"Хэдэн зуун тэрбумаар нь аваад, өмнөх муу зээлээ төлсөн байна"

Хуучирсан мэдээ: 2022.02.23-нд нийтлэгдсэн

"Хэдэн зуун тэрбумаар нь аваад, өмнөх муу зээлээ төлсөн байна"

"Хэдэн зуун тэрбумаар нь аваад, өмнөх муу зээлээ төлсөн байна"

Хөгжлийн банкийг шалгах УИХ дахь ажлын хэсгээс мэдээлэл хийж байна.


УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР:

-2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр захирамж гаргаж, Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг байгуулсан. Урьдчилсан дүгнэлт гаргаж байна. Цаашид шалгах ажил их байна. Шалгалтын явцад нийт 800 гаруй хуудас материал цугласан.

Нийт зээлийн эх үүсвэрийн 68.9 хувь буюу нэг их наяд 874 тэрбум төгрөгийг Засгийн газрын баталгаагүй олгосон байна. Үүнээс 31 хувь буюу 840 тэрбум төгрөгийг Засгийн газрын баталгаатай олгосон. Монгол Улс 2023 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Хөгжлийн банкны 63 тэрбум, 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр 1.6 их наяд буюу 500 сая ам.долларын бонд төлнө. Мөн 2023 оны арванхоёрдугаар сард "Самурай" бондын эргэн төлөлтийг хийнэ. Эргэн төлөлт хийхэд урьд олгосон зээл хүрэлцэхгүй. Монгол Улсын Засгийн газар, төрийн нуруунд их хэмжээний ачаалал үүсгэх төлөвтэй байна.

Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны эрсдэлийн сан 585 тэрбум төгрөг байна. Үүнийг Монголбанкны гаргасан тооцооллоор 1.3 их наяд төгрөг болгон нэмэгдүүлсэн. Нийт зээл 2012 оноос эхлээд олгогдсон. 2021 оныг хүртэл 3.2 их наяд төгрөгийн зээл чанаргүй болчхоод байгаа юм. 2012 оноос эхлээд 7.4 их наяд төгрөгийн зээл олгогдсон. Үүнээс 3.2 нь чанаргүй болсон. Энэ дээр голлож ажиллалаа.

Нийт зээлийн 31 хувь буюу 1.2 их наяд төгрөгийн зээлийг чанартай гэж үзэж байна. 55.6 хувь буюу 1.8 их наяд төгрөгийн 28 зээл чанаргүй, 15 зээл буюу 209 сая төгрөгийн зээл анхаарал хандуулах зээлд хамрагдсан.

Нийт зээлийн зарцуулалтыг авч үзвэл 84.1 хувь буюу 2.7 их наяд 52 зээлийн зарцуулалт зориулалтын дагуу зарцуулагдсан. 511.8 буюу 21 зээл зориулалтын бусаар зарцуулагдсан. Үүнд 20 аж ахуй нэгж бий.

Эрсдэлийн сангаар тооцож үзвэл 687 тэрбум чанаргүй, 543 тэрбум төгрөг анхаарал хандуулах, 131 тэрбум төгрөг хэвийн гэж үзэж байна.

Барьцаа хөрөнгийг авч үзвэл нийт зээлийн 59.9 хувь буюу 1.7 их наяд төгрөгийн 39 зээл барьцаа хөрөнгө хангаагүй, 46.1 буюу 1.4 их наяд төгрөгийн зээл барьцаа хангалттай гэж үзсэн.

Зориулалтаар нь авч үзвэл:

  • 48 хувь нь боловсруулах үйлдвэрт,
  • 25 хувь нь барилга,
  • 12 хувь нь уул уурхай,
  • Цахилгаан, тээвэр, агуулахын үйлчилгээ, санхүүгийн болон даатгалын үйлчилгээ үлдсэн хувийг эзэлж байна.

Өнөөдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээлийг авч үзвэл  797.8 тэрбум төгрөгийн зээл нэг жилээр  хугацаа хэтэрсэн байгаа. 1-2 жилийн хугацаа хэтэрсэн зээл 462 тэрбум төгрөг байна. 2-3 жил хугацаа хэтэрсэн зээл 482 тэрбум төгрөг, байна. Харин 1.1 их наяд төгрөгийн  зээл 3-аас дээш жилийн хугацаа хэтэрсэн байна.

Хэвийн зээлд 20 аж ахуйн нэгж хамаарч байна. Эдгээр 20 аж ахуйн нэгжид хугацааны хэтрэлттэй боловч хэвийн гэж үзэхээр 7, үлдэж буй 13 компани хугацааны хэтрэлгүй явж байна. Анхаарал хандуулах зээлд таван зээл байна. Үүнд "Эрдэс Монгол", Эрчим хүчний яам, "Ган хүдэр", "Вояаж", "Минерал", "Монгол эм импекс" багтсан. Нийт 209 тэрбум төгрөг бий.

Чанаргүй зээл нийт 47 зээл байна. Энэ зээлийн дүн 1.8 их наяд төгрөг байна. Асуудал дэгдсэнээс хойш 21 аж ахуйн нэгж 48.9 тэрбум төгрөгийн төлөлт хийсэн. Шүүхийн шатанд 30.9 хувийн зээлийн нэхэмжлэл гаргасан. Үүнд 11 удаа хойшилсон шүүх хурал байна.

Зориулалтын бусаар ашигласан 20 компани бий. Үүнд "Бэрэн", "Ази импорт", "Инжир", Капитал банк, "Комплант", "Монгема", "Мондрайв", "Түгээмэл түмэн хишигтэн" зэрэг байна.

Амжилттай хэрэгжиж буй найман төсөл байна. Үүнд Дорнод бүсийн эрчим хүчний газар, Газрын тос боловсруулах үйлдвэр, Говь комбинат, МИАТ, Зорчигч тээвэр, Монцемент, Монполимет нар багтсан.

Эхний байдлаар гаргасан дүгнэлтэд Хөгжлийн банк арилцааны банкуудад тавигддаг зургаан шалгуур байдгаас гурвыг нь хангахгүй байна. ТУЗ нь 84 журам, заавар гаргасан. Үүнийг нэг бүрчлэн уншиж тулгаж, үзэж байна.

Төрийн өмчит компаниудаас 316 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл буюу төрийн өмчид олгосон таван зээл байна. Шинэ яармаг хороолол, Хөдөлгөөнт цогцолбор, "Эрдэнэс Монгол" гэх мэтийн таван төсөл байна. Энэ нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангаагүй. Мөн хувийн хэвшилд олгосон 797 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй 27 зээлдэгчид хуульд заасан шаардлага хангаагүй байхад зээл олгосон байна.

ТУЗ-ийн шийдвэрийн дагуу 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 27 дугаар тогтоолоор батлагдсан зээлийн бодлогын дөрөв дэх заалтуудыг хангаагүй “Изнис эрвис”, НЦВ, “Монголдрай” гэх мэт 10 гаруй компани байна. УИХ хяналт шалгалтаа өргөжүүлнэ.

УИХ энэ оны гуравдугаар сарын 15-наас хаврын чуулган нээлтээ хийнэ. Энэ өдрөөс гишүүд санаачилга гаргаж, шалгалтын ажлын хэсгийг хянаж шалгах түр хороо болгон өргөжүүлэх саналыг дэвшүүлж байна. Мөн хяналтын сонсгол хийхээр төлөвлөж байна. Цаашид Хөгжлийн банкны хуулийг өөрчлөх, сайжруулах, ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалж зээл олгосон байна. Цаашдаа хяналттай болгох олон асуудлыг шийдэх шаардлага байна.

УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Хөгжлийн банкны хулгай луйврын асуудал дэлгэгдсэн. Одоо тунаад үлдсэн 73 зээлтэй холбоотой асуудлаар ярьж байна. Ажлын хэсгийн ахлагч хэллээ. Хөгжлийн банк арилжааны банкинд тавигддаг зургаан шаардлагаас гурвыг нь хэрэгжүүлэхгүй явж ирсэн. Энэ бол хариуцлагатай холбоотой асуудал. Хөгжлийн банкинд байгуулагдсан цагаас нь хойш арван удаагийн шалгалт хийсэн. Хөгжлийн банк зээлдэгчийнхээ амаар ажил, асуудалд хандаж байсан. Хэрэгжиж буй төсөл бүрээр нь очиж нягтлах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:

-Өргөн цар хүрээг хамарсан асуудал болчихсон. Бид өмнө шалгасан 10 материалыг сийрүүлбэл утгагүй. Гол анхаарах ёстой зүйл нь зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг анхаарах хэрэгтэй. Арилжааны банкны зээлээ төлчихсөн хүн байна. Хэдэн зуун тэрбумаар нь аваад, муу зээлээ төлсөн хүн байна. Мөн зориулалтын бусаар зарцуулсан хүн бий. Хөгжлийн банкны үнэн төрхийг гаргая гэвэл хугацаа шаардлагатай. Миний ойлгож буйгаар зарим нэг зээлд байшин барилга барьсан, тоног төхөөрөмж худалдаж авсан гэж байгаа боловч тэнд зүгээр л барилгын араг яс байх жишээтэй. Ийм байдлаар шалгалтын үйл явц хугацаа шаардаж байна. Гоомой хандаж болохгүй.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Энэ зээлийг хоёр хувааж үзэж байна. Манай ажлын хэсэг араа шүдгүй ажиллаж байна. Яагаад гэвэл Хөгжлийн банкинд ажлын хэсгийн хүрээнд шалгалт хийе гэхээр бүх бичиг баримтыг хууль хяналтынхан аваад явчихсан байна. Дээрээс нь аж ахуйн нэгжийн нууцад ороод, дансыг харах эрх байхгүй. Мөн өмнөх захирлуудыг дуудаад хэн нөлөөлсөн бэ гэдгийг тогтоох эрх байхгүй. Тиймээс хянан шалгах түр хороог байгуулах нь зүйтэй. Түр хороо байгуулбал мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах, гэрчээр хүн дуудаж байцаах, шинжээч томилох эрхтэй болно.

Энэ түр хороо асуудлыг хэдэн жилээр нь хойш тавьж байгаа хууль хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтныг дуудаж байцаах эрхтэй болно. Зарим аж ахуйн нэгж тав зургаан жил болчихсон, албан тушаалтнууд нь хөөн хэлэлцэх хугацаагаар мултарсан хүмүүсийг хэн ямар шүүгч, АТГ, прокурор яаж хянаад, хуулиас давсан үйл ажиллагаа хийсэн бэ гэдгийг мөрдөн шалгах үйл ажиллагааг хууль хяналтынхан дотор хийх том эрх юм. Тиймээс хяналтын хороо байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж