“Шугамын давхцалыг арилгаж байж, түгжрэл буурах тул автобусны чиглэлийг өөрчилсөн” гэдэг мэдэгдлийг хийж байсан нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг бухаж үзэж байна.
Тэрбээр “Автобусаар нийтдээ хэдэн хүн зорчдог вэ гэдэг мэдээлэл бүрэн биш байна. Үүнийг автобусны чиглэл өөрчилсөн өвлийн арга хэмжээнээс та бүхэн харсан. Жишээ авахад, Энхтайвны өргөн чөлөөнд 75 автобус хүрэлцээтэй гэдэг мэдээлэл UB смарт карт компанийн датагаар гарсан. Бодит байдал дээр 75 автобус хүрэлцэхгүй байгаа. Яагаад гэхээр төлбөрөө төлөхгүй маш олон хүн явдагтай холбоотой. Автобусаар зорчиж байгаа иргэн смарт картаа уншуулахад “дансан дахь гүйлгээ чинь хүрэлцэхгүй байна” гэсэн ч цаашаа явдаг учраас хэдэн цагт аль чиглэл рүү хэчнээн автобус гаргах шаардлагатай вэ гэдэг төлөвлөлт хийхэд хүндрэлтэй байна. Зорчигч болгон төлбөрөө төлдөг болж байж, энэ хэрэгцээ шаардлагад нийцсэн төлөвлөлт хийнэ. Одоогоор зорчигчдыг тоолж байна. Нэг улирлын турш тоолохоор статистик гарна” гэв.
Толгой тоолох ажил бүтэн улирлын турш үргэлжилнэ гэхээр зорчигч нар дахиад ч хоёр сар автобусаа хүлээж, чихцэлдэн гүрийх болж байна.
Шугамын давхцалыг арилгах нэрийн дор төв зам дагуу үйлчилгээнд гардаг байсан “Зүүн салаа-Халдвартын эцэс”, “Орбит-Ард кино театр, “ХМК-Офицеруудын ордон” зэрэг чиглэлүүдийг өнгөрсөн өвлөөс байхгүй болгосон. Үүнээс болж, Улаанбаатар хотын баруун чиглэлд амьдардаг иргэд Хавдар судлалын үндэсний төвд очиж үйлчилгээ авахын тулд 3-4 автобус дамжин явахаас аргагүйд хүрч байгаа. Зөвхөн "Таван шар-Офицеруудын ордон" чиглэлийн автобусыг л хүлээнэ. Энэ чиглэл нь ирэхгүйuttv заримдаа 1 цаг хүлээлгэх энүүхэнд. Хөгшид, хүүхэд бөөвийтлөө л хүлээцгээнэ. Хүлээхгүй гээд ч яалтай билээ. Ганц хөл дүүжлэх чиглэлийн унаа нь "Таван шар-Офицеруудын ордон", өөр чиглэлийн автобусны үйлчилгээг хорьчихсон хойно.
Дарга нар “Зүүн салаа-Халдвартын эцэс”, “Орбит-Ард кино театр, “ХМК-Офицеруудын ордон” чиглэлийн автобусыг явуулахгүй болсон шалтгаанаа Сүхбаатарын талбай дамжин өнгөрдгөөс түгжрэл үүсгэдэг гэж үзсэн юм. Гэвч шинээр бий болгосон “Ривер гарден-Сүхбаатарын талбай”, “Хан хиллс-Сүхбаатарын талбай”, “Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбай” гэсэн чиглэлүүд нь ялгаагүй Сүхбаатарын талбай дээр ирж буй. Ингэхдээ дээрх чиглэлийн автобус нь хүнгүй хоосон шахам давхисаар хэдэн сарыг барж байгаа.
Дарга нар эл маршрутыг санаачилсан тул сандлаа ачаад давхиад байсан ч хамаагүй. Уг нь энэ бүх зорчилт бүрт шатахуун хий зарцуулахаас эхлээд алдагдал яригдаж буй. Харамсалтай нь, дарга нарын санаачилсан болгонд буруу байхгүй хойно яах билээ.
Нөгөө талдаа автобусаар үйлчлүүлж байгаа зорчигч бүрийн тоог гаргаж төлөвлөлт хийнэ гэхээр асуудал бий ч автобусаар үйлчлүүлж үзээгүй дарга нар яахан учрыг нь ойлгох билээ. Одоо хэрэгжиж байгаа журмаар хоёр дахь автобусаар үйлчлүүлэхэд дамжин суулт үнэгүй гэдэг ч зорчигч эхний суусан автобуснаасаа буухын өмнө хойд хаалган дээр байрших төхөөрөмжинд картаа уншуулдаг ч хоёр дахь дамжин суултад “үнэгүй” үйлчлүүлэх эрх нь үйлчилдэггүй. Картаа уншуулангуут 500 төгрөг нэмж авдаг. Эс бол эхний үйлчлүүлсэн автобусны хойд хаалган дээрх төхөөрөмж нь “Төхөөрөмжийг шалгаж байна” гээд карт уншдаггүй. Заримдаа уг төхөөрөмжөө хэргээр ажиллуулдаггүй юу, эсвэл үйлчилгээнийх нь буух цаг нь дөхөхөөр унтраасан байдаг уу хоёр дахь дамжин суултаар үнэгүй үйлчлүүлэх боломж байдаггүй. Эдгээр бэрхшээлээс болоод зарим иргэн картаа уншуулах бүрийд 500 төгрөг татуулдаг. Амьдрал дээрээ ийм байгаа ч дөрвөн хананы дундаасаа өндийдөггүй дарга нар үүнийг яаж мэдэх билээ. Уг нь Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл "Автобусны шугамыг өөрчилж болно. Гол нь энэ бүхэн нь нарийн судалгаатай байх ёстой. Австари улс автобусаар үйлчлүүлж байгаа зорчигчдын урсгалыг өдөр бүр мэдэж байхын тулд математикийн шинжлэх ухааны маш том хүрээлэн ажиллаж байсан. Нийтийн тээврийн зорчилт хөдөлгөөний урсгал хаашаа чиглэж байна вэ гэдгийг гаргана гэдэг шинжлэх ухаан шүү" гэдгийг хэлж байсан ч манай хотын дарга нар толгой тоолно л гэж гүлдийсээр л…
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ