Риогийн олимпоор тэсрэлт хийж, дөрвөн алт, нэг хүрэл медаль хүртсэн АНУ-ын гимнастикийн тамирчин Симон Байлс энэ удаагийн Токиогийн олимпод үргэлжлүүлэн оролцож чадахгүй гэдгээ мэдэгдсэн. Уг нь тэрбээр багийн төрөлд мөнгөн медаль хүртээд зогсохгүй ганцаарчилсан таван төрлийн тэмцээнд шигшээ шатанд шалгараад байв.
24 настай Симон Байлс өчигдөр/2021.07.28/ гаргасан мэдэгдэлдээ “Бие махбодийн хувьд би зүгээр ээ. Сэтгэл хөдлөл цаг хугацаа, мөчөөсөө хамаараад янз янз байна. Олимпод ирээд олны дунд од нь байх амаргүй юм. Энэ олимпийн наадмаар би өөрийнхөөрөө байхыг хүссэн. Гэвч энд ирээд л би бусдын төлөө байгаагаа мэдэрсэн “ гэв. Мэргэжилтнүүд түүнийг сэтгэл зүйн асуудал, дарамтнаас болж олимпийн наадмыг орхиж байна гэж үзжээ.
Тэгвэл тамирчин бүсгүйн энэ мэдэгдэл АНУ-ын радио шоуны нэрт хөтлөгч Чарли Көркт таалагдсангүй. Тэрбээр шууд дамжуулалтынхаа үеэр “Симон Байлс алтан медалийн төлөө өрсөлдөхгүй хэмээн олимпоос нэрээ татаж байна. Тоглож байгаа байлгүй дээ. Оросын баг алтан медаль авчихаад байна шүү дээ. Надад энэ таатай санагдахгүй байна. Бид Симон Байлс шиг сул дорой үеийг өсгөж байна. Хэрэв сэтгэл зүйн асуудалтай бол тэрийгээ битгий ил гарга л даа. Магадгүй тэр гимнастикийн спортын түүхэн дэх хамгийн агуу тамирчин байх. Гэхдээ тэр хувиа хичээсэн, улс орноо шившигт хутгасан үйлдэл гаргалаа. Тэр нийгмийн эсрэг зүйл хийлээ. Ямар хүн алтан медалийн тоглолтоо орхидог байна. Чи зүгээр л Оросуудад буугаад өгчихлөө. Бэлэн биш байсан бол яах гэж явсан юм. Бидэнд 1000 гимнастикчин байна” гэжээ.
Харин Чарлигийн дээрх ярьсан зүйлс UFC-ийн аварга асан Ронда Роузид таалагдсангүй. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Симон Байлсыг шүүж буй гарууд түүний оронд очихоороо юу хийхээ ч мэдэхгүй болно биз. Тэр олимпийн багт багтаж байхад та нар твиттер ухаад байж байна. Та нар түүний дотор юу болж байгааг гаднаас нь хараад мэдэхгүй шүү дээ. Тэр нөхцөл байдалдаа тааруулан чадах бүхнээ л хийж байна” хэмээжээ.
Рондо Роузи 2008 оны Бээжингийн олимпийн жүдогийн төрлөөс хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.
Холбоотой мэдээ