэсний хөрөнгө оруулагчиддаа зориулан гаргаад, дараа нь олон улсын биржид гаргадаг туршлага, тухайлбал, Хятадад байна. Монголын засгийн газар үнэхээр л үндэсний компаниудаа дэмжиж байгаа бол ийм туршлагыг хэрэгжүүлэх ёстой.
Тогтоолын 1.3 дах заалтын тухайд:
3/ “Эрдэнэс-Таван толгой” компанийн толгой компани болох “Эрдэнэс МГЛ” компанийг Монгол Улсын Үндсэн хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах асуудлыг судалж, дүнг Улсын Их Хуралд танилцуулах;
Зөвлөмж 3:
“Эрдэнэс МГЛ” компанийг төрийн өмч давамгайлсан ХК болгон өөрчлөн байгуулах юмуу Төрийн өмчит хөрөнгө оруулалтын сан /Хятад улс нь төрийн өмчит хөрөнгө оруулалтын сангаараа дамжуулан бусад оронд, тухайлбал, Монголд, хөрөнгө оруулалт хийх төрийн бодлогоо хэрэгжүүлж байна/ болгон өөрчлөн зохион байгуулах хувилбарыг судлах эрдэмтэд, судлаачдын оролцоотой ажлын хэсэг зохион байгуулан судлагааны ажил хийх ёстой.
Тайлбар 3:
Энэ нь уг компанид хувийн хэвшлийн зүгээс тавих хяналтыг сайжруулах, засаглалыг сайжруулах, стратегийн томоохон ордуудыг хамгийн оновчтой, зохистой хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд оруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх санхүүгийн нэгдсэн эх үүсвэрийг төвлөрүүлэх боломжийг нээнэ.
Тогтоолын 1.4 дэх заалтын тухайд:
4/ Таван толгойн нүүрсний ордыг түшиглэж үйлдвэр, зам, дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандартыг баримтлах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүний үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулж, Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд авч хэрэглэх нөхцөл, болзлыг хэрэгжүүлэх;
Зөвлөмж 4:
Тавантолгойн ордод оператор сонгон шалгаруулахдаа үндэсний компаниудын консорциумыг юмуу, эсхүл үндэсний компани давамгайлсан хамтарсан консорциумыг сонгон шалгаруулахаар зарлах ёстой.
Тайлбар 4:
Энэ нь энэхүү том бүтээн байгуулалтад үндэсний компаниудын оролцоог хангах болно. Дэд бүтцийн бүтээн байгуулалтад гадаадын тухайн чиглэлээр дэлхийд тэргүүлж буй улс орнууд болон боловсруулсан бүтээгдэхүүнийг худалдан авах, тээвэрлэх сонирхолтой улс орон, компаниудыг оролцуулах боломжийг харгалзах нь чухал. Учир нь борлуулалт, тээвэрлэлтийн асуудал нь уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, компанийг нь үнэ цэнэд хүргэх хамгийн чухал асуудал, Үндэсний компаниудын консорциум голлох үүрэгтэй оролцсоноор Тавантолгойн ордыг дагалдан бий болох бүтээн байгуулалт, үйлчилгээнд үндэсний компаниудын үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг эхний ээлжинд худалдан авах, монголчуудыг ажлын байраар хангах гол нөхцөлийг бүрдүүлнэ.
Тогтоолын 1.5 дах заалтын тухайд:
5/ дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани /консерциум/-ийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Улсын Их Хуралд 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлж, бусад баримт бичгийн төслийг танилцуулах.
Зөвлөмж 5:
Дамжин өнгөрүүлэх тээвэр, боомт ашиглалт зэрэг угтуулан тавих нөхцөлийг хувьцаа эзэмшүүлэх опшин гэрээ хийх замаар шийдвэрлэх
Тайлбар 5:
Ингэснээр Тавантолгойн ордод олборлолт борлуулалт хийх эрхтэй гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан компани бий болох, хөрөнгө оруулагч буюу хувьцаа эзэмшигчид нь дамжин өнгөрөх тээвэр, боомтын асуудал борлуулалтын асуудал /худалдан авагчид/ зэрэг сонирхогч талууд стратегийн хөрөнгө оруулагчид буюу хувьцааны багц /10-15 хувийн/ эзэмшигчид байх боломжтой.
Ингэж сонирхогч талуудын оролцоог тэгш хангах нь Монгол улсын эдийн засгийн тусгаар тогтнолд ч чухал ач холбогдолтой хүчин зүйл байх болно. Хувьцаа эзэмшүүлэх опшин гэрээ хийхдээ урьдчилгаа төлбөрийн тухай асуудал тавьж шийдвэрлэх бүрэн боломжтой.