Цасан цагаахан романтизм-“Хунт нуур”

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Цасан цагаахан романтизм-“Хунт нуур”

Суут Чайковскийн бидэнд өвлүүлсэн цасан цагаахан романтизмаар театр өчигдөр өвөл цагийн 48 дахь улирлын бүжгэн жүжгийн нээлтээ хийв. “Хунт нуур” ердийнхөөрөө үзэгчээр дүүрэн. Марчеллогийн нэрэмжит хөгжмийн консерваторын профессор, Италийн хүндтэй удирдаачдын нэг Роберто Сальвалио өвөл цагийн анхны “Хунт нуур”-ыг дохилоо. 

Өмнөх бямба гаригийн үдэш дуурийн үзэгчдийн суудалд сууж байсан Саруул охин энэ удаа өөрөө тайзыг эзэгнэнхэн хөвж байна… Театрт шинэ хун ирлээ гэлцэж байсан нь саяхан сан. Харин Саруул одоо нялх хун байхаа больжээ. Тэр “том” болж. Тайзан дээр тэр итгэлтэй, хүчтэй, тайван харагдана. Толгойдоо өдөн гоёл, цагаан почкитой “хун” Саруул хөвж байна. Яг л хун шувуу усны мандал дээгүүр долгио үүсгэлгүйгээр хөвдөг шиг тийм намуухнаар хөвөн бүжиж байна. 

Уйд автсан гоо цагаахан хун… Хорон муу санаат Ротбарт үзэсгэлэнт гүнж Одеттыг харааж, өдөр хун, шөнө хүн болгодог билээ. “Жамъяндагва багш намайг шувуу шиг царайтай гээд байдаг юм. Толгойныхоо өдийг зүүчихээрээ яг шувуу болчихдог гэсэн” гэж Саруул ярьж байсан. Үнэхээр үнэн. “Хунт нуур”-т гоцлох гэж төрсөн мэт тэр яг л хун шиг. Цагаан хун түүнд гайхалтай зохихыг яана. “Би их цайвар арьстай болохоор цагаан хунд их тохирдог юм шиг байна лээ. Багш намайг манай театрын хамгийн цагаан хүүхэн гэдэг” гэж хэлж байсан нь ч санаанд орж суулаа.

Цагаан хун дэвэлт ихтэй болохоор маш хэцүү. Хар хун нүдний хурц хөдөлгөөн ихтэй болохоор их ядардаг гэлцдэг. Мэдээж хар хунгийн па де де, алдарт 32 эргэлт балетчинаас хамгийн их тэсвэр тэвчээр, ур чадвар, техник шаарддаг оргил хэсэг нь. 

Яагаад 32 эргэлт тийм алдартай юм бэ. Бид 32 эргэлтийг догдлон хүлээж, зарим нь бүр амьсгаа даран тоолдог. Тоолох сонирхолгүй хүмүүс ч байдаг. Хэдийгээр миний бие ч гэсэн тоолох гэж шамддаггүй ч энэ удаад зэргэлдээ суусан оросуудтай зэрэгцэн тоолж үзлээ. Хоёр дутаж, хар хун 30 эргэсэн.

Манай театрын хамгийн чадварлаг прима донна нарын нэг Цолмонтой ярилцаж байхдаа нэг удаа Оделлийн 32 эргэлт яагаад тийм алдартай талаар асуухад “Яах аргагүй бүжигчнээс хамгийн их техник шаарддаг бүжгийн хэсэг. Па-де-дений дараа эрэгтэй, эмэгтэй хоёулаа нэг нэгээрээ хийгээд дараа нь 32 эргэлтийг хийдэг. Тэгэхэд их ядарсан байдаг. Ийм дараалалтай хийж байгаад л гол учир байгаа юм л даа. Түүнээс биш бид нар бэлтгэлийн үед ч юм уу, 32 эргэлтийг огт түүртэлгүй амархан хийчихдэг” гэж хэлж байсныг санаж байна. 

Хамгийн анх хар хунгийн 32 эргэлтийг Италийн нэрт балерина Pierina Legnani 1895 онд хийж байсан гэдэг. Түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг балерина нарын нэгээр нэрлэдэг билээ. Legnani-ыг “Хунт нуур”-т гоцлохоо больсны дараа шинээр хун болсон балерина бүрийг түүнтэй харьцуулдаг байсан аж. Түүнийг одоо хэр нь хамгийн гайхалтай хун гэлцдэг хэвээр. 

Ханхүү Зигфридийн дүрд бүжгэн жүжгийн шинэ оддын нэг О.Ганцоож тоглосон. 2007 онд Хөгжим бүжгийн коллежийг дүүргээд Их Британид нэг жил мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцаж, Америкийн “Mystic” театрт бүжиглэсэн О.Ганцоож одоо дөнгөж 20, 21-тэй. Тэр өнгөрсөн улирлаас эхлэн театрын гоцлоочоор ажиллаж байгаа билээ. Алиа салбадайн дүрд Ганбаатар, хорон санаат Ротбартад Х.Мөнгөнхөлөг нар бүжиглэж үзэгчдийн халуун алга ташилтыг хүртсэн.  

“Хунт нуур”-ын хөгжим аялгуу бүхэн дэндүү танил. Бүжгэн жүжиг, оркестр тоглолт тэр бүр үздэггүй хүмүүст ч танил. Үнэхээр ой тойноос хэзээ ч гарахааргүй яруу тансаг л даа… Үзэгдэл, хэсэг бүрийнх нь хөгжмүүд тийм. Хамгийн сонирхолтой нь энэ суут бүтээлийг Чайковский ердөө жилийн хугацаанд гараас гаргасан байдаг. 1875 оны тавдугаар сараас эхэлсэн “Хунт нуур”-ын хөгжмийн зохиол 1876 оны дөрөвдүгээр сар гэхэд бэлэн болж байжээ. “Хунт нуур”-ыг зохиохынхоо өмнө Чайковский хөгжмийн суутнуудаас суралцах хэрэгтэй гэж үзэн Италийн хөгжмийн зохиолч Cesarе Pugni, Чехословакийн хөгжмийн зохиолч Leon Minkus нарын бүтээлүүдийг сонсч, судалж байжээ. Чайковский Lеo Delibes, Adolphe Adam, Riccardo Drigo нарыг биширч, тэднээс суралцахыг хичээдэг байсан гэдэг. Нэгэн удаа Чайковский өөрийн найз хөгжмийн зохиолч Сергей Танеев руу бичсэн захидалдаа “Би Lеo Delibes-ийн “Сильвиа” бүжгэн жүжгийг сонслоо. Ямар гайхалтай яруу хөгжим бэ. Уянга, ритм нь ер бусын зохицолтой байна. Хэрвээ би “Хунт нуур”-ыг бичихээс өмнө үүнийг сонсчихсон байсан бол би “Хунт нуур”-ыг зохиохоосоо ичих байлаа” гэж байжээ.

1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Большой театрт “Хунт нуур”-ыг анх тоглож байсан түүхтэй. Тухайн үед Большой театрын балетмэйстрээр Германаас уригдан ажиллаж байсан Julius Reisinger гэгч анхны “Хунт нуур”-ыг дэглэж байжээ. Өнөөдрийн бүжгэн жүжгийн ноён оргил болсон энэхүү бүтээл анхны тоглолтоороо үзэгчдээс тааруухан үнэлгээ авч байсан нь тухайн тоглолтын бүжигчид болон балетмейстртэй холбоотой гэлцдэг. Чайковскийд өөрт нь ч таалагдаж байгаагүй аж. Зөвхөн үзэгчид төдийгүй хөгжмийн мэргэжилтнүүд болон удирдаач, бүжигчид “Хунт нуур”-ыг ээдрээтэй хүнд, бүжиглэхэд тохиромжгүй хэтэрхий хэцүү гэж шүүмжилж байсан гэдэг. 

1880-аад оны сүүл үед нэрт балетмэйстр Петипа, Иванов хоёр “Хунт нуур”-ыг засварлан тавих хүслээ Чайковскийд хэлж, хэдэн жил энэ ажилдаа шамдсан байна. Харамсалтай нь, Чайковский шинэ хувилбар болох өнөөдрийн бүжгэн жүжгийн хаан болсон “Хунт нуур”-аа өөрөө үзэж чадалгүй 1893 онд таалал төгссөн билээ. Ингээд шинэ “Хунт нуур”-ын анхны тоглолт 1895 оны нэгдүгээр сарын 15-нд болж, тэр цагаас эхлэн алдаршиж эхэлсэн байна.

…Ирэх ням гаригт Аданы “Жизель” балеттай. Дашрамд хэлэхэд, Чайковскийн хамгийн ихээр бишрэн шүтдэг бүжгэн жүжиг нь “Жизель” байсан гэдэг. “Хун” Саруул үзэсгэлэнт Жизелийн дүрд гоцлоно. Саруул ”Би Жизельд ганцхан удаа тоглож байсан болохоор жаахан эмээгээд байгаа” гэж байсан. Балетчин хүний айдас, догдлол, сэтгэл хөдлөлийн энэ төвөгтэй сэтгэл зүй арван удаа ч нэг бүжгэн жүжигтээ тоглосон бай арилдаггүй байх аа… Харин тэд үүнийгээ ялдамхан инээмсэглэлээрээ л нуучихдаг.

Жизелийн цагаан бүжгийг үзмээр байвал таныг ч бас театрт урьж байна. 

Ж.Нандиа

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж