Украины парламентын гишүүн асан Илья Кива ОХУ-д амиа алджээ. Түүний цогцсыг нийслэл Моксвагийн баруун хэсэгт орших Супонево тосгоноос олсон гэж Оросын мөрдөн байцаагчид мэдэгдэв. Бага оврын зэвсэг ашиглан түүний амийг хөнөөжээ.
Илья Кива нь өнгөрсөн жил эх орноосоо урваж, Украиныг эзлэн авахыг олон нийтэд уриалсан хэргээр 14 жилийн хорих ял авсан. Гэхдээ хорих ял оноох үед тэр Украинаас хэдийнэ дүрвэсэн байжээ.
Тэрээр 2019 онд ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзсэн ч бүтэлгүйтсэн. Улмаар Оросын түрэмгийллээс ердөө сарын өмнө эх орноо орхин гарчээ. Тэр Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр суртал ухуулгын нэвтрүүлгүүдэд тогтмол оролцдог байв. Мөн Оросоос улс төрийн орогнол хүсэхээр төлөвлөж байсан гэх мэдээлэл ч байна.
46 настай улстөрчийн үхлийн ард Украины Аюулгүй байдлын алба байгаа гэж эх сурвалжууд үзэж байна. Учир нь Украины Цэргийн тагнуулын хэвлэлийн төлөөлөгч Андрей Юсов хэвлэлд мэдээлэл өгөхдөө "Тийм ээ, бид Илья Киваг нас барсныг баталж чадна. Энэ хувь тавилан Украины бусад урвагч болон Путины утсан хүүхэлдэйнүүдэд тохиолдох болно" гэж хэлжээ.
Илья Кивагаас гадна Оросыг дэмжигч өөр нэгэн улстөрч Олег Попов Лхагва гаригт Луганскт машинтайгаа дэлбэрч амиа алдсан байна. Луганск мужийн ихэнх хэсэг Оросын мэдэлд байдаг.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ