Нүүдэлчдийн бичиг соёлын дурсгалууд олджээ

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Нүүдэлчдийн бичиг соёлын дурсгалууд олджээ



Нүүдлийн соёл, иргэншлийг судлах олон улсын хүрээлэн Японы эрдэмтэдтэй хамтран ажиллаж буй “Бичээс” төслийн судалгааны багийнхан хус модын үйсэн дээрх бичээс, хятан бичигт гэрэлт хөшөө зэргийг олсон талаараа өнөөдөр мэдээллээ. Судалгааны багт Монголын талаас профессор А. Очир, доктор Л. Эрдэнэболд, Японы талаас профессор К. Мацүда, профессор Х. Мураока, профессор Т. Мацүкава нар оролцон ажиллажээ.

Тэд энэ оны VI, VIII дугаар сард Монгол улсын нутагт судалгаа явуулж, Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт буй Хар бух хэмээх эртний балгасны тууриас хус модны үйсэн дээр бичсэн номуудыг, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутгаас хятан бичигт гэрэлт хөшөөг шинээр нээн олсон байна. Хар бух хэмээх эртний балгасны тууриас олдсон хус модны үйсэн дээрх бичээс нь үндэсний өвөрмөц технологийг агуулсан үнэт ховор дурсгал хэмээн үнэлэгддэг аж. Хусны үйсийг цаас шиг нимгэн, бас уян зөөлөн болгож боловсруулдаг байсан нууцыг одоог хүртэл тайлаагүй байгаа юм. Үйсэн номуудыг одоо Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнд хадгалж байгаа бөгөөд тэдгээрийг сэргээн засч, бэхжүүлэн тусгай ном гаргахаар төлөвлөж байгаа аж.

Харин Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Бүлээн хэмээх газраас олсон  эртний хятан бичигт гэрэлт хөшөө нь 183 см өндөртэй, 53 см өргөн, нэг талд нь Хятаны их бичгээр долоон мөр бичиг сийлсэн байна. Урьдчилсан судалгаагаар, уг хөшөөг 1058 оны наймдугаар сарын 1-нд босгосон гэж дүгнэж байгаа гэнэ. Өмнө нь тусгайлан бичсэн хятан бичигт хөшөө олдож байгаагүй аж.

 Сонирхуулахад, 1994 оноос “Бичээс” төслийн ажлыг эхлүүлээд байгаа ба уг төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд монгол, дөрвөлжин, араб, перс, хятад бичигтэй хөшөө дурсгалуудыг олж судлан, дөрвөн ном нийтлэн гаргасан  гэнэ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж