Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс баруун тийш 120 километрт орших Тамсагбулаг орчимд гарсан түймрийг гал унтраах бүлгүүд унтрааж, цурманд оруулсан талаар аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн мэдээлжээ. Тэрбээр "Өмнөх өдрүүдэд хүчтэй салхинд их хэмжээний түймэр дэгдсэн тул гал унтраах бүлгүүд унтрааж явсан. Ард үлдсэн цурман дахь адууны хомоол зэргээс дахин гал гарч, хүчтэй салхинд тархах эрсдэлтэй байдаг билээ. Бидний дараагийн шатны хариу арга хэмжээ болох гал түймрийн аюулд өртсөн иргэд, малчдад туслах, хохирлыг багасгах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмай, Эрүүл мэнд, Хүнс, хөдөө аж ахуй, Онцгой байдал, Байгаль орчин, сум, багийн Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан ба Халхгол суманд газар дээр нь ажиллахаар хөдөллөө" гэсэн байна.
- Гал түймрийн аюулд нэрвэгдсэн 10 орчим малчинд улсын нөөцөөс гэр олгохоор болсон.
- Мал сүрэг, төл малд хэрэгцээт өвс тэжээлийн нөөц бүрдүүлж, малчдад хуваарилалт хийх
- Түймэрт өртсөн малчин өрх айлуудыг малын бэлчээртэй газарт нүүлгэн шилжүүлэх
- Мал сүрэг нь түймэрт өртсөн иргэдийг малжуулах төсөлд хамруулах
- Түймэрт гэр, сууц, малын хашаа хороо нь өртсөн иргэдэд гэр, дулаан хувцас, эд хогшил олгох, малын хашаатай болгох ажлыг зохион байгуулах
- Түймрийн аюулд нэрвэгдэгсдэд сэтгэл зүйн олон талт дэмжлэг үзүүлэх
- Зэрлэг амьтдын талаар авах арга хэмжээний санал боловсруулах ажлыг хэрэгжүүлнэ.
Холбоотой мэдээ