Өмнөд Солонгосын Кёнги мужийн Ёнгин хотод ажилладаг камбож цагаач ажилчин өнгөрсөн сард орсон их хэмжээний цасны улмаас хүнд өдрүүдийг өнгөрөөснөө цахим сүлжээндээ бичлэгээр хуваалцжээ. Тэрбээр өгүүлэхдээ "Дээврийг цас дарсан учир ус алдаж байна. Амьдрах боломж алга. Шөнөдөө хүйтэн. Цахилгаан тасарсан. Би айж байна. Даргаасаа өөр байр гуйсан. Халуун ус ч байхгүй энэ байрнаас намайг хөөчихлөө. Жаахан хугацаа өгөөч гэж гуйсан ч цаг хүрэхгүй хугацаа л өгсөн. Энэ бол гадаад ажилчны амьдрал. Ингэж амьдрана гэж байх уу?" гэжээ.
Түүний бичлэг цахим орчинд асар их хандалт цуглуулжээ. Тухайн үедээ олны анхаарлыг татсан ч гэлээ камбож ажилтан одоо яг хаана байгаа нь тодорхойгүй хэвээр.
Өмнөд Солонгос дахь цагаач ажилчдын орон сууцны нөхцөл хүнд байгаа талаар үе үе шүүмжлэл гардаг. Үүнтэй холбоотойгоор тус улсын Хөдөлмөрийн яам энэ оны эхээр тэдний амьдардаг байр сууцыг бүрэн шалгах амлалт өгсөн. Гэсэн ч одоогоор тодорхой үр дүн гарсан зүйл үгүй байна. Ийм шалгалт явуулахын тулд ажилчдаас мэдээлэл цуглуулах хүсэлтийг орон нутгийн засаг захиргаа гаргасан ч үүнийг нь яамнаас зөвшөөрөөгүй аж.
Кёнги мужид 660 мянга гаруй цагаач ажилчин байдаг. Энэ нь Өмнөд Солонгосын мужууд дундаас хамгийн өндөр үзүүлэлт юм. Тус муж өнгөрсөн долдугаар сард цагаач ажилчдыг ажлын байраар хангах, орон сууцжуулах, халамж дэмжлэгийг нь нэмэгдүүлэх зорилгоор Цагаачлал, нийгмийн асуудал хариуцсан товчоо хүртэл байгуулжээ.
Орон байрны асуудлаас болоод камбож цагаач нас барсан хэрэг дөрвөн жилийн өмнө гарч байв. Тодруулбал, 31 настай камбож ажилчин Нуон Сокхен -18 хэмийн хүйтэнд халаалтгүй хүлэмжинд хөлдөж нас баржээ. Үүнээс хойш асуудал арилсангүй, Хөдөлмөрийн яамны амласан шалгалтын үр дүн ч гараагүй байна. Түүний үхэл нийгэмд цочроо өгч, "Хуванцар хүлэмж бол гэр биш" гэсэн уриа лоозон гарсан юм.
Статистикийн мэдээлэл харвал таван цагаач ажилчин тутмын нэг нь хүлэмж, чингэлэг, саравч гэх мэт шаардлага хангаагүй орон сууцанд амьдарч байна.
з 1 цагийн өмнө 202.126.90.183
хөгийн солонгосууд урьд нь өөрсдөө ийм байсан ш дээ Одоо нэг их сэхэж дээ
Нэргүй 2 цагийн өмнө 74.14.152.237
Солонгос наанаа ардчилал цаанаа ийм болоxоор ерөнxийлөгчийг буруутгаx ч xаашаа юм, яаxав энэ удаа ялж болно, ер нь xэтгүй болчихжээ