АНУ-д ажиллаж, амьдардаг монгол бүсгүй Б.Мөнхням Монгол Улсын Засгийн газрын авсан олон улсын зээл, тусламжийн талаар сошиалд мэдээлсэн нь олны анхаарлыг татсан. Засгийн газар цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад зориулж 850 гаруй тэрбум төгрөгийг олон улсын зээл, тусламж авсан ч нуун дарагдуулсан гэх асуудлыг хөндөж, гадаадын эх сурвалжийн мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Түүнтэй цахимаар холбогдож ярилцсанаа хүргэе.
-УОК-т гадаад, дотоодоос өгсөн хандивын зарцуулалт иргэдийн анхаарлыг багагүй татаж байгаа. Энэ мөнгөөр яг юу хийв ээ гэсэн хардлага ч бий. Та тэдний нэг. Магадгүй таныг Монголдоо ирж чадахгүй учраас элдэв хэл ам татлаж байна гэж хүмүүс бодож байж мэднэ. Тиймээс танаас асууя. Та АНУ-д хэчнээн жил ажиллаж, амьдарч байна вэ?
-Би АНУ-д 20 гаруй жил амьдарч байна. Мэдээж, энэ хооронд Монголдоо байнга ирж, очиж байсан. Би бакалавр, магистрын сургуулиа хоёуланг нь АНУ-д төгссөн. Өөрөөр хэлбэл, миний ажлын туршлага, карьер бүгд Америкт өнгөрсөн.
-Та Монгол Улсын Засгийн газар 850 гаруй тэрбум төгрөгийн зээл тусламж авсан ч огт мэдээлэл өгөхгүй байна. Энэ мөнгөөр гадаадад байгаа иргэдээ хангалттай татан авахаас гадна эдийн засгаа сэргээх боломжтой гэсэн байр суурийг сошиал хуудсаараа дамжуулан илэрхийлсэн. Таны хувьд ямар тооцоолол хийсний үр дүнд энэ талаар мэдээлэх болов?
-Юуны өмнө улсынхаа иргэдийг татаж авах нь Монгол Улсын Засгийн газрын үүрэг гэдгийг хэлмээр байна. Миний хувьд Засгийн газрын зээл тусламжийн талаарх мэдээллийг анх санаандгүй олж авсан. Би ОУВС- гийн үйл ажиллагаа хариуцсан захирал Kristalina Georgieva-г твитер дээр дагадаг. Гэтэл тэрбээр зургадугаар сарын 3-нд "ОУВС-гийн Төлөөлөн удирдах зөвлөл Монгол Улсад "Covid-19″-д зориулж 99 сая ам.доллар олгохоор баталлаа" гэсэн жиргээ оруулсан байсан. Монголын талаас энэ талаар мэдээлэл олж авч чадалгүй хоёр сар хүлээсэн. Тэгээд бусад олон улсын зээл, тусламжуудыг өөрөө хайж, судалж эхэлсэн. Зөвхөн миний олсон зээл, тусламж л гэхэд бараг 400 сая ам.доллар болсон. Энэ чинь ойролцоогоор нэг их наяд төгрөг шүү дээ.
Гэтэл өнөөдөр иргэд гадаадаас өөрсдөө мөнгөө төлөөд ирж байна. Засгийн газраас ямар ч зардал төлөөгүй. Гэтэл өнөөдрийг хүртэл УОК-оос “Бидэнд төсөв байхгүй. ХӨСҮТ нь 250 орноос дээш хүн хүлээж авах боломжгүй. Бид чадлынхаа хэрээр иргэдээ татан авч байна” гэж ард түмэнд мэдээлсээр ирсэн. Би энд Засгийн газар олон улсаас авсан тусламж зээлээ УОК-тоо хэлэлгүй нуусан юм уу, УОК нь мэдсээр байж худлаа хэлсэн юм уу гэдгийг бас тодруулж мэдмээр байна.
Хамгийн болхи аргаар бодоход, 400 сая ам.доллараар гадаадад гацсан иргэдийг авчрахдаа нэг иргэнд 20 мянган ам.доллар зарцуулж болно. Гэхдээ би хэзээ ч ийм санхүүгийн зөвлөгөө өгөхгүй. Үүгээр Монгол Улсын Засгийн газарт хангалттай мөнгө байсан гэдгийг л харуулах гэсэн юм. Гэхдээ их наяд гэдэг бага мөнгө биш. Бидэнд үүнийг зөв зарцуулах боломж бүрэн бий.
Олон Улсын байгууллагууд хүртэл Монгол Улсад энэ ажиллагаанд зориулаад мөнгө гаргаад өгч байхад аль гуравдугаар сараас хойш одоо болтол ямар ч мэдээлэл хүргэхгүй, нуун дарагдуулж байсныг би огт ойлгохгүй байна.
Өөрийн судалсан судалгаанд үндэслэн Олон Улсын байгууллагуудаас авсан зээл тусламжийн мэдээллийг танай уншигчдад сонирхуудъя.
USAID | 3/24/20 | $ 1,200,000 | 3,360,000,000 |
World Bank | 3/25/20 | $ 2,200,000 | 6,160,000,000 |
World Bank | 4/2/20 | $ 26,900,000 | 75,320,000,000 |
European Union | 5/9/20 | $ 59,000,000 | 165,200,000,000 |
Asian Development Bank | 5/12/20 | $ 100,000,000 | 280,000,000,000 |
China | 5/16/20 | $ 13,000,000 | 36,400,000,000 |
Asian Development Bank | 5/30/20 | $ 30,000,000 | 84,000,000,000 |
Japanese Government | $ 14,000,000 | 39,200,000,000 | |
International Monetary Fund | 6/3/20 | $ 99,000,000 | 277,200,000,000 |
World Bank | 6/19/20 | $ 20,000,000 | 56,000,000,000 |
Asian Development Bank | 6/23/20 | $ 26,400,000 | 73,920,000,000 |
– | |||
Total | $ 391,700,000 | 1,096,760,000,000 |
-Ямар ч улсын эдийн засгийг мөнгө тарааж авардаггүй гэж та хэлж байсан. Засгийн газраас нийгмийн халамжид зориулан одоогийн байдлаар 768 тэрбум төгрөг зарцуулсан гэжээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Мэдээж, өнөө маргаашийн хоолны мөнгөгүй хүмүүст 100 мянган төгрөг хэдэн өдрийн хоолтой залгуулна. Энэ чинь их юм шүү дээ. Би үүнд ард түмнээ буруутгахгүй. Харин ингэтэл нь ядууралд оруулсан Засгийн газар үүнд буруутай. Тэд ажлын байр бий болгох арга хэмжээ авах, бизнесийг дэмжих хууль зүйн тогтолцоог бүрдүүлэх, банкны хүүг багасгах тогтолцоог бүрдүүлэх гэх мэт олон арга хэмжээ авч болох байсан. Гэтэл сонгууль дөхүүлээд хамгийн үр ашиггүй, эдийн засгийн хөнөөлтэй улс төрийн ашиг хонжоо хайсан арга хэмжээ авсан гэж би бодож байна.
Мөнгө хэвлэж тараахын хор уршгийг хамгийн энгийн аргаар тайлбарлая. Дорж ажил хийж 100 мянган төгрөг оллоо гэж бодъё. Гэтэл Засгийн газар Цэрмаа, Цэцгээ хоёрт 100, 100 мянган төгрөг өгчихлөө. Одоо гурвуулаа хүүхдэдээ 70 мянган төгрөгөөр гутал авъя гэж бодьё. Гутал зардаг наймаачин нийгмийн халамж өгөх сургаар гутлынхаа үнийг 75 мянган төгрөг болгоно. Энэ бол эдийн засгийн бичигдээгүй хууль. Бид үүнийг нүдэн дээрээ байхад хардаггүй. Мөнгө тарааснаас болж инфляци өсдөг. Үүнээс үүдээд төгрөгийн ханш унаж, гадаад валютын ханш өсдөг. Мөнгө тараана гэдэг бол хорт хавдар туссан хүнд толгойны эм өгсөнтэй л адил. Маргааш яах вэ?
Загас өгснөөс загас барихыг заа гэж үг байдаг. Эдийн засгийн хямралаас гарах хамгийн шилдэг арга бизнесийхээ салбарт хөрөнгө оруулалт хийх, ажлын байр бий болгох. Манай Монголд хээл хахууль, авлига бүх шатандаа хэрээс хэтэрсэн. Одоо Их хуралд өнгөрсөн ЖДҮХС-гийн хэрэгт холбогдсон Иx хурлын гишүүн хэд байгаа билээ? Дунд шатанд ч үүнийг би үгүйсгэхгүй. Тийм болохоор энэ зээл тусламжуудыг бизнесийн салбарт хөнгөлөлттэй зээлээр, яг үйл ажиллагаа явуулж чадах, ажлын байр бий болгож чадах тэр ААН-үүд, бизнесүүдэд өгөх хэрэгтэй.
-Засгийн газрын мэдээлэлд олон улсын гурван том зээл, тусламжийг дурдаагүй байсан гэлээ. Ямар тусламж, зээлийн талаар хэлж байна вэ?
-Энд зөвхөн миний мэдэж байгаагаар гурван зээл тусламж дутаж байна. Үүнд:
- Азийн хөгжлийн банк – 30 сая ам.доллар, ойролцоогоор 84 тэрбум төгрөг- May 30th
- Дэлхийн банк – 20 сая ам.доллар, ойролцоогоор 56 тэрбум төгрөг- June 19th
- Азийн хөгжлийн банк – 26.4 сая ам.доллар, ойролцоогоор 74 тэрбум төгрөг-June 23rd
Үүнээс гадна өөр олон улсын зээл, тусламжийг нуун дарагдуулж байгааг ч үгүйсгэхгүй.
-АНУ-ын Засгийн газар цар тахлын үед хэрхэн ажиллаж, хэчнээн төгрөгийг зарцуулж байна вэ?
-Цар тахлын энэ цаг үед АНУ-ын Засгийн газар гурван их наяд ам.доллар зарцуулсан. Үүний 810 тэрбум ам.доллар буюу хамгийн их хувийг жижиг, дунд бизнесээ дэмжихэд зарцуулсан. Үүн дээр нэмээд 532 тэрбум ам.долларыг корпорациуд болон том бизнесүүддээ туслахаар зарцуулсан.
Нэмж хэлэхэд, бидэнд ирж байгаа энэ зээл тусламжид АНУ-ын Засгийн газар хамгийн их хувь нэмэр оруулдаг гэдгийг энд хэлье. ОУВС-д АНУ бусад улсаас 2-3 дахин их мөнгө хандивладаг. Азийн хөгжлийн банкинд бас АНУ бусад бүx улсаас хоёр дахин их мөнгө хандивладаг.
-Таныг Харвардын Бизнесийн сургууль төгссөн гэж дуулсан. Олон улсын санхүүгийн ямар байгууллагад ажиллаж байсан туршлагатай вэ?
-Олон улсын санхүүгийн байгууллагад гэхээсээ илүү байгууллагатай гэвэл зөв болов уу. Америкийн санхүүгийн аудитын систем сүүлийн 15 жил маш чанга болсон. Өнгөрөгч 2008 оны хямрал санхүүгийн аудит муу байснаас болсон байх л даа. Энэ нь тэдэнд маш том сургамж болсон.
Миний ажиллаж байсан “News Corporation” гэдэг компанийн ээмшдэг компаниуд гэвэл “Fox News”, “Wall Street Journal”, “DOW Jones” гэх мэт байдаг. Тус компани бол public компани. Америкийн Үнэт цаасны хорооноос зохицуулалт, хяналт хийгдэж байдаг. Энд Монголоос ялгардаг нэг зүйл нь АНУ-д Үнэт Цаасны Хороо ийм компаниудын хяналт зохицуулалтыг хийх эрхтэй байдаг. Илон Маск хүртэл буруу зүйл хийснийхээ төлөө энэ байгууллагаас шийтгэл авч байсан.
Ийм команиуд зөвхөн дотоодын аудитаар зогсохгүй, хоёр, гуравдагч аудит байдаг. Биднийг “Ernest and Young” гээд хөндлөнгийн аудитын газар аудит хийдэг байсан. Дараа нь мэдээж Үнэт цаасны хороонд бүх тайлангаа тавьж, шаардлагатай бол аудит хийлгэнэ. Бидний санхүүгийн бүх мэдээлэл шилэн байдаг. Aмерикийн Засгийн газар цаанаасаа улирлын санхүүгийн тайлан тавих он, сар, өдрийг хэдэн жилээр гаргаад тавьчихсан байдаг.
Би АНУ-д байтугай дэлхийд томд ордог компанид ажилласнаар санхүүгийн аудит, хяналтын байгууллагуудтай ажиллах боломж надад гарсан. Мэдээж энэ хугацаанд би маш их зүйл сурсан. “News Corporation” групп бол манай Монголын "Эрдэнэс Тавантолгой" гэсэн үг. Би санхүүгийн тайлан тооцоо яаж шилэн байх ёстой, ямар байгууллага хаанаас яаж удирдах ёстойг сурсан. Дараа нь Америкийн эрүүл мэндийн салбарт ажилд орсон. Засгийн газрын санхүүгийн аудит чанга байдаг учраас тэндээс их юм сурсан.
-Монгол Улсыг Европын комисс хар жагсаалтад оруулсан мэдээлэл гарсан. Энэ жагсаалтад орсноор бидэнд хэр хохиролтой вэ?
-Монгол Улс 2020 оны тавдугаар сарын 7-нд Европын Холбооны хар жагсаалтад бичигдсэн байна лээ. Энэ жагсаалтад одоогийн байдлаар Aфганистан, Ирак, Сери, Уганда, Зимбабве гэх мэт Монголтой хамт дэлхийн 20 орон бий. Ер нь энэ жагсаалтад мөнгө угаасан, авлига, санхүү, мөнгөтэй холбоотой гэмт хэрэгт холбогдсон, террорист үйл ажиллагааг дэмжсэн орнууд ордог. Европын Холбооны энэ хоёр листийн хамгийн том зөрүү нь хар жагсаалтад байгаа орнууд non-cooperative буюу хамтран ажиллах зорилгогүй, Холбооны шаардлагыг хангахгүй байгаа орнууд байдаг. Бид л мэдэхгүй байсан болохоос Монгол 2015 онд хүртэл хар жагсаалтад байсан юм билээ. Та нар вебсайт руу нь ороод үзээрэй.
Хар жагсаалт Монгол Улсад дөрвөн төрлийн хохирол учруулж болно.
- Олон улсын байгууллагуудаас эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлнэ.
- Олон улсын байгууллагуудаас зээл тусламж авахад хүндрэлтэй болно.
- Олон улсын худалдааг хязгаарлана.
- Олон улс нийлээд Монгол худалдааг бойкот хийх эрхтэй болно.
-Та Засгийн газарт хандаж ямар гарц, гаргалгаа дэвшүүлж байна вэ?
–Миний ажиллаж байсан компанийн жилийн нийт орлого ойролцоогоор 10 тэрбум ам.доллар байсан. Монголын дотоодын нийт бүтэгдэхүүн 13 тэрбум ам.доллар. Миний ажиллаж байсан компаниас гуравхан тэрбум ам.доллараар илүү. Би “MCN Consulting Group /CEO /”-д 15 жил санхүүгийн зөвлөхөөр ажилласан. Монголынхоо Засгийн газарт яг адилхан зүйл хэлье гэж бодож байна.
Ард түмэндээ зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Айдас хүйдэс, айлган сүрдүүлэлтээр барихаа зогсоомоор байна. Та нарыг 400 сая ам.доллар хав дарж суух хооронд улсын эдийн засаг улам сүйрч, ард түмэн маргааш идэх хоолгүй боллоо.Үүний тулд зөв менежмент нэвтрүүлж эхэлье. Ингэхдээ,
1. Хилээ иргэддээ нээх, гэхдээ тестээ авдгаараа аваад, тусгаарлалтад оруулдгаараа оруул. Зөвхөн эрүүл гэсэн үед нь олон нийтийн дунд гаргах. Гадаадаас иргэд чинь өөрсдийнхөө зардлаар очиж байна. Засгийн газраас энд бараг зардал гаргаагүй. Гадаадаас очиж буй хүмүүс очихоосоо өмнө 24 цагийн дотор шинжилгээ өгсөн, очоод шинжилгээ өгч байгаа. Эрүүл хүмүүс дээр эмч ажиллуулах шаардлага байхгүй шүү дээ.
2. Бизнесийнхээ салбарыг ажилд оруул. Гэхдээ тодорхой дүрэм журамтай. Маск зүүдгээрээ зүүгээд, зайгаа барьдгаараа бариад, шинэ ертөнцдөө шинэчлэгдэж амьдарч сурья. Хуучин шигээ суувал, бид бүгдээрээ алдана.
- Нэг төгрөгөө хоёр төгрөг болгоё. Тэгж байж бид их өрнөөсөө гарна. Дахин хэлье. Бизнесийхээ салбарт хөрөнгө оруулалт хий. Ажлын байр бий болго. Гэхдээ ард түмэндээ боломж өг. Улсын их хурлын зарим гишүүд ЖДҮХС-гаас зээл авч ард түмнийхээ боломжийг, сайхан амьдрах эрхийг хулгайлсан. Харин энэ зээл тусламжаас маш олон нь зөвхөн эрүүл мэндийн салбар биш, эдийн засгийн хөгжилд гэж тодорхойлогдсон байгаа. Хэрвээ энэ зээл тусламжийг өгсөн зорилгын дагуу ашиглахгүй бол хар жагсаалтын нэг асуудал гарч ирдэг.
- Ард түмэнд ажлын байр хэрэгтэй байна. Би үүнийг одоо зурагдсан пянз шиг л хэлж байна. Хорт хавдар туссан хүнд толгойн эм өгч өвчнийг намдаах уу? Мөнгө тараавал өнөөдрийн л хоолны мөнгө, харин ажлын байр бол загас барыхыг заасантай адил шүү.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ