НАТО-г улам бэхжүүлсэн Оросын түрэмгийлэл

Хуучирсан мэдээ: 2022.11.29-нд нийтлэгдсэн

НАТО-г улам бэхжүүлсэн Оросын түрэмгийлэл

НАТО-г улам бэхжүүлсэн Оросын түрэмгийлэл

НАТО яг одоо өөртөө сэтгэл хангалуун байна. Мэдээж Брюссель дэх төв оффист нь очоод, албан тушаалтнуудтай нь ярилцвал Европын өнөөгийн нөхцөл байдалд баярлаж суугаа хүн нэг ч байхгүй. Гэхдээ эвслийнхэн туйлын эв нэгдэлтэй байгааг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрнө. Тухайлбал, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнд НАТО, Европын холбоо тууштай хамтран ажилласан. Ийм нэгдэл үргэлж тохиолдоод байдаггүй. “Хэрвээ та надаас хоёрдугаар сард асуусан бол одоогийн эв нэгдлийг таамаглаж хэлэхээргүй байсан” гэж Брюссель дэх АНУ-ын албаны хүн хэлжээ.

БАРУУНЫХАН ДАЙНААС ЗАЛХСАН УУ?

Дайн эхэлснээс хойш даруй таван сарын дараа барууныхан Украины дайнаас залхаж эхэлсэн үү гэх таамаг гарч ирсэн. Учир нь дайнаас улбаатайгаар дэлхий даяар хоол хүнс, эрчим хүчний хямрал нүүрлэсэн тул зарим түншүүдийн хувьд энэ нь бодит зүйл гэж АНУ-ын албаны хүн хэлжээ. “Хүмүүс Украиныг Оросын Афганистан 2.0 хувилбар гэж үзэж эхэлж байна. Энэ дайн эцэс төгсгөлгүй үргэлжилж, хүмүүсийг залхааж байна” гэж “Politico” сэтгүүлд бичсэн. Украинд үзүүлэх дэлхийн дэмжлэг хэчнээн чухал ч мөргөлдөөн үргэлжлэх тусам дэлхий залхах вий гэж эмээж буй. Түүнчлэн ОХУ дэлхийн хамгийн том цөмийн цэнэгт хошуутай тул зарим орон тэдний эсрэг эрс арга хэмжээ авахаас эмээж болзошгүй юм.

Гэтэл нөхцөл байдал үнэн хэрэгтээ тийм байгаагүйг НАТО-ийн нэрээ нууцалсан албан тушаалтан хэлсэн. “Украины талд зогсох бидний хатуу шийдвэрт энгийн иргэд болон иргэний дэд бүтцэд халдаж буй Оросын харгислал тусалсан. Дайны гэмт хэргийн дүр зургийг бид өдөр бүр харж байна. Энэ нь биднийг дайнаас нүүр бууруулахад хэцүү болгодог” гэжээ.

Кремлийн тактикийг маш буруу байсан гэж барууныхан үзэж байна. Тэд Украиныг дэмжиж буй улс орнуудад та нар ч бас зовох болно гэсэн хандлагаар хандсан. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин НАТО-г зүүн тийш тэлэх нь гэж буруутгасан нь эцэстээ бодит болжээ. Учир нь Швед болон Финланд улсууд НАТО-д элсэх хүсэлт гаргасан нь Кремлийн үйл ажиллагааны шууд үр дүн байлаа. Угтаа бол тус улсууд олон арван жилийн турш эвсэлд үл нэгдэхийг илүүд үздэг байв.

ДЭМЖЛЭГИЙН ХЭЛБЭРҮҮД

НАТО-ийн орнууд Украиныг практик болон улс төрийн гэсэн хоёр хэлбэрээр дэмжиж байна. Практик хэлбэрийн дэмжлэг нь Украинд цэргийн дэмжлэг үзүүлэх чадвартай байхын тулд аж үйлдвэрүүдийг хэрхэн яаж зохион байгуулах вэ гэдэгт чиглэнэ. Дайн эхэлснээс хойш эхний хэдэн долоо хоногт сандарсан байдалтай байснаа бодвол сүүлийн үеийн тусламжууд нь илүү зорилтот, урт хугацааны болж буйг НАТО-ын албаныхан хэлж буй. Гэвч тус эвсэл нь өөрийн гишүүдэд үзүүлж буй болон Украинд үзүүлж буй цэргийн дэмжлэгийнхээ хооронд зориудаар зааг үүсгэдэг аж. Тусламжийг НАТО-ийн гишүүн орнуудын засгийн газрууд шийдэж, олгодог. Гэтэл энэ ялгааг Кремль хүлээн зөвшөөрдөггүй. НАТО-ийн хувьд цөмийн эрчим хүчтэй холбоотойгоор улам хурцдаж буй зөрчилдөөнөөс зайлсхийхийг хичээж байна.

Украинд үзүүлэх улс төрийн дэмжлэг гэдэг нь НАТО-ийн гишүүн орнууд тус тусын парламент болон иргэдтэйгээ хамтарч зохицуулах үйл ажиллагаа юм. Шинжээчдийн үзэж буйгаар Украинд туслах зардал нь АНУ, Франц, Их Британи зэрэг улсын Ирак, Афганистанд зарцуулсан зардалтай харьцуулахад юу ч биш юм. Тухайлбал, Герман, Франц, Италид явуулсан сүүлийн үеийн судалгааны дүнг харахад амьжиргааны өртөгт шууд нөлөөлж буй хориг арга хэмжээг сулруулах хүсэлтэй байжээ. Энэ нь төдийлөн өндөр хувьтай гараагүй буюу Франц, Германд 28, Италид 26 хувьтай байжээ. Гэсэн хэдий ч эдгээр улсын удирдагчид дэмжлэгээ тууштай хадгалсаар байна.

Украинд ямар үр дүн гарахаас үл хамааран Европ дахь нөхцөл байдал геополитикийн хувьд ч, аюулгүй байдлын хувьд ч ирэх жилүүдэд ээдрээтэй хэвээр байх болно гэж шинжээчид таамаглаж байна. Оросын түрэмгийлэл дэлхий даяарх аюулгүй байдлын тогтолцоонд өөрчлөлт оруулсан гэж Брюссель дэх АНУ-ын албан тушаалтан хэлжээ. Зөвхөн НАТО төдийгүй Япон, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Австрали зэрэг бусад ардчилсан орон Путины үйлдлийг дэлхийн дэг журамд ноцтой заналхийлсэн гэж үзэж байна.

НАТО-ийн гишүүн орнууд Украинд олон сая ам.долларын үнэ бүхий агаарын довтолгооноос хамгаалах систем амлажээ. Герман улс нисэх онгоц, далавчит пуужин, нисгэгчгүй онгоц сөнөөх чадвартай “Iris-T” системийг илгээсэн. Эндээс эхний ээлж нь хэдийнэ Украинд ирээд буй. Харин АНУ нисэх онгоц, далавчит пуужин, “NASAMS” системийг илгээнэ гэж амласан. Их Британи, Канад, Франц, Нидерланд улсууд ч бас агаарын довтолгооноос хамгаалах систем илгээж байна. Тодруулбал, Их Британи улс танк эсэргүүцэх “NLAW” зэвсэг, “MLRS” алсын тусгалын пуужингийн систем, Герман улс өөрөө явагч зенитийн буу, зөөврийн газар-агаар ангиллын пуужин, Франц улс Цезарь өөрөө явагч буу нийлүүлсэн. Зэвсгийн нийлүүлэлтээс гадна НАТО-ийн гишүүн орнууд Украины цэргүүдэд өргөн хүрээний сургалт явуулж байна.

НАТО ЯАГААД ЦЭРГЭЭ ОРУУЛАХГҮЙ БАЙНА ВЭ?

НАТО-ийн гэрээний тавдугаар зүйлд хэрвээ аль нэг гишүүн орон халдлагад өртвөл түүнийг хамгаалах үүрэгтэй гэж заасан байдаг. Гэвч Украин нь НАТО-ийн гишүүн биш тул тус эвсэл цэргээ оруулахаас татгалзсан. Түүнчлэн АНУ зэрэг тэргүүлэгч орнууд үүнийг хийвэл ОХУ-тай шууд зөрчилдөж, илүү өргөн хэмжээний дайнд хүргэнэ гэж эмээж буй. Гэхдээ зүүн Европт буюу Литва, Польш зэрэг эвслийн гишүүн орнуудын нутаг дэвсгэрт НАТО-ийн 40 мянга орчим цэрэг байрладаг. Түүнээс гадна 300 мянган цэрэг өндөржүүлсэн бэлэн байдалд байна.

ОХУ 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсний дараа Украин НАТО-д элсэхийн нэн тэргүүний зорилтоо болгосон. Түүнчлэн гишүүнээр элсэх үйл явцыг хурдасгах хүсэлтийг саяхан НАТО-д тавиад буй. Украины ойрын хугацаанд гишүүнээр элсэх хүсэлтийг Төв болон Зүүн Европын есөн орон дэмжжээ. Одоогоор Украиныг гишүүнээр элсүүлэх талаар бодох цаг арай болоогүй, оронд нь зэвсгээр хангах нь илүү чухал гэж НАТО үзэж байна.

Эх сурвалж: BBC, THE WEEK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж