МАХН-ын шинэчлэлийг иргэд дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

МАХН-ын шинэчлэлийг иргэд дэмжиж байна

-ЭНЭ БОЛ ЦАГ ҮЕЭ ОЛСОН АЛХАМ-

Чингэлтэй дүүргийн тав­­ду­гаар хорооны иргэн Х.Чүнсэрээн:

-Цаг үеэ олсон алхам гэж бодож байна. Манай улс төрийн намуудад ийм зоригтой алхам л дутагдаад байсан юм. Сонгууль болохоор гараад ирдэг. Бусад үед нь байхгүй болчихдог тогтолцоог үгүйсгэсэн тун зөв үйл хэрэг санагдаж байна. Тэгээд ч олон гишүүн дэмжиж байгаа байх. Намын удирдлагууд ч энэ саналаа их зөв илэрхийлж байна. Зарим нэг хүмүүс үүнийг үгүйсгээд л байх шиг байсан. Ялангуяа хөгшчүүд их дургүй байгаа юм биш үү. Надад л лав Монгол ардын нам гэдэг нь их зүгээр санагдаж байна. Харин тэр зүүний болон барууны гээд байгааг нь би сайн ойлгохгүй л байгаа. Гэхдээ шинэчлэгдэж буй нь зүйтэй.

-ШИНЭ ЗАЛУУС ГАРЧ ИРЖ БАЙНА. ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГТЭЙ-

СБД-ийн гуравдугаар хо­рооны иргэн Б.Дуламжав:

-Хуучин нэрээ сэргээж байгаа л хэрэг шүү дээ. Түүнээс биш огт өөр нам болоод хувирчихаж байгаа хэрэг биш. Хэрвээ энэ нам ор үндсээрээ өөрчлөгдөж байгаа бол МАХН-ын энэ олон гишүүд яах юм бэ. Тэгэхээр зарим хүмүүсийн ойлгож байгаа шиг МАХН байхаа болилоо. Үгүй болох нь гэдэг үгийг бол эсэргүүцэж байгаа. Ер нь нийгэм тэр чигээрээ цаг үеэ дагаж өөрчлөгдөж, гэрэл сүүдрээр сүлэлдэх ёстой. Тэгэхээр манай намын энэ үйлдэл бол цаг үеэ  олсон. Мөн шинэ залуу үе гарч ирч байна. Тэдэнд зориулж өөрчлөгдөж, өнгө төрхийн хувьд шинэчлэгдэх хэрэгтэй. Юм нэгээрээ дуусдаггүй шүү дээ.

-ЭНЭ НАМЫГ Л ДАГАЖ, ДЭМЖИЖ ИРСЭН. ОДОО Ч ДЭМЖИНЭ-

Чингэлтэй дүүргийн гу­рав­дугаар хорооны иргэн А.Ичинхорлоо:

-Ер нь бол нэр тийм ч чухал биш. Гэхдээ намынхан тэгж    бодож байвал бас гадныханд тийм ч таатай сонсогдохгүй байгаа бол солих нь зөв. Манай үеийнхэн чинь бүгд л МАХН-аар хүмүүжсэн. Энэ намын буянаар бид боловсролтой, соёлтой хүмүүс болцгоосон. Одооны энэ улс төрд яваа залуус хүртэл энэ намын буянаар урагшаа, хойшоо явж хэл устай болж, нүд тайлснаар л өдий зэрэгт хүрсэн шүү дээ. Тиймээс энэ намаа л дагана. Бас намаа хөгжүүлэх хэрэгтэй. Үзэл баримтлал, нэрээ өөрчлөөд үйл хэргээ урьдынхаараа л явуулж байвал болно.

-ШИНЭЧЛЭЛ ЗӨВ. ГЭХДЭЭ ТАЛЦАЖ МАРГАЛДАЖ БОЛОХГҮЙ-

СБД-ийн гуравдугаар хо­рооны иргэн Д.Энхбаатар:

-Би 18 настайгаасаа л энэ намыг дэмжиж эхэлсэн. Ардчилал ялж байхад ч дэмжиж л байлаа. Одоо манай нам шинэчлэлийн талаар ярьж байна. Бүх л гишүүдийн хүлээж байсан зүйл шүү дээ. Хуучин нэрээ сэргээж Ардын нам гэсэн тодотголтой болох гэж байна. Ардын нам гэдэг үг чинь өөрөө ард түмний нам гэсэн утгатай. Түүнээс биш ноёд, феодалуудын нам биш шүү дээ. Тиймээс энэ нэрийг авах нь туйлын зүйтэй. Би 2003 онд  намд элсч байлаа. Ялчихаар нь элссэн хэрэг биш. Угаасаа дэмжиж байсан болохоор л тэр. Одоо ч дэмжиж байна. Харин нам хоёр хуваагдаад, хэрэлдээд байгаад нь би үнэхээр дургүй. Бусдаар бол шинэчлэлийг дэмжилгүй яахав.

-ШИНЭЭР ГАРЧ ИРЖ БУЙ ЗАЛУУСТ ШИНЭ ОРЧИН ХЭРЭГТЭЙ-

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны иргэн Д.Мөнх-Эрдэнэ:

-Шинэчлэх нь зөв. Хувьсгалт гэдэг үгийг бид Төрийн дууллаасаа авч хаясан юм чинь намын нэрээсээ авах нь юу байхав дээ. Тиймээс цаг үеэ дагаж хөгжих л хэрэгтэй. Манай үеийн залуучууд бүгд аль нэг  намыг дэмждэг, сонгуулиа өгдөг болсон. Тиймээс нэрээ өөрчлөх нь зүйтэй. Миний хувьд МАХН-ыг дэмжих шалтгаан нь энэ нам лидерүүд олонтой. Тийм болохоор бодлого нь ч, хийж буй ажил нь ч таалагддаг. Саяхан МАХН залуучуудыг эгнээндээ нэгтгэж байсан. Өөр нам ингэж ажиллахгүй байгаа биз дээ. Тиймээс л шинэчлэлийн талаар зоригтой дуугарч, хөдөлж чадаж байгаа болохоор МАХН-ын шинэчлэлийг дэмжиж байна.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж