Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатны эхний ээлжийн тоглолтууд өчигдөр/2021.02.16/ зохион байгуулагдлаа.
- РП Лейпциг 0 – 2 Ливерпүүл
Дээрх хоёр багийн тоглолт Германд РБ Лейпцигийн талбайд зохион байгуулагдах байсан ч цар тахлын улмаас Унгарт болов. Тоглолтын тухайд РБ Лейпцигийн хамгаалалтын хоёр алдаа Ливерпүүлд хоёр гоол оруулах боломж олгосон. Эхлээд багийн ахлагч Марсел Сабитзерын хамгаалагч руугаа дамжуулсан бөмбөгийг нь Мохаммед Салах таслаж, эхний гоолыг оруулсан. Удалгүй хамгаалагч Норди Мукиеле бөмбөгнөөсөө зөрж, Садио Манед гоол оруулах боломжийг олгов. Ийнхүү хоёр алдаанаасаа болж РБ Лейпциг баг 0-2 гэсэн харьцаатай хожигдлоо. Дээрх хоёр гоол ердөө таван минутын зайтай орсон гэдгийг дурдах нь зүйтэй байх. Эхний үед Юлиан Нагелсманны залуучууд Ливерпүүлийн эсрэг сайн өрсөлдөж, гоол оруулах хэд хэдэн боломжийг үүсгэсэн хэдий ч гоол оруулж чадсангүй.
- Барселона 1 – 4 ПСЖ
Хасагдах шатны хамгийн сонирхолтой тоглолт Барселонагийн Камп Ноу цэнгэлдэхэд боллоо. Тоглолтын эхлэлийг талбайн эзэд тэр дундаа Месси сайн тавьж, 27 дахь минутанд торгуулийн цохилтоос гоол оруулав. Гэвч тэдний тэргүүлэл ердөө таван минут үргэлжилсэн. Хариу гоолыг эсрэг багаас Килиан Мбаппе оруулж, тооны харьцааг тэнцүүлсэн. Энэ өдөр Килиан Мбаппег зогсоох хүн Барселонад байхгүй байлаа. Өдгөө 22 настай Франц хүү Камп Ноуд шоу толилуулж, хет-трик буюу гурван гоол оруулсан юм. Тоглолт 4-1 гэсэн харьцаатай өндөрлөсөн бөгөөд Мойз Кин багийнхаа үлдсэн ганц гоолыг шигтгэжээ.
ПСЖ багийн гол тоглогч Неймар хуучин багийнхаа эсрэг тоглолтонд оролцоогүй бөгөөд тэрбээр булчингийн бэртлийн улмаас дөрвөн долоо хоног талбайд гарах боломжгүй болсон юм.
Холбоотой мэдээ