Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Цэнхэр нүдэн бүсгүй

Өчигдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт үзэгчид үлгэрийн ертөнцөд умбав.
Баяр хөөр буцласан эртний Галиций гэх нарлагхан хотод бид хоёр цагийн турш “саатлаа”. Бүжгэн жүжгийн шинэ залуу од, гоцлооч Б.Саруул хайрт залуутайгаа тун удахгүй хуримлах гэж буй үзэсгэлэнтэй залуухан охин Сванильдад, харин сүйт хархүү Францын дүрд М.Од нар хувирчээ. 1870 онд Парисын дуурийн театрт анх тавигдаж байсан Л.Делибийн энэхүү бүжгэн жүжиг гурван бүлэг, таван үзэгдэлтэй.
…Аз жаргалдаа бялхсан Сванильда цонхоор эргэн тойрноо сониучирхан харж байтал гэнэт түүний нүдэнд сайхан сэтгэлт өвгөн мужаан Коппелиусын цонхон дээр ном уншин суух нэгэн танихгүй охин үзэгдэв. Үе, үе цонхныхоо цаана ном уншин суух нууцлаг тэр охиныг харахаар ойр тойрны залуус гүйлдэх боллоо. Тэдний дунд амраг хайртай Франц нь ч байхыг Сванильда олоод харчихав.
…Маргааш хуримын өдөр. Гэвч Сванильда сүйт залуугийнхаа сэтгэлд эргэлзэж байлаа. Сванильда нөхөрсгөөр мэндчилээд байхад ч үл тоомсорлон суудаг тэр нэгэн хачин жигтэй охинтой уулзахыг хүсч байв. Аз болоход түүнд тийм боломж олдлоо. Өвгөн мужааны нууцлаг гоо охиныг олж харахыг хүссэн хэдэн дэггүй залуус Коппелиусыг гэрээсээ гарч явахад нь охиноо харуулахыг хүсч, хоргоож байгаад өвгөний гэрийн түлхүүрийг санаандгүй унагаачихав. Үүнийг хөндлөнгөөс харсан Сванильда тэднийг холдмогц түлхүүрийг авч, тэр охинтой орж уулзахаар хэсэг найзуудын хамт өвгөний гэр лүү нууцаар орцгоолоо. Нэгдүгээр бүлгийн эхний үзэгдэл үүгээр дуусав.
Хөшиг нээгдэж, хоёрдугаар үзэгдэл эхлэхэд өнгөт арьстан, өтгөн хөмсөгтэй хятад хүн, буурал сахалтай бөгтөр өвгөн, булбарайхан жаалхүү, харуулын цэрэг, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд, за тэгээд, элдэв ном, ер бусын хачин тоглоомнууд энд тэндгүй хөглөрсөн сонирхол татмаар сонин содон орчин нүд булаалаа. Мэдээж энэ бол өвгөн мужааны гэр байлаа. Хэдийн харуй бүрий болжээ.
Охид өвгөний гэрт ороод тэр даруйдаа л нөгөө үл таних хөөрхөн охин мужаан Коппелиусын бүтээсэн жирийн нэгэн хүүхэлдэй байсныг олж мэдэв. Саваагүй охид хүүхэлдэй бүрийн оньсон хөдөлгүүрийг оролдож, бүгдийг нь “амилуулчих” нь тэр. Хүүхэлдэйнүүд хөдөлж, зарим нь бүр бүжиглэнэ. Хөөрч баяссан охид бүжиглэн цэнгэж байтал өвгөн Коппелиус гэртээ орж ирлээ. Урилгагүй зочдыг харж сандарч балмагдсан өвгөн уур хилэн нь бадран тэднийг саваагаар цохин, хөөн гаргав. Харин
эрсхэн зоримог Сванильда охин л самбаачлан тэндээ үлдэж, өнөөх цэнхэр нүдэт хүүхэлдэйн хувцсыг өмсч, оронд нь суучихлаа. Урилгагүй зочдоос үлдсэн байж магадгүй гэсэн хардлагаар өвгөн мужаан эргэн тойрноо харан зогсох үед цонхоор Франц хүү авиран ороод ирэв. Тэр хөөрхөн хүүхэлдэйн өмнө очин ярилцах гэхэд өвгөн Коппелиус Францыг ухасхийн бариад авлаа. Франц хүү хүч тэмцэлдэн үзэлцээд ч өвгөн мужааны гараас мултарч чадсангүй. Тэгээд тэр цөлмөж дээрэмдэхээр ирсэнгүй, хөөрхөн охинд чинь л дурлаад байна гэж үнэнээ өчихөд өвгөн Коппелиус залуу хүүд дарс хундагалж өгөв. Дарсанд согтсон Франц хүү үзэсгэлэнт Коппелияг дахин нэг харъя гээд алхан очих гэтэл хөл нь солбиод унаад өглөө. Өвгөн мужаан өмнөө байгаа олон номноос нэгийг сонгон авч унших гэтэл урлаж бүтээсэн Коппелия хүүхэлдэй нь сандлаасаа босчихсон өмнөхөн талд нь зогсож байх нь тэр дээ. Хүүхэлдэйгээ амилуулахыг үнэн голоосоо хүсдэг хөөрхий өвгөн мужаан хагартлаа баярлах нь мэдээж. Коппелия модон хүүхэлдэйн хөшүүн хөдөлгөөнөөр ганц хоёр алхсанаа төд удалгүй уран гэгч нь бүжиглэж эхлэв. Сүүлдээ өвгөний хараа гүйцэхээ байлаа…
Франц амраг бүсгүй Сванильдагаасаа уучлалт эрж, түүнийхээ хартай занг ч бас хүлцэж, залуу хосууд Галиций хотын төв талбайд хурим найраа хийцгээж байгаагаар гуравдугаар бүлэг эхэлнэ. Жаргалд умбасан амраг хосын хуриман дээр хотын зүг бүрээс залуус цугларч байна. “Коппелия” бүжгэн жүжгийн балет сонирхогчдын үзэх дуртай хэсэг болох сүүлийн үзэгдлийн “па де труа”-д О.Ганцоож, Б.Энхтуул, Японы балетчин Я.Саяака нар бүжиглэж, үзэгчдийн таашаал хүлээсэн.
Дахин үзмээр гоё “үлгэр”. Гэрэл гэгээтэй, сонирхолтой бас хөгжилтэй. Үзэж амжаагүй бол та дараагийн удаа “Коппелия”-г заавал үзээрэй.

Ж.Индра

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж