Төрийн шинэ албан тушаалд томилогдсон менежерүүдийн АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг өмнө нь онцлон танилцуулсан. Харин энэ удаа УИХ-ын гишүүний суудлаас бууж, гадаад улсад болон эх орондоо албан тушаалд томилогдсон эмэгтэй гишүүдийн ХОМ-ийг танилцуулъя.
Д.САРАНГЭРЭЛ 661 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ

УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл Болгар улсад Элчингийн зөвлөхөөр томилогдсон. Тэрбээр 2019-2023 онд буюу сүүлийн таван жилийн хугацаанд Эрүүл мэндийн сайд болон УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан бөгөөд АТГ-т хамгийн сүүлд 2023 онд хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
Түүний жилийн нийт орлого нь 62.3 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь хоёр тэрбум төгрөг гэж мэдүүлсэн байна.
Харин нэг нийтийн орон сууцтай, үйлчилгээний зориулалттай байр хоёр бөгөөд нийт 500 сая төгрөгийн үнэтэй ажээ. Мөн туулах чадвар өндөр "Toyota, Land Cruiser 200" автомашинаа 60 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр эзэмших болон өмчлөх хоёр газраа 16 сая төгрөгөөр үнэлсэн бол үнэт эдлэлгүй гэжээ. Дотоодын банкинд 661 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Стимо" ХХК, "Концепт сити" ХХК, "Гэгээн секюритиз" ХХК, "Гэгээн далай" ХХК, "Брават Монголиа" ХХК, "Гэгээн Концепт" ХХК-нд хөрөнгө оруулалт хийсэн байна.
Ц.МӨНХЦЭЦЭГ 45 САЯЫН АВЛАГАТАЙ, 20 САЯЫН ЗЭЭЛТЭЙ

УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэг ХБНГУ дахь дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр томилогдсон. Тэрбээр сүүлд 2023 оны зургадугаар сард УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан бөгөөд АТГ-т хамгийн сүүлд 2023 онд хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
Түүний жилийн нийт орлого нь 67 сая төгрөг байна. Үүнийг 2022 оны /51 сая/ хөрөнгө орлогын мэдүүлэгтэй харьцуулахад 16 сая төгрөгөөр өсчээ. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 83 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Харин нэг нийтийн орон сууцтай, нэг хашаа байшинтай бөгөөд нийт 810 сая төгрөгийн үнэтэй ажээ. Мөн тусгай зориулалтын автомашинаа 15 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр таван саяын газартай, дөрвөн саяын үнэт эдлэлтэй, 45 саяын авлагатай, 20 саяын зээлтэй бөгөөд дотоодын банкинд гурван сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Мон эдутейнмент" ХХК-нд хөрөнгө оруулалт хийсэн байна.
Б.ЖАРГАЛМАА 116 САЯ ТӨГРӨГИЙН МАЛТАЙ, 235 САЯЫН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ

УИХ-ын гишүүн асан Б.Жаргалмаа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргаар томилогдоод байгаа юм. Тэрбээр өмнө нь БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, сайдын зөвлөх, Ерөнхий сайдын зөвлөх зэрэг албан тушаалуудыг хашиж байсан нэгэн. Тэрбээр сүүлд 2020 оны зургадугаар сард УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан бөгөөд АТГ-т хамгийн сүүлд 2023 онд хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
Түүний жилийн нийт орлого нь 62.3 сая төгрөг байна. Үүнийг 2022 оны /48 сая/ хөрөнгө орлогын мэдүүлэгтэй харьцуулахад 14 сая төгрөгөөр өсчээ. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 13 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Харин нэг зуслангийн байшинтай бөгөөд 150 сая төгрөгийн үнэтэй ажээ. УИХ-ын гишүүн асан автомашингүй бөгөөд 50 адуу, 280 хонь, 30 сайн үүлдрийн үхэр, хоёр хурдан удмын адуугаа нийт үнэлсэн байна. Мөн гурван газраа 160 саяар, үнэт эдлэлээ 235 сая төгрөг гэжээ. Дотоодын банкинд зургаан сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Хөрөнгө оруулагч үндэстэн" ХК-нд хөрөнгө оруулалт хийсэн байна.
Б.САРАНЧИМЭГ 112 САЯ ТӨГРӨГИЙН МАЛТАЙ, 226 САЯЫН МАШИНТАЙ

УИХ-ын гишүүн асан Б.Саранчимэг 2016, 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан тэрбээр өнгөрөгч сонгуулиар говийн бүсэд нэр дэвшсэн ч иргэдийн итгэлийг хүлээж чадаагүй нэгэн. Түүнийг Хөшигийн хөндийн шинэ хотын төсөл хариуцсан захирагчаар томилсон байдаг.
Тэрбээр сүүлд 2020 оны зургадугаар сард УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан бөгөөд АТГ-т хамгийн сүүлд 2023 онд хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
Түүний жилийн нийт орлого нь 47 сая төгрөг байна. Үүнийг 2022 оны /43 сая/ хөрөнгө орлогын мэдүүлэгтэй харьцуулахад гурван сая төгрөгөөр өсчээ. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 26 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Харин хоёр нийтийн орон сууцтай, нэг авто зогсоолтой бөгөөд нийт 1.1 тэрбум төгрөгийн үнэтэй ажээ. Мөн "Toyota, Camry" болон "Jeep, Wrangler" маркийн хоёр автомашин гээд нийт 226 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр зургаан хрдан удмын адуу, 16 адуу, найман үхэртэй бөгөөд 112 сая төгрөгөөр үнэлсэн байна. Дотоодын банкинд 19 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр ямар нэгэн компанид хөрөнгө оруулалт хийгээгүй гэж мэдүүлсэн байна.
Б.БАЯРСАЙХАН 4.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АМИНЫ ОРОН СУУЦТАЙ

УИХ-ын гишүүн асан Б.Баярсайханыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргаар томилсон. Тэрбээр сүүлд 2020 оны зургадугаар сард УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан бөгөөд АТГ-т хамгийн сүүлд 2023 онд хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
Түүний жилийн нийт орлого нь 151 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 94 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Харин нэг амины орон сууцтай бөгөөд нийт 4.5 тэрбум төгрөгийн үнэтэй ажээ. Мөн "Toyota Land Cruiser-200" маркийн туулах чадвар өндөртэй хоёр автомашинтай бөгөөд 234 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр 10 адуу, 50 үхэр, 100 толгой хонио 92 сая төгрөгөөр үнэлсэн бол 61 сая төгрөгийн нэг газартай гэжээ. Дотоодын банкинд 20 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр ямар нэгэн компанид хөрөнгө оруулалт хийгээгүй байна.
М.ОЮУНЧИМЭГ ДОТООДЫН БАНКИНД 527 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ

"Эрдэнэс критикал минерал" ТӨҮГ-ын орлогч дарга М.Оюунчимэг:
УИХ-ын гишүүн асан М.Тогтохсүрэнг 2024 оны сонгуульд ялагдсаных нь дараахан МАН “Монголросцветмет”-ийн захирлаар томилсон бол орлогч даргынх нь орон тоон дээр УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэгийг томилсон. Засгийн газраас "Монголросцветмэт"-ийг "Эрдэнэс критикал минерал" төрийн өмчит үйлдвэрийн газар болгон нэрийг нь өөрчилсөн. Учир нь дэлхий дахин газрын ховор элементэд анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд Монгол Улс ч хөл нийлүүлэн алхах ёстой гэж үзэн, энэ чиглэлд анхаарахаар болсон. УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэгийг Монголын газрын ховор элементийн талаарх мэдээллийг гадаад ертөнц рүү гаргахад илүүтэй анхаарах ёстой гэж үзэн, Засгийн газраас дээрх томилгоог хийсэн мэдээлэл цацагдаж буй.
Тэрбээр сүүлд 2020 оны зургадугаар сард УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан бөгөөд АТГ-т хамгийн сүүлд 2023 онд хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
Түүний жилийн нийт орлого нь 62.3 сая төгрөг байна. Үүнийг 2022 оны /43 сая/ хөрөнгө орлогын мэдүүлэгтэй харьцуулахад 20 сая төгрөгөөр өсчээ. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 103 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Харин хоёр нийтийн орон сууцтай бөгөөд нийт 870 сая төгрөгийн үнэтэй ажээ. Мөн "Suzuki" маркийн суудлын жижиг автомашин, "Grand Vitara" маркийн суудлын жижиг автомашин, BMW, 528 маркийн автомашин гээд нийт 128 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр үнэт эдлэл болон малгүй, 700м2 хэмжээтэй хоёр газар эзэмшдэг бөгөөд нийт хөрөнгө нь 1.8 тэрбум төгрөг гэжээ. Дотоодын банкинд 527 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцаанаас гадна "Монси солюшн" ХХК, "Интеркорн-Машинери" ХХК-нд хөрөнгө оруулалт хийсэн байна.
3,576.02





















































Холбоотой мэдээ