Гэр бүл бол нийгмийг бүрдүүлэгч хамгийн анхан шатны нэгж. Тэр ч утгаараа гэр бүлийн амар амгалан байдал тухайн нийгмийн өнгийг тодорхойлдог. Гэтэл Монгол Улсад жил ирэх тусам гэр бүлийн хүчирхийлэл хурцдаж байгааг мэргэжлийн байгууллагууд онцолж байна. Улаанбаатар хотод л гэхэд хоногт дунджаар таван эмэгтэй нөхөртөө зодуулсны улмаас цагдаагийн байгууллагад ханддаг байна. Үүний цаана олны нүднээс далд, хаалттай хаалганы цаана хичнээн хүүхэд, эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийн золиос болж, "тэвчиж" амьдарч байгааг хэлэхэд хэцүү.
“Жендэрт суурилсан хүчирхийлэл” 2018 оны судалгаанаас харахад бие махбодын хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 62.2 хувь буюу гурван эмэгтэй тутмын хоёр нь тэдний хамтрагч архи ууж, согтуу байсан нь хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлсөн гэж хариулжээ. Түүнчлэн хардсан үедээ хүчирхийлэл үйлддэг гэж 36.2 хувь буюу гурван эмэгтэй тутмын нэг нь хариулсан байна. Ярилцлага өгсөн эмэгтэйчүүдийн ярианд “Архинаас л болж байгаа юм, архи уухаараа хүнээ байдаг. Архи уухаараа эхнэр, хүүхдээ алах шахдаг, архи ууж орж ирээд” гэх үгс олон удаа давтагдаж байлаа. Олон жил хүчирхийллийн орчинд амьдарч буй эмэгтэйчүүд уурыг нь хүргэвэл эрүүл үедээ ч зоддог болсон гэж ярьжээ.
Судалгаанд хамрагдсан 20-24 насны эмэгтэйн ярианы хэсгээс:
- “Айхтар сүртэй биш ч хааяа нэг гар хүрч байсан. Эмэгтэй хүн нүд, ам нь хөхөрсөн явахад наад зах нь гоо сайханд муухай. Сэтгэлийн шархтай болно. Архи уусан үед нь айж чичрээд яах вэ гэж боддог. Өөрчлөгдөх байх гэж боддог"
35-65 насны эмэгтэйн ярианы хэсгээс:
- “Би арав гаруй жил сүг болтлоо зодуулсан. Шүүх хурлын танхимд надаас дахиж би хэзээ ч ингэхгүй гээд сөгдөж, мөргөөд гуйгаад байсан. Гэвч гарч ирээд л хаалгаа түгжиж аваад “Чи намайг ялын өмнө зогсоодог хэн бэ” гээд зодсон. Тэгэхээр тэр хүн хэзээ ч засрахгүй. Би хэнд ч хэлдэггүй, нуудаг байсан. Би амьд гаръя гээд гэрээсээ зугтсан”
Ялангуяа хорио цээрийн дэглэмтэй энэ өдрүүдэд ахуйн хүрээний архидалтаас үүдсэн гэр бүлийн хүчирхийлэл анхаарахгүй өнгөрч болохгүй асуудал болжээ.
2020 оны эхний 11 сарын байдлаар хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага Баянзүрх дүүрэгт хамгийн өндөр буюу 9082 бүртгэгдсэн байна. Сонгинохайрхан дүүрэгт 8721,Чингэлтэй дүүрэг 3730, Сүхбаатар дүүрэгт 3260, Багахангай дүүрэгт 27 бүртгэгдсэн байна. Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд арваннэгдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 14-нийг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Улмаар баар, караоке зэрэг цэнгээний газрууд үүдээ хааж, хөл хорио тогтоосноор гудамж талбай, олон нийтийн газарт үйлдэгддэг гэмт хэрэг эрс буурсан гэх сайн үзүүлэлтийн цаана гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн хэвээр.
Тодруулбал, дээрх хугацаанд цагдаагийн байгууллагад нийт 3814 дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 2182 нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байжээ.
Хэдийгээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон ч шагийн архинаас улбаатай зөрчлүүд цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байсан юм. Улмаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр пиво, дарс худалдаж эхэлсэн. Үүнийгээ дагаад гэр бүлийн хүчирхийлэл, согтуугаар машин жолоодсон, олон нийтийн газар танхайрах, эрүүлжүүлсэн хүмүүсийн тоо эрс өссөн байна. Дашрамд дурдахад, Засгийн газрын өчигдөр (2020.12.21)-ийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих хугацааг өнөөдрөөс эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06.00 цаг хүртэл тогтоох шийдвэр гаргасан билээ.
ХӨЛ ХОРИОГ СУЛРУУЛСАН ХУГАЦААНД ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ 2.3 ДАХИН ӨССӨН
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.УРАНБАТ:
-Гэр бүлийн хүчирхийлэл нь хувь хүн болон нийгмийн амьдралаас шууд шалтгаалдаг. Гэр бүлийн хүчирхийллийн үндсэн шалтгаан нь архидалт, ядуурал, ажилгүйдэл биш. Харин нөлөөлж байгаа хүчин зүйлс юм. Гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан нь хувь хүний ёс суртахууны доголдол, зөрчил маргааныг шийдвэрлэж байгаа арга барилаас ихээхэн шалтгаалдаг. Гэр бүлийн хүчирхийлэл нь эдийн засаг, бие махбод, сэтгэл санаа, бэлгийн гэсэн дөрвөн хэлбэрээр үйлдэгддэг. Бие махбодын хүчирхийллийн гол шалтгаан нь хоорондоо үл ойлголцох, зөрчилдөөнөөс үүсдэг. Гэр бүлийн хамаарал бүхий гишүүдийн дунд хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь удаа дараа байнга давтагдаад байвал гэр бүлийн хүчирхийлэл гэж үздэг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон этгээдийг Зөрчлийн тухай хуулийн 5.4-т зааснаар 7-30 хоног баривчилдаг.
Баривчлахаас өөрөөр торгох хуулийн заалт байхгүй. Удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний бие махбодид хохирол учруулсан нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 11 бүлгийн 11.7-д зааснаар хоёр жил хүртэлх хорих ялаар шийтгэдэг. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 21-нийг хүртэл цагдаагийн байгууллагад нийт 7485 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дээрх тоог задлаад үзвэл хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл 978 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 556 дуудлагаар буюу 2.3 дахин өссөн.
Согтуугийн шинжтэй дуудлага 2017 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1098 дуудлагаар буюу 2.1 дахин өссөн. Зам тээврийн осол 1537 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 821 дуудлагааар буюу 2.1 дахин өссөн. Эрүүлжүүлэгдсэн хүн 1119 бүртгэгдсан бөгөөд өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 431 дуудлагар буюу 1.6 тус тус өссөн байна.
ХҮЧИРХИЙЛЛИЙН БОДИТ ШАЛТГААН НЬ НЭГ ҮГЭЭР ЁС СУРТАХУУНЫ УНАЛТ
Хүчирхийллийн Эсрэг Үндэсний төвийн захирал Н.АРВИНТАРИА:
–Гэр бүлийн хүчирхийлэлд ажилгүйдэл, ядуурал, боловсролын түвшин, сэтгэцийн эрүүл мэнд зэрэг нь нөлөөлөгч хүчин зүйл. Бодит шалтгаан нь нэг үгээр ёс суртахууны уналт юм даа. Манай нийгэм хүчирхийллийг дэмжигч нийгэм болж хувираад байна. Алив хэрэг явдал гарсан ч иргэдийн хандлага алаад өг, цаазлаад өг гэж байгаа нь өөрсдөө хүчирхийллийг дэмжих хандлагатайн илрэл шүү дээ. Энэ хандлагыг өөрчлөөгүйгээр бид хичнээн хүчирхийлэгч муухай гэж яриад ч өөрсдөө ялгаагүй байгаа хэрэг. Ажилгүй, ядуу, боловсролгүй, согтуу хүн бүхэн хүчирхийлэл үйлдээд байна уу гэвэл үгүй. Эсрэгээрээ боловсролтой, ажилтай хүмүүс илүү жин дарна шүү. Энэ бол зүгээр л асуудлыг хүчээр шийдвэрлэдэг бидний нийгмийн хандлагын сүүдэр юм.
Хүчирхийлэл үйлдэгчид бараг араатнаас өөрцгүй, эрүүл ухаангүй, ангид хүмүүс байдаг гэсэн нийтлэг ойлголт, төсөөлөл нийгэмд бий. Харин сэтгэл зүйчид хүчирхийлэл үйлдэгчдийг өөрсдийнхөө буруу үйлдлийг зөв гэж итгэн үнэмшчихсэн, энэ үйлдлийг хийхээс өөр гарцаагүй гэж өөрийгөө зөвтгөдөг. Эсвэл миний энэ үйлдлийг хийхэд орчин тойрны хүмүүсийн үйлдэл нөлөөлсөн тэд л буруутай гэж боддог сэтгэхгүйн төөрөгдөлд орчихсон сэтгэл зүйн өвчтэй хүмүүс гэж дүгнэдэг байна.
ХҮЧИРХИЙЛЛИЙН ХАРИЛЦААНЫ ТОЙРОГТ ОРЧИХООРОО ХҮН ГАРЧ ЧАДДАГГҮЙ
Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Б.ОЮУН-ЭРДЭНЭ:
–Гэр бүлийн хүчирхийлэл нь дахин давтагддаг, даамжирдаг тасралтгүй цикл хэлбэрээр үргэлжилдэг үйлдэл. Эхний үед хохирогч зүгээр л гомддог. “Арай ч дээ. Надад гар хүрчихлээ”, “Ууртай, уучихсан байсан болохоороо л ийм үйлдэл хийчихэв үү”, “Миний буруу байсан юм болов уу” гэх зэргээр асуудлын голыг олж харалгүй өөр шалтгаануудыг хайж, гомдсон ч уучлаад өнгөрдөг. Энэ үед хохирогч хүчирхийлэгчийг уучлахад бэлэн байдаг. Дараагийн шатандаа ороод эхлэхээр хохирогч “Би энэ байдлыг чинь тэвчиж чадахгүй”, “Чамд зодуулж амьдарч чадахгүй” гэсэн байр суурьтай болдог бөгөөд үүнийг тэмцэлдэх үе гэж үздэг. Гурав дахь шат бол зайлсхийх үе. “Асуудал үүсвэл хэрүүл гарах вий”, “Чанга дуугарвал зодуулах вий”, “Ингээд эхлэхээр л зодоон болдог шүү” гэсэн бодолтой болж өнөөх циклдээ ороод эхэлдэг. Гэнэт тэсрэлт болсон үед гэр лүүгээ хэсэг хугацаагаар явах зэргээр холдож, зугтдаг. Эсвэл эсрэгээрээ уурлуулахгүйн тулд хүссэн бүхнийг нь хийдэг болно. Асуудлынхаа гол руу орохгүй аргацааж, намжаах байдал руу орно. Энэ улам даамжирсаар дөрөв дэх үе рүү орвол хүчирхийлэл амьдралынх нь нэг хэсэг болоод эхэлдэг. “Хэвийн болох үе” гэгддэг энэ үе бол маш хортой. Энэ үед хоёулаа хэрүүлч, зодоонч, нүүр нүүрээ харж ярилцах чадваргүй болно. Ийм байнгын айдас түгшүүртэй байдалд сэтгэл хөрөх, эсвэл хавханд орсон юм шиг, энэ нөхцөл байдлаас гарлаа л бол алуулах юм шиг, бүх юм буруугаар эргэх юм шиг мэдрэмжтэй болдог. Ингээд хүчирхийллийн харилцааны тойрогт орчихоороо хүн гарч чаддаггүй.
Холбоотой мэдээ