Зорилтот бүлгийн 10 мянган өрхөд сайжруулсан түлш үнэгүй тараана

Хуучирсан мэдээ: 2020.09.24-нд нийтлэгдсэн

Зорилтот бүлгийн 10 мянган өрхөд сайжруулсан түлш үнэгүй тараана

Зорилтот бүлгийн 10 мянган өрхөд сайжруулсан түлш үнэгүй тараана

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар өнөөдөр /2020.09.24/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.


НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй:

2020 он  гарсаар Ховд, Увс, Завхан, Говь-Алтай зэрэг дөрвөн аймгийн нутаг дэвсгэрт тарваган тахлын зургаан тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барсан. НОБГ болон холбогдох хяналт, шалгалтын албаныхан өнөөдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн долоон авто тээврийн товчоонд 24 цагаар эргүүл хяналт хийж ажиллаж байна. Тарваган тахал өвчний тохиолдол нийслэл хотод бүртгэгдээгүй. Холбогдох албаныхан энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс онцгой анхаарч ажиллаж байна. Дараагийн нэг чухал асуудал бол хүйтний улирал эхэлж, гэр хорооллын айл өрхийн галлагаа эхэлсэнтэй холбоотойгоор яндан хөөлөх болон үнс, нурмаа ил задгай хаяхгүй байх талаар анхаарч байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт гал түймэр гарсан 17 дуудлага НОБГ-т бүртгэгдсэн байна. Задалж үзвэл, хувийн өмчид ес, хуулийн этгээдэд найман дуудлага ирсэн. Хүйтний улирал ирж буйтай холбоотойгоор иргэд галаа зөв түлэхэд анхаарах хэрэгтэй байна. Шаардлагатай бол мэргэжлийн байгууллагаас туслалцаа авах нь зүйтэй. Үнс, нурмаа зөв хаях, ахуйн гаазыг зөв хэрэглэхэд иргэд анхаарах хэрэгтэй байна. Өнгөрсөн долоо хоногт ахуйн гал түймрээс үүдэн хоёр хүн нас барсан.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал:

-Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 100 гаруй түгээлтийн цэгт 23 ААН сайжруулсан түлшийг үйлдвэрээс хүргэх үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу төвийн зургаан дүүргийн 70 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөөд байна. Энэ жилийн хувьд 800 гаруй борлуулалтын цэг ажиллана. Мөн “Таван толгой түлш” ХК, дүүргүүдийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстэй хамтарч ажиллаж зорилтот бүлгийн 10 мянган айл өрхийг энэ өвөл сайжруулсан түлшээр үнэ төлбөргүй хангахаар бэлтгэл ажил хийгдэж байна.  Угаарын хийн хордлогын мэдээллийг өдөр бүр бүртгэж байгаа. Өнөөдрийн байдлаар тохиолдол бүртгэгдээгүй. Дүүрэг бүрт ажиллаж байгаа ажлын хэсэг айл өрхүүдийн зуух, яндангийн битүүмжлэлд анхаарал хандуулж байгаа. Мөн иргэд өөрсдөө яндангаа сайтар хөөлөх нь эрсдэлээс хамгаалж байгаа хэлбэр болно. Хэрэв боломжгүй бол холбогдох албаны хүмүүсээс зөвлөгөө тусламж авах бүрэн боломжтой.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Т.Энхзаяа:

-Өнгөрсөн 24 цагийн дэлхий дахинд 31 сая 177 мянга 481-н хүн коронавирусийн халдвараар өвчилж, 975 мянга 136 хүн нас барсан байна. АНУ, Бразил, Колумб, Энэтхэг зэрэг улсад Ковид-19 –ийн халдварын тархалт болон нас баралт өндөр байна. Нэгдүгээр сараас хойш улсын хэмжээнд 26261 хүнийг ажиглалтад авсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 11 хүн байна. Харин гэрийн ажиглалтад найман хүн байна. Тэдгээрээс өрхийн эмнэлгийн харьяалалд 4 хүн байгаа. Гэрийн ажиглалтад байгаа хүмүүсийн тоо бага байгаа нь гадаадаас ирсэн иргэд тусгаарлалтаас гараад шууд олон нийттэй харилцах боломжтой болсонтой холбоотой. Өөрөөр хэлбэл зөвхөн ХӨСҮТ-д халдвартай гэж хэвтэж, эмчлүүлээд эдгэж гарсан хүмүүс л гэрийн ажиглалтад шилжсэн гэсэн үг.  Ханиад томуугийн улирал эхэлж байгаатай холбоотойгоор ханиад хүрсэн хүүхдээ эцэг эхчүүд эм өгөөд хичээл, сургуульд явуулахаас татгалзах хэрэгтэй. Энэ бол халдвар тархах гол эрсдэл болдог байгаа. Тиймээс ээж, аавууд хүүхдийнхээ дархлааг нэмэгдүүлэх, хүйтэн сэрүүн өдөр хувцаслалтыг тохируулан өмсүүлэхэд нь анхаарах, амин дэмтэй шим тэжээлтэй хоолоор хангах, гарыг нь халдваргүйжүүлэх, хувийн ариун цэврийг сайтар сахих, амны хаалт тогтмол хэрэглэхэд байнга анхаарах хэрэгтэй байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж