-Нийт хэдэн хүүхдэд хордлогын шинж илэрсэн юм бэ. Одоо эмнэлэгт хэдэн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна?
-Булган сумын I арван жилийн сургуулийн 3-5 дугаар ангийн нийт 122 хүүхдэд хордлогын шинж тэмдэг илэрсэн байна. Одоо сумын эмнэлэгт 26 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Ихэнх хүүхдүүд бөөлжиж, суулгасан, өндөр халуурсан байдалтай эмнэлэгт ирсэн.
-Хүүхдүүдийн биеийн байдал ямар байна. Сумын эмнэлэгт шаардлагатай эм тариа хангалттай байгаа юу?
-Тус сургуулийн III ангийн нэг хүүхдийн биеийн байдал хүнд байна. Өнөөдөр хотоос бид нартай хамт мэргэжлийн эмч нар ирсэн. Мөн шаардлагатай эм тариа, шингэн гээд бүх зүйлийг авчирлаа. Одоо эмчилгээ эхэлсэн учир хүүхдүүдийн биеийн байдал сайжрах байх. Агаар муу, шуурга ихтэй байгаа учир бид замдаа саатаж, Говь-Алтайд буугаад наашаа ирлээ.
-Баасан гаригт хүүхдүүд үдийн цайндаа юу идсэн юм бол?
-Хүүхдүүд тэр өдөр наполеон бялуу идсэн юм билээ. Идсэн даруйдаа хүүхдүүдийн бие муудан бөөлжиж эхэлсэн гэсэн. Ойролцоогоор 10 минут ч хүрэлгүй хүүхдүүдийн биед өөрчлөлт өгсөн байна. Зэрэг зэрэг олон хүүхэд өвдөөд эхлэхэд сумын эмнэлэгийнхэн сандарч, хүн хүч муутай байсан ч сайн ажиллажээ.
-Сумын сургууль хүнсний зүйлээ хаанаас авсан юм бол. Наполеон бялууг сумандаа хийдэг юм уу?
-Сумынхан хүнсний зүйлээ аймаг болон сумынхаа захаас авдаг юм байна. Хүүхдүүдийн идсэн бялууг сумандаа хийсэн гэсэн. Мэргэжлийн хүмүүс дээж аван шинжилгээ хийж эхэлсэн. Удахгүй шинжилгээний хариу гарахаар юунаас болж хордсон болох нь тогтоогдох байх.
Х.Сүрэн