BRB компанийн үүсгэн байгуулагч Circle Park төслийн санаачлагч Ж.Энхжаргалантай ярилцлаа.
-Койн гаргасан, гаргах гэж яваа олон газар, хувь хүн байна. Танай компанийн гаргах гэж буй BRB койн тэднээс юугаараа ялгарч байгаа вэ?
-BRB койн бол Монголын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэлхийд гаргах том төсөл дээр тулгуурласан, байнгын эргэлт бүхий өөрийн экосистемийн нэг хэсэг юм. Монгол Улсын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт цогц медиа групп, олон улсын стандартад нийцсэн технологийн боломж үргэлж дутагдалтай байж ирсэн. Энэ асуудлыг шийдэж, хойноос нь хөөх биш дэлхийтэй хөл зэрэгцэн алхах зорилгыг олон жилийн өмнөөс өөртөө тавьсан. Ковидын үеийг ашиглан төслийн ерөнхий төсөөлөл төлөвлөгөө дээр өнгөрсөн жилийн турш ажилласан. Эхний үеийн төлөвлөлтүүд ерөнхийдөө бэлэн болсон болохоор шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах эхний алхмаа хийж байгаа юм. УИХ Цахим мөнгөний хуулийг удахгүй батлах гэж байгаа. Хууль батлагдсаны дараа бид анхдагч зах зээл дээр гарч төслийнхөө үндсэн хөрөнгийг татна. Одоогоор хууль батлагдаагүй учраас BRB койноо хаалттай хүрээнд арилжаалж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, “Circle Park” төсөлд шаардагдлагатай нийт хөрөнгө оруулалтын багахан хувийг эхний элжинд босгоно гэсэн үг.
-Медиа группийн тухай асуухаас өмнө BRB гэдэг компани төдийгөөс өдий хүртэл юу бүтээв, ямар бизнесүүд хийдэг вэ гэсэн асуултад хариулт авмаар байна?
-Манай компани сүүлийн 15 жил media creative industries entertainment салбарт ажиллаж байна. Тэр дотроо арга хэмжээ төлөвлөлт, цогц тоног төхөөрөмж түрээсийн үйлчилгээ гэсэн чиглэлээр ажилладаг. Дээд түвшний, өндөр чанар, бүтээлч байдал шаардсан мянга гаруй арга хэмжээ зохион байгуулжээ, өнгөрсөн хугацаанд. Үүнээс гадна тоног төхөөрөмжийн худалдаа, тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг. Улаанбаатар, хөдөө орон нутагт шинээр ашиглалтад орж байгаа соёлын төв, ресторан, караоке, үйлчилгээний газруудад хөгжим, гэрэлтүүлэг, дагалдах тоног төхөөрөмжүүдийг нийлүүлдэг. Мөн Улаанбаатар хотод том барилга байгууламжууд дээр лед дэлгэцүүд захиалгаар байршуулдаг. Сүүлийн жилүүдэд контентын чиглэлийн ажлууд эхлүүлсэн.
-Яг ямар чиглэлийн контентууд руу орж байгаа вэ. Лав л “Хандгай”, "Өвгөн Хуурч" уран сайхны кино танайтай холбоотой гэж сонссон юм байна?
-“BRB pictures” маань богино хэмжээний цахим орчны сошиал контент руу түлхүү анхаарч байгаа. Бас кино салбар руу орж байна. Тэр дундаа анимэйшн руу. Бидний ойрын зорилт бол бага насны хүүхдүүдийн хамгийн их үздэг гадны “Пороро” гэх мэт контентуудыг орлох монгол анимэйшнд хөрөнгө оруулалт хийх юм. Дотоодын контент салбарт үндэсний онцлогийг шингээсэн Монгол, үндэсний контентын шаардлага байгаа бол нөгөө талаас олон улс руу чиглэсэн соёлын сурталчилгааны контентууд ч мөн хомсдолтой байна. Тиймээс бид гадны контентуудыг орлох, гадаадад Монголынхоо соёлыг сурталчлах чиглэлд контентууд бүтээхээр ажиллаж байна.
-Танай компанийг “Авъяаслаг монголчууд”, “ Voice of Mongolia”, “Яг түүн шиг” зэрэг франчайзинг шоунуудын арын тайзны тоног төхөөрөмжүүдийг хийж байсныг мэднэ. Сүүлд олны анхаарлыг татсан дрон шоуг танайх хийсэн билүү?
-Тэгсэн, Монголын анхны дрон шоуг амжилттай хийсэн. Тив дэлхийн олимпийн нээлтүүдийг л дрон шоугаар хийдэг. Дэлхийн энтертайнмент салбарын хамгийн үнэтэй шоу үйлчилгээнд тооцогдож байгаа. Монголдоо тус үйлчилгээг амжилттай нэвтрүүлж чадсандаа баяртай байна.
-BRB компанийн онцгой анхаарал хандуулдаг бизнес гэвэл аль чиглэлээ онцлох вэ?
Томоохон арга хэмжээнүүдийг хариуцлагатай зохион байгуулах ажил бол манай компанийн онцлох үйл ажиллагааны нэг. Энэ чиглэлээр энэ жил амжуулсан нэг том ажил гэвэл Японы төв “Тоёото”-гоос зохион байгуулсан цогц томоохон ажлуудыг шууд гэрээлж хийлээ. Өмнөх ажлуудаас та сая франчайзинг шоунуудыг онцоллоо. Үүнээс гадна улсын баяр наадам, олон улсын АСЕМ-ийн хурлын зохион байгуултад ч манай байгууллага тогтмол оролцож байгаа. Нийт 1000 гаруй томоохон албан хурал зохион байгуулаад байна. Мөн захиалгын ажлуудаас гадна өөрсдийн original event-уудыг тогтмол зохион байгуулдаг. Тухайлбал, Гацуурхан, XMF-Хуур хөгжмийн наадмыг нэрлэж болно. 2019 онд тасалбарын урьдчилсан борлуулалтаар Монголдоо рекорд тогтоож байлаа.
-Одоо BRB койн гаргаж хөрөнгө татсаны дараа байгуулах “Circle park” буюу медиа дижитал паркийн тухай ярилцъя. Медиа парк байгуулах болсон шалтгааныг сонирхуулаач?
–Креатив медиа бүтээлч салбарын гал тогоонд 10 гаруй жил ажилласны эцэст олж харсан санаа л даа. Өнөөдөр бодит байдал ямар байгаа вэ гэхээр Улаанбаатар хотын хоёр захын хооронд харилцагчид олон салангид байгаа медиа үйлчилгээг түүж авах гэж цагаа түгжрэлд нааш, цааш үрж байна. Ийм зовлон байдаг учраас харилцагчид медиа ажлуудын захиалгаа цогцоор нь нэг газарт хандаж хийлгэхийг илүүд үздэг. Гэтэл үүний цаана бас нэг асуудал бий. Байгууллагууд чадна гээд олон ажил өөр дээрээ хариуцаад авчихдаг, яг үнэндээ хэрэгтэй сервис нь хангалттай байдаггүй. Мэдээж цаад газар нь гэрээ байгуулсан компаниас хариуцлага нэхэж таарна. Өнөө компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд олон тийш хандаж мөн л цаг, зардал гарзаддаг. Процессын алдаа ч их гардаг. Энэ асуудлыг цогцоор нь шийдье гээд байгаа юм. Төрийн нэг цэгийн үйлчилгээ гэдэг шиг медиа нэг цэгийн үйлчилгээ хийе, Монгол улсыг төлөөлж чадахуйц хэмжээний чадамжтай, хүний нөөцтэй, дэд бүтэц нь шийдэгдсэн медиа групп буюу медиа парк байгуулъя гэж зорьж байна.
-Медиа парк гэхээр санаанд бууж өгдөггүй ээ, яг ямар бүтээн байгуулалт өрнөнө гэсэн үг вэ?
-Өөрийн гэсэн томхон газартай, зориулалтын оффистой, 2000 студитэй, мэргэжлийн тоног төхөөрөмжүүд, техникийн агуулахтай цогц бүтээн байгуулалт өрнөнө гэсэн үг. Ийм дэд бүтэц байгуулж байж л монгол залуус мэдээлэл технологи, харилцаа холбоо, урлаг соёл, кино бүтээлээрээ дэлхийд гарч мөнгө олно. Бидний бүтээн байгуулахаар зорьж яваа медиа дижитал паркад тэргүүлэх чиглэлийн найман төрлийн бизнес байх юм. Зах зээлд харилцагч шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлэхэд бэлэн болсон байлаа гэхэд захиалгаа нэг цэгт хандаад эргүүлээд бүтэн медиа үйлчилгээ авчихна гэсэн үг.
-Та түрүүн Монголын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэлхийд гаргах том төсөл гэж ярьсан. Жишээ нь аль чигийн бүтээлүүдийг экспортолж доллар олох боломжтой вэ?
-Бидний байгуулахаар зорьж байгаа медиа парк ашиглалтад орсноор кино, дуу хөгжим, виртуал студи, богино хэмжээний контент, анимэйшн, хүний нөөц гэх мэт соёлын салбарын голлох чиглэлийн бүтээгдэхүүнийг олон улсад экспортлох боломж бүрдэнэ. Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Энэ бүтээн байгуулалтыг хэн нэг компанийн өмч биш, улсын хэмжээний том медиа парк гэж ойлгох учиртай. Соёлын салбарт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бүгдэд өгөөжөө өгөх төсөл гэсэн үг. Бүр цаашлуулж хэлбэл дан ганц Монголын медиа салбарын асуудал ч биш. “Circle park” гаднын уран бүтээлчид ирж ажиллах талбар болно. Гаднын уран бүтээлчид Монголд ирж ажиллая гэхээр шаардлага хангасан тоног төхөөрөмжүүд, виртуал студи байхгүй гэх мэт асуудлууд тулгардаг. Хэдэн мянган киллометрийн цаанаас онгоцоор тоног төхөөрөмж тээвэрлэж ирэхэд өндөр зардал шаардах учраас манай улсад гаднын уран бүтээлчид ирж ажиллаж чаддаггүй юм. Тэдний шаардлагад нийцсэн виртуал студи, тоног төхөөрөмж Монголдоо бий болгочихвол дан ганц дотоодын медиа салбарт эргэлдэх мөнгөний асуудал биш болчхож байгаа юм.
-Маш том мөнгө эргэлдэх юм байна. Ингэхэд медиа паркийн бизнесийн хэчнээн хувь нь гадагшаа чиглэх бол?
-Паркийн бизнесүүдийн 60-70 хувь нь гадагшаа чиглэнэ гэж харж байгаа. Гадагшаа чиглэсэн хамгийн ашигтай байж болох салбаруудад хөрөнгө оруулна гэсэн үг. Ашигтай салбаруудын нэг бол мэдээж кино урлаг. Тэр утгаараа бидний том амбицуудын нэгээхэн хэсэг нь гадны хамгийн том стримийнг сервисуудэд контент нийлүүлэхэд чиглэж байгаа. Тэндээс ажил авлаа гэхэд тухайн бүтээлийг хийх дэд бүтэц нь Монголд байх ёстой. Жишээ нь орчин үед өндөр хөгжиж буй виртуал студи Circl park-даа байгуулчихад л заавал говь явж зураг авах шаардлагагүй болно. Виртуал студид говьд очсон юм шиг зураг авалт хийчихнэ. Ингэж чадвал асар их цаг, мөнгө хэмнэх олон давуу талтай. Казахстаны төр засгаас соёлын салбартаа татварын хөнгөлөлт, хууль, бодлогын дэмжлэг үзүүлдэг, бидний байгуулахыг зориод байгаа дэд бүтэц бий болчихсон учраас Азийн олон улсын киноны зураг авалтын дийлэнх нь энэ улсад хийгддэг. Манай улсын тухайд ч төр засаг соёлын салбарт анхаарч эхэлсэн нь бидний хувьд том давуу тал болж байна.
-Уул уурхайгаас гадна кино урлаг гэх мэт соёлын салбарынхаа экспортоос валют олоод эхэлбэл эдийн засагт том эргэлт гарах нь дээ?
-Бидний зорьж яваа төсөл хэрэгжиж эхэлснээр миний саяын хэлсэн зүйл холын мөрөөдөл биш юм. Түрүүн та бид хоёрын ярьсан “Хандгай” Өвгөн хуурч мөүшн комик анимэйшн байна. Тус кино төслийн хувьд бид өнгөрсөн жил бүрэн хэмжээний 86 минутын уран сайхны кино эхлүүлчихсэн. Яваандаа чанартай анимэйшн кинонуудыг 2D, 3D-гээр хөдөлгөж, нэгээс хоёр сая ам.долларын хөрөнгө зарж хийгээд гаднын платформууд дээр тавьж, экспортлох бүрэн боломжтой. Бид “Хандгай”-г зүгээр ч нэг онцлоогүй. Нуулгүй хэлэхэд монгол царай дэлхийд сонин биш, харин хандгай бол өөр. Дэлхийн аль ч улсын хүмүүст шууд хүрнэ. Бид дэлхийд гаръя гэж бодож л байгаа бол ямар ч улсад хүлээн зөвшөөрөгдөхөөр олон улсын дүр бүтээх ёстой. Би түрүүн “Circle park” төслийг нэг компанийнх биш гэсэн дээ. Медиа салбарынхаа уран бүтээлчид, инженер техникийн ажилчид, хүний нөөцөө дэлхийд хэмжээнд бэлдэх зорилго бий. Гаднын өндөр мэргэжлийн уран бүтээлч нарыг урьж, мэддэг чаддагийг нь монгол залуустаа авч үлдэхийн тулд академи байгуулъя гэсэн хүсэл байна. Киногоор жишээлээд ярихад Франц улс кино салбарын хүний нөөцийн хувьд дэлхийд номер нэг. Тэд улсынхаа эдийн засагт мэдрэгдэхүйц орлого оруулдаг. Бидэнд ч тийм боломж, орон зай бий.
-Койн гаргачихдаг, хэсэг хугацааны дараа өнөөх нь ямар ч үнэлгээгүй болчихдог гэсэн эргэлзээ, болгоомжлол бий. Танай койнд ийм эрсдэл гарахгүй гэх баталгаа бий юу?
-Шинээр баригдах Circle park төслийн тухайд төлбөрийнх нь тодорхой хэсэг заавал BRB койноор төлөгдөнө. Бодит худалдан авалт, зах зээлийн эргэлттэй байх боломжид бид маш их анхаарч байгаа. Товчхондоо манай компанийн гаргах BRB койн ямар ч муу нөхцөлд тэг төгрөгтэй тэнцэхгүй. Үнэ цэнээ хэзээ ч алдахгүй. Нэг зүйлийг онцолж хэлэхэд бид медиа салбартай холбоотой байнгын эргэлттэй найман төрлийн бизнесийг хөгжүүлэхээр сонгосон. Төслийн хүрээнд эдгээр бизнесийн төлбөрийн тодорхой хэсэг нь BRB койноор төлөгдөж, койны тогтмол эргэлт үүсэх гэх мэт койн эзэмшигчдэдээ ашигтай олон төрлийн хэрэгслүүдийг өөрсдийн white paper-тээ шингээж өгч байгаа.
-Circle park төслийг ганц компанийн хэмжээний бизнес биш Монголын соёлын үйлдвэрлэлийг нэгэн дээвэр дор нэгтгэх цогц шийдэл, бүр тодотгож хэлбэл үндэснийхээ соёлын бүтээгдэхүүнүүдийг дэлхийд экспортлох гарц гэж харлаа. Амжилт хүсье, танай багийнханд.
Холбоотой мэдээ