Засгийн газраас цар тахлын нөхцөл байдлыг харгалзан иргэд, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны төлбөрийг энэ оны 31-нийг дуустал тэглэсэн. Харин ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс өөрсдөө төлнө гэдгийг Засгийн газраас өмнө нь мэдээлж байлаа. Гэвч, ирэх онд айл өрхийн цахилгааны төлбөрийг "Эрдэнэт" үргэжлүүлэгн даахаар болсныг Шадар сайд С.Амарсайхан дуулгав. Түүний мэдээлснээр Цар тахлын эсрэг хуулийг дахин зургаан сараар сунгах Засгийн бодлоготой уялдуулан энэхүү хөнгөлөлтийг ч мөн сунгахаар Засгийн газар төлөвлөж байгаа аж.
АЙЛ ӨРХИЙН ТОГ ЦАХИЛГААНЫ ЗАРДЛЫГ ДААНА ГЭЖ ТООЦВОЛ 75 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛНО
Тэрбээр, “Өмнө нь “Эрдэнэт” үйлдвэрээс аж ахуйн нэгж, айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг төлж байсан. Нийтдээ 800 орчим тэрбумыг зарцуулж байсан. Харин ирэх оноос зөвхөн айл өрхийн тог цахилгааны зардлыг даана гэж тооцвол 75 орчим тэрбум төгрөг болж байгаа. 250-350 кВт хүртэлх цахилгааны хэрэглээний төлбөрийг ирэх долдугаар сар хүртэл төр даана гэсэн үг.
Энэ мөнгийг "Эрдэнэт" үйлдвэрээс нийгмийн хариуцлагын хүрээнд төлөөд явах байх. Ипотекийн зээлийг мөн төлөөд явахаас аргагүй. Иргэдийн амьжиргаа, эдийн засгийн нөхцөл байдал зэргээс шалтгаалж уян хатан хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Илүү гарсныг айл өрхүүд өөрсдөө төлнө. Ус болон аж ахуй нэгжүүдийн хөнгөлөлт энэ оноор дуусч байна" гэв.
ТӨСӨВТ ТӨВЛӨРӨХ ТАТВАРЫН ОРЛОГО Ч ЭНЭ ХЭМЖЭЭГЭЭР БУУРЧ БАЙНА
Ийнхүү Шадар сайд Засгийн газрын шинэ оны “сюрприз”-ийг задруулж, иргэд дахин цахилгааны мөнгөө төрөөс даалгах нь ойлгомжтой болж байна. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх дээрх асуудлаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эдийн засгийн бүх харилцааг сэргээсэн. Тиймээс төр иргэдийн цахилгаан, дулааны төлбөрийг хариуцах шаардлагагүй гэж харж байна. Цар тахлын хүндрэлийг тойрч гарсан нэг ч аж ахуйн нэгж байхгүй шүү дээ. Эрдэнэт ч, эрчим хүчний салбар ч маш хүнд байгаа. Гарцаагүй шаардлага байсан учраас “Эрдэнэт” үйлдвэр хөрөнгө оруулалтын олон ажлаа хойш нь тавьж байгаад эрэмбээр нь энэ төлбөр тооцооны зардлыг гаргасан. Төсөвт төвлөрөх татварын орлого ч энэ хэмжээгээр буурч байна. Тиймээс үүнийг арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгох зүйтэй. Нийгмийн амьдрал хэвийн горимдоо орсон учраас иргэд ус, цахилгаан, дулааны төлбөрөө өөрсдөө төлөөд явах боломжтой гэж харж байна" гэж байлаа.
ЭДИЙН ЗАСГАА АМИЛУУЛАХ ГАРЦ НЬ АЖЛЫН БАЙРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ
Гэвч, төр цахилгааны мөнгийг даах эдийн засгийн боломж, бололцоо бий юу эсэх асуулт эндээс тавигдах нь зүйн хэрэг. Эдийн засагчдын үзэж буйгаар ирэх 2022 оны эдийн засгийн байдал амаргүй болохыг хэлж сануулж байна. Тухайлбал, Монгол Улсын хувьд ирэх оны төсвийг батлахдаа эдийн засгийн өсөлтийг таван хувь, төсвийн орлогыг 16.4 их наяд төгрөг, зарлага 18.2 их наяд байхаар өөдрөгөөр тооцсон билээ.
Орлогыг тооцохдоо, төмөр зам ашиглалтад орж, 36.7 сая тонн нүүрс экспортолж, нийлүүлэлт тасалдахгүй гэж Сангийн яам үзсэн. Энэ нь хил дээр ямар ч асуудал үүсэхгүй өдөр бүр мянган автомашин, сар тутам гурван сая тонн нүүрс экспортолно гэсэн үг аж. Гэтэл цар тахлаас өмнө бүх зүйл хэвийн, хилийн асуудалгүй байх үед экспорт 36 сая тонн хүрч байсан юм.
Тиймээс ирэх онд 36.7 сая тонн нүүрс экспортлох ямар ч боломжгүй болохыг ч эдийн засагчид анхааруулсаар байгаа. Угтаа Засгийн газар төсөв батлуулахдаа орлогыг бууруулах боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, орлогын төсөөлөл илт худлаа болсон нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх юм. Нөгөөтэйгүүр, эдийн засгаа амилуулах гарц нь иргэд, аж ахуй нэгжийн дулаан цахилгаан гэх мэт хөнгөлөлтийг төр даах бус, ажлын байрыг нэмэгдүүлэх нь чухал билээ. Загас барих бус, загас барих аргыг нь зааж өгөх нь энэ цаг үеийн оновчтой шийдэл юм.
Бодит байдалд ирэх онд уул уурхайн экспорт зогсч, инфляци хоёр оронтой тоонд шилжинэ. Нэг ёсондоо Засгийн газарт орлого байхгүй шахам жил болох нь ээ. “Эрдэнэт” үйлдвэр цахилгааны мөнгийг даахдаа төсвөөс гадуур шийдэж буй. Монгол Улс нэг төсөвтэй байх ёстой. Хуулиараа бол дээрх асуудал төсвөөр дамжигдаж шийдэх ёстой аж. Төсвөөс гадуур шийдсэнээр Засгийн газар системээ эвдэж байгаа хэрэг гэдгийг судлаачид ярьж байна. Өөрөөр хэлбэл ирэх оны төсөвт төвлөрөх 75 орчим тэрбум төгрөгийг та бид тог цахилгааны хөнгөлөлт нэрийдлээр урсгах нь. Энэ мөнгө эргээд сургууль цэцэрлэг, эрүүл мэнд зэрэг нийгмийн хэрэгцээтэй зүйлд зарцуулагдах ёстой байлаа. Гэтэл цахилгааны үнийг төрөөс даах нь эргээд эрчим хүчний салбарын алдагдлыг нэмэгдүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийг муутгах, цахилгааны замбараагүй хэрэглээг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Тиймээс тог цахилгааны тэглэх бус иргэдийн амьжиргаа, өрхийн орлого, цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд энэ Засгийн газар дорвитой ажил хийх цаг нь иржээ.
Холбоотой мэдээ