“Соёл, хүүхэд хоёр улстөржих сэдэв биш” гэж Соёлын сайд С.Чулуун “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа онцолжээ. Түүний хэлснээс харвал соёл, хүүхэд хоёрыг улстөржүүлээд байгаа нь иргэд юм байх. Уг нь урлагийнхныг дуу хуурдуулж, хүүхдийн нэрээр гуйлга гуйлгуулсан нь хэн билээ. Ерөнхийлөгчийн санаачлагаар Соёлын яамныхны зохион байгуулсан арга хэмжээ гэж зурагтаар зарласан шүү дээ.
Монголын шүүх засаглал өргөсөн тангарагтаа биш томилсон хүндээ үйлчилдэг болоод удаж байгаа. Тэгвэл урлагийнхан нь урлагтаа биш улстөрчдөд үйлчилдэг болсон. Энгэрээ төмрөөр цоолсон урлагийнхан эрх мэдэлтнүүдийн хаяа бараадаж, хаялга горилж суухыг харахад Монголын урлагийг охин тэнгэр аль хэдийнэ хаячихсан бололтой.
Мэдээж, улстөрчдийг уралдан “долоох” аянд манай хошин шогийнхон манлайлж яваа харагдсан. Жүжигчин Г.Ундармаа, И.Одончимэг, Н.Онон, Т.Бархүү, "банш" Батаа гээд хошин шогийнхноос гадна өнгөрсөн жил Х.Баттулгаас “Чингис хаан” одон авсан “Хү”-гийн продюсер Б.Дашдондог зэрэг урлагийнхан тэр чигтээ л эрх мэдэлтнүүдэд бөхөлзөж, үйлчилж харагдав. Энгэрээ цоолсны төлөөс, энгэрээ цоолохын төлөө энэ шүү дээ, ичмээр нь.
Ямар ч байсан шинэ жилийн өмнөх Соёлын яамнаас спонсорлосон, Ерөнхийлөгчийн зохиолын дагуу "Херо" Баатарын найруулсан хандив гэх жүжгийн хуваарилсан дүрүүддээ манай урлаг соёлынхон маш сайн тоглосон. И.Одончимэг бүр нулимс дуслуулж, хүүхдийн 20 мянган дээрэмдэхдээ топ модель Э.Одгэрэл баярлан хашгирч, тэд оноосон дүрдээ ууссан харагдана лээ. Үнэндээ мөнгө төлсөн нь хөгжмөө захиалдаг нь үнэн. Гэлээ гэхдээ манай урлагийнхнаас өөр хүүхдийн мөнгийг луйвардан улстөрчдөд авч өгч ая тал засч суугаа гадаадын дуучид жүжигчид ганц байхгүй шүү.
“Херо” Б.Баатарын төрийн бус байгууллагын дансанд хоёр тэрбум төгрөг цуглуулж өгснийхөө шанд хэн нэгэн нь удахгүй энгэрээ одонгоор цоолох биз. Тэд мөнгөтэй болоод эрх мэдэлтэй хүний өмнөөм луйвар хийхээсээ ичдэггүй бололтой.
Өнгөрсөн наадмаар “Херо” Б.Баатарын найруулсан уртаас урт клипт манай урлагийнхан тэр чигтээ тоглосон. "Том" Жагаа, "Никитон"-ы Баачка хоёр яг үнэндээ хошин шогийн жүжигчдээсээ ялгарах юмгүй л хошин дүрд тоглосон нь худлаа биш шүү дээ.
Ийм болохоор л Монголын сонгодог урлаг гудамжинд гарах нь аргагүй.
Соёлын сайдаар томилогдсон даруйдаа С.Чулуун соёл урлагийг сурталчлах нэрээр дуучид, бүжигчдийг гудамжинд үнэгүй дуулуулж, бүжиглүүлсэн.
Нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд мэргэжлийн урлагийн байгууллагууд өөрсдийн нэрэмжит тоглолтоо үнэ төлбөргүй хүргэсэн ч үзээд таашаал авсан нь тун цөөхөн. Үнэ цэнэгүй урлаг үзэгчдэд хүртэл таашаал өгдөггүй, үзэх хүн байхгүй болчихдгийг өнгөрсөн намрын үйл явдлаасаа харсан байлгүй. Урлагийн сайхан нь мөнгөө төлөөд, таашаал авахдаа л байдаг.
“Киви” хамтлагийн дуучин Ука зурагтаар монгол бичиг заав. Уг нь дуу заасан бол өөр байхсан, даанч хуучин үсгийн багшид тоглох нь Укад үнэхээр зохисонгүй. “The Voice of Mongolia” шоуны шүүгч нь түүнд илүү гоё зохидог байсан л даа. Харамсалтай нь, төрсөн өдрөөр нь энгэрт нь зүүж өгсөн “төмөр”-ийн төлөөсийг тэрбээр төлөх шаардлагатай болсон байх. Ука уг нь Монголын хамгийн бэст дуучин. Дуу болгон нь ХИТ болдог, хөдөлмөрч, авьяастай бүсгүй.
Гэтэл Х.Баттулгын Ерөнхийлөгчийн сонгуулийн пиарчин болчихоор нөгөө гоё имиж, үнэ цэнээ алдчихаж байгаа хэрэг л дээ. Одоо ямар ч гоё уран бүтээл хийсэн Х.Баттулгын хүн гэх “шошго” зүүлттэй явна гэсэн үг. Яг олимпийн аварга Н.Түвшинбаяр шиг.
Хувь хүнийхээ хувьд ёстой Мятаваа дэмжинэ үү, Готовоо дэмжинэ үү түүний асуудал. Харин урлагийн өмнөөс бусдыг уриалах, гуйлга гуйж суух муухай. Үнэхээр л хүүхдийн төлөө сэтгэл гаргаж байгаа бол урлагийнхан үнэгүй тоглолт хийгээд, олсон мөнгөөрөө эрх нь зөрчигдөж, эрүүл мэндийн асуудалтай яваа олон хүүхдэд буян үйлдэж болно.
Харин улстөрчдийн сонгуулийн зардлыг босгохын тулд урлагийг гудамжинд гаргаж, улстөржүүлж, хүүхдийн нэрээр гул бариад, гуйлга гуйж байгаа Монголын урлагийнханд эмгэнэл илэрхийлье.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ