НҮБ-ын 75 дахь чуулган: Төрийн тэргүүнүүд юу хэлэв!

Хуучирсан мэдээ: 2020.09.24-нд нийтлэгдсэн

НҮБ-ын 75 дахь чуулган: Төрийн тэргүүнүүд юу хэлэв!

НҮБ-ын 75 дахь чуулган: Төрийн тэргүүнүүд юу хэлэв!

Энэ долоо хоногт НҮБ-ын ерөнхий ассемблейн 75 дахь чуулга уулзалт болсон билээ. Өмнөх бүх чуулгануудаас ялгаатай нь энэ жил цар тахлын хүнд нөхцөл байдлаас шалтгаалан ерөнхий ассемблей цахимаар хуралдсан юм. Магадгүй тиймдээ ч энэ удаагийн чуулган дээр дэлхийн удирдагчид НҮБ сүүлийн үед нэгдмэл байдлаа улам бүр алдсаар байгааг онцолж байлаа. Чуулган дээр үг хэлсэн чухал удирдагчдын үгийг тоймлон хүргэж байна.


ДОНАЛЬД ТРАМП:

-НҮБ-ын ерөнхий ассемблейн чуулганыг зохион байгуулагч орны Ерөнхийлөгчийнхөө хувьд Дональд Трамп Бээжинг цар тахал буюу түүнийхээр “хятад вирус” тараасанд хүчтэй буруутгаж, НҮБ-ыг өөрийнх нь бодолтой санал нийлж, уг асуудалд онцгой анхаарал хандуулахыг шаарджээ. Хэдий АНУ-д цар тахлын халдвар авсан хүний тоо хамгийн өндөр хэвээр байж, нас барсан хүний тоо 200 мянга давсан ч тэрбээр коронавирустэй тэмцэх өөрийн арга барилыг зөвтгөсөөр байлаа. Тэрбээр “Бид дэлхийн 188 оронд тоолохын аргагүй олон хүний амь насыг хохироосон үл үзэгдэх хөнөөлт дайсны эсрэг тэмцлээ улам чангатгасан. Бид бүгд гэрэлт ирээдүйн төлөө энэ аймшигт өвчнийг дэлхий даяар тараасан хариуцлагагүй орон БНХАУ-д тодорхой хариуцлага тооцож, хяналтандаа авах ёстой” гэх мэтээр урьдчилан бэлтгэсэн долоон минут орчмын илтгэлээ толилуулсан юм.

ШИ ЖИНЬПИН:

-Трампаас ялгаатай нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин илүү тайвнаар ярьж, цар тахлыг дарахын тулд олон улс хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлж, Хятад улс ямар нэг байдлаар аль ч улстай хүйтэн ч, халуун ч "дайнд” оролцох сонирхолгүй байгаа хэмээсэн юм. Тэрбээр цар тахлыг улстөржүүлэхээ болих хэрэгтэй хэмээн уриалсан билээ. Мөн “БНХАУ бол дэлхийд хамгийн том хөгжиж буй улс. БНХАУ бол энх тайван, нээлттэй, хөгжил дэвшлийн төлөө хэнтэй ч хамтарч ажиллахад бэлэн улс” хэмээн ярьжээ. Түүнээс гадна Ши Жиньпин Хятад орны ялгаруулах хүлэмжийн хийг 2030 он гэхэд эрс багасгаж, цаашлаад 2060 оны дотор хүлэмжийн хийгүй улс болох төлөвлөгөөтэй байгаагаа зарлаж, бусад оронд ч ижил төлөвлөгөө хэрэгжүүлэхийг уриалсан байна.

ЖАЙР БОЛСОНАРО:

-Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болсонаро харин Амазоны ширэнгэн ойг хамгаалах өөрийн байр суурийг онцлон ярьсан юм. Мөн түүний захиргааг байгаль орчны дайсан хэмээн олон хүмүүс үзэх болсонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. “Бид бол Амазоны ширэнгэн ой, онгон зэрлэг байгалийн төлөөх кампанит ажлуудын тараасан ноцтой худал мэдээллийн хохирогчид” хэмээн Болсонаро ярьжээ. Тийнхүү үргэлжлүүлэн “Бразилийн Амазон баялаг ихтэй гэдгээрээ олонд алдартай. Тиймдээ ч олон улсын хүрээлэнгүүд хувийн сонирхлоор хөтлөгдсөн кампанит ажлуудыг дэмжиж, Бразилийн эх оронч бус хувийн холбоодтой үгсэн тохирч Бразиль орон, түүний засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулж байна” хэмээжээ.

РЕЖЕП ТАЙИП ЭРДОГАН:

Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт Анкарагийн эрчим хүчний хайгуул хийхтэй холбоотой Грек улстай улам хурцадсаар буй маргааныг шийдвэрлэхийн тулд яриа хэлэлцээр хийхийг чин сэтгэлээсээ хүсч байгаагаа илэрхийлж, тус асуудалд барууны орнуудыг хөндлөнгөөс оролцож, дарамт шахалт үзүүлэхгүй байхыг хүсчээ. Тэрбээр “Бидний чин хүсэл бол тэгш эрх, олон улсын хууль тогтоомжийн хүрээнд үл ойлголцлыг шийдэхийн төлөө үнэнч, шударгаар ярилцах явдал юм. Гэхдээ би харилцагч талаас ямар нэг худал үг, дарамт шахалт, дайралтыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тодорхой илэрхийлж байна” хэмээжээ. НАТО-ий гишүүн орнууд болох Грек, Турк хоёр улс далайн байгалийн хийн олборлолтын маргаанд хутгалдаж, Анкараг ЕХ-ны бусад орнуудтай сөргөлдөхөд хүргэсэн билээ.

ШЕЙХ ТАМИМ:

-Катарын удирдагч Эмир Шейх Тамим бин Хамад Аль Тани Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улсуудын тавьсан хууль бус хориг арга хэмжээнүүдийг болиулахын тулд яриа, хэлэлцээ хийх шаардлагатай байгааг дурссан байна. “Катар улсыг шударга бус, хууль бус аргаар хавчин шахаж, хориглон дарамталсаар гурван ч жил өнгөрлөө. Хэдий тийм ч бид аль чадахаараа хөгжихийн төлөө олон салбарт ахиц дэвшил гаргасаар байна” хэмээн Шейх Тамим ярьжээ. Мөн тэрбээр Израйлийн газар нутгийг хууль бусаар эзэлснийх нь төлөө Израильд хариуцлага тооцохыг олон улсад уриалжээ.

ХАССАН РУХАНИ:

-Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани АНУ-ын дараагийн удирдагч Трампыг дахин сонгогдохыг болиулж, цаашид Тегераны шаардлагыг хүлээн авах ёстой хэмээн ярьсан байна. “Бид АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, дотоодын асуудалд хөндлөнгөөс оролцох сонирхолгүй. Ирэх сонгуулиар хэн ч ялсан байлаа гэсэн Ираны шаардлагыг хүлээн авч, бууж өгөх ёстой” хэмээн Хассан Рухани ярьжээ.

ВЛАДИМИР ПУТИН:

-ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин олон улсыг сансар огторгуйд зэвсэг хэрэглэхийг хориглох гэрээ байгуулахыг уриалахын хажуугаар НҮБ-ын ажилчдад Спутник-5 вакциныг үнэгүй санал болгоод амжсан юм. “ОХУ НҮБ-д шаардлагатай бүх үйл ажиллагаанд туслахад бэлэн. Мөн бид НҮБ-ын бүх ажилчдад зориулж Спутник-5 вакциныг үнэгүй үйлдвэрлэж чадна” хэмээн Путин хэлсэн байна. Тэрбээр мөн олон улсын эдийн засаг урьд өмнө нь байгаагүйгээр хямарч байгаа тул болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд худалдааны хоригуудыг цуцлах хэрэгтэй хэмээн уриалсан байна.

ЭММАНУЭЛЬ МАКРОН:

-Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Вашингтоны Иранд тавьсан хориг арга хэмжээг Европ дэмжихгүй байгаа гэдгийг илэрхийлээд, тус хориг нь НҮБ-ын ерөнхий ассемблейг үгүйсгэж, Ойрхи Дорнодын хурцадмал байдлыг дэвэргэхээс өөр үр дагаваргүй хэмээн анхааруулсан аж. “Нэгэнт татгалзсан гэрээн дээрээ АНУ дангаараа идэвхжүүлэх боломжгүй болсон механизмийг идэвхжүүлэхэд бид туслахгүй. Хэрэв тэгвэл аюулгүй байдлын зөвлөлийн эв нэгдэл, шийдвэрүүдийн хүчийг алдагдуулж, бүс нутгийн хурцадмал байдлыг улам дэвэргэх асар их эрсдэлтэй” хэмээн ярьжээ.

МҮН ЖЭ ИН:

-БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин цар тахалтай үр дүнтэй тэмцэхийн хажуугаар БНАСАУ-тай энх тайван харилцаа тогтоох зорилгоор БНХАУ, БНАСАУ, Япон, Монгол орнуудыг хамарсан халдварт өвчин хяналт, олон нийтийн эрүүл мэндийн сэргийллийн хамтын ажиллагааг бэхжүүлэх санаачлага дэвшүүлжээ. Тэрбээр ”Хүн төрөлхтөнд дайнаас илүү хохирол амсуулж буй цар тахлын өмнө хөрш орнуудын хамтын ажиллагаа, аюулгүй байдал хамгийн чухал гэдгийг манай улсын зүгээс цохон тэмдэглэж байна” хэмээжээ.

Эх сурвалж: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж