Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардчилсан намын төлөөлөл “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр /2017.07.19/ хэвлэлийн хурал хийлээ. Хуралд Ардчилсан намын гишүүн Х.Болдбаатар, Д.Эрдэнэбаатар, Э.Дашдамба нарын хүмүүс оролцов.
Өнгөрсөн оны орон нутгийн сонгуулиар Баянжаргалан сумын иргэдийн хуралд ялалт байгуулсан Ардчилсан намын арван нэр дэвшигчийг шүүхээс түдгэлзүүлсэн байна.
Учир нь тус сумын Ардчилсан намаас аудитаар баталгаажуулаагүй дөрвөн заалтыг мөрийн хөтөлбөртөө оруулчихжээ. Үүнээс үүдэж МАН-ынхан шүүхэд гомдол гаргаад, Ардчилсан намын арван нэр дэвшигчийг буцаан татуулсан байна.
Аудитаар баталгаажуулаагүй гэх дөрвөн заалт нь:
- Баянжаргалан сумын гудамж талбайг гэрэлтүүлэгтэй болгоно
- Байгалийн баялаг, уул уурхайг түшиглэн орон нутгийн иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлнэ
- Баянжаргалан сумын есөн гайхамшиг тодруулж, сумынхаа ИТХ-аар батална
- “Сайн багш, сайн шавь” хөтөлбөр хэрэгжүүлж, амжилт гаргасан багш, шавийг урамшуулна.
МАН-ын гомдлыг анхан болон дунд шатны шүүхээс үндэслэлгүй гэж үзсэн ч Дээд шатны шүүх үндэслэлтэй гэж шийджээ. Ингээд сумын ИТХ-д ялсан Ардчилсан намын нэр дэвшигчдийг татсан гэв. Иймд МАН-ынхан Дээд шүүхэд нөлөөлсөн байж болзошгүй гэж хардаж байгаагаа хэвлэлийн хуралд оролцогчид илэрхийлэв.
Цаашид Монгол улсын Ерөнхийлөгч, Монгол улсын Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга нарт албан тоод хүргүүлэх аж. Мөн Дээд шүүх шийдвэрээ эргэж харахыг хүссэн өргөдөл өгнө гэлээ.