Украин Оросоос салан тусгаарласны 31 жилийн ойг тохиолдуулан, Лхагва гаригт "Тусгаар тогтнолын өдөр"-өө тэмдэглэж байна. Өмнөх жилүүдэд тус өдрийг баяр ёслол, парад зохион байгуулж тэмдэглэж байжээ.
Киевийн цэргийн захиргааны дарга, хошууч генерал Микола Жырнов тэргүүтэй аюулгүйн хүчнийхэн Оросын болзошгүй халдлагад илүү үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэхийн тулд нийслэл болон бусад хотуудад арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон талаар мэдээлэв. Парадын оронд эвдэрсэн, олзлогдсон Оросын цэргийн машин, тэр дундаа танкуудыг Киевийн төв гудамж болох Хрещатик дээр байрлуулсан байна. Энэ нь дайны эхний долоо хоногт Москвагийн Киевийг эзлэх оролдлого бүтэлгүйтсэний гэрчлэл гэж иргэд ярив.
Ерөнхийлөгч Владимир Зеленский тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэх нь Оросын бай болж магадгүй гэж анхааруулсны дараа Украины ард түмэн шинэ халдлагад бэлдэж байна. Ерөнхийлөгч “Цэнхэр шар туг Украины түр зуур эзлэгдсэн бүх хот, тосгонд байх эрхтэй. Эх орондоо төрийн далбайгаа дахин мандуулах болно” гэж тангараг өргөсөн байна. Тэрбээр мөн найман жилийн өмнө оросуудын хавсаргасан газар нутагт ноёрхлоо сэргээнэ гэж амласан. Германы канцлер Олаф Шольц дэмжлэг хэрэгтэй л бол манай улс Украины талд тууштай зогсоно гэж мэдэгдэв. Японы Ерөнхий сайд Кишида Фумио мөн Орос улс цөмийн зэвсэг хэрэглэнэ гэсэн заналхийллийн талаар санаа зовж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр халдлага нь дэлхийн дэг журмын үндсийг сэгсэрсэн гэж үзэж байна.
Эх сурвалж: CNN, NHK JAPAN
Холбоотой мэдээ