Хар тамхинаас болж амиа хорложээ

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Хар тамхинаас болж амиа хорложээ

Дэлхий дахинд хар тамхи тогтмол хэрэглэдэг 250 сая хүн байдаг тухай албан бус тоо бий. Харин манай улсад 450 гаруй өвчтөн мансуурлын эсрэг төвд эмчилгээ хийлгэсэн байна. Ер нь мансууруулах бодис буюу сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хэрэглэх  залуучууд 2006 оноос эрс нэмэгдсэн тухай судалгаа  байдаг. Хэдийгээр манай  улсад хар тамхи хэрэглэх, бусдад худалдах  гэмт хэрэг цөөн гардаг ч гадаадад амьдарч  буй залуучууд хар тамхинд донтох болсон тухай харамсмаар олон баримт бий.  Тэдний нэг  Баянзүрх дүүргийн харьяат 28 настай Б гэгч эрэгтэйн яриаг сэрэмжлүүлэг болгох үүднээс уншигчдадаа хүргэе

-Өөрийнхөө тухай товчхон танилцуулаач?

– Намайг Б гэдэг Баянзүрх дүүрэгт дунд сургуулиа дүүргэсэн. Эцэг, эх, хоёр  дүү, нэг эгчийн хамт амьдардаг л даа.

-Хэзээ мансууруулах бодис анх хэрэглэж эхэлсэн бэ?

–  XIII хороололд амьдардаг хэдэн багын найзуудтайгаа  Хонконг руу мотоцикл авахаар 2007 онд явсан юм. Тэнд тогтмол амьдардаг эрүү Тулгаатай / дууддаг нэр нь/  танилцсан. Анх тэр өөрийгөө бидэнд танилцуулахдаа монголоос машины худалдаа эрхэлдэг хүмүүсийн машинийг  контенарт ачуулахад нь тусалдаг гэж хэлсэн л дээ. Нэг машин задлаад сэлбэг болгож ачихад  2300 хонконг долларын хөлс авдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар тэнд хэдэн сар үлдээд машин угсрах, задлах ажил хийе гэж бодсон л доо. Гэтэл тэнд амьдардаг залуучууд  өөр зүйл хийдэг байсан юм билээ. Тэдэнтэй танилцаад л анх геройн татаж үзсэн.

– Хонконгод амьдардаг тэдгээр залуус юу хийдэг байсан гэж?

– Хулгай хийж амьдардаг байсан юм билээ.Улаанбаатраас гэр оронгүй тэнэмэл хүүхэд хүртэл дагуулж аваачаад хулгай хийлгэнэ. Ер нь бүтэхгүй хүмүүстэй танилцсанаа  хоёр долоо хоноод л мэдсэн. Хонконгийн  том брэндийн дэлгүүрийн хувцсыг боодол боодлоор нь хулгайлна. Тэрийгээ тэнд биеэ үнэлдэг Монгол, Энэтхэг хүүхнүүдэд хямд үнээр худалддаг.

-Тэгээд та нар хар тамхиа хаанаас худалдаж авах уу?

-Хонконгод бол хаа сайгүй л зарна. Ихэвчлэн хар арьстнууд, Энэтхэг, халтарууд / Непал, Филиппин/ зарна.   Нэг удаагийн татах тун 200-250 хонконг доллар, Тэнд амьдардаг Монгол хүүхнүүд бүгд хэрэглэдэг шүү дээ.

– Тэр Тулгаа гэгч нь одоо хаана амьдарч байна?

– Тулгаа Хонконгод суурин амьдраад 15 жил болж байгаа гэсэн.

– Хууль бусаар амьдарна гэсэн үг үү?

– Хууль бусаар амьдрах биш л дээ. Хонконгоос Шинжаан Уйгарын хилээр виза сунгуулна. Эсвэл Сингапур руу усан онгоцоор яваад л виза сунгуулчихна. Тэгээд Хонгонкод хоёр давхар хаус хөлслөөд л амьдардаг юм.

–  Өөрөө тэдэнтэй хэдэн жил хамт амьдарсан бэ?

– Би 2007-2009 он хүртэл хамт амьдарсан. Гэхдээ би тэдэнтэй нийлж хулгай хийж  байгаагүй. Нэг найз охинтой байсан, Тэр намайг мөнгөөр тэтгэдэг байлаа. Одоо хүртэл бид хоёр хамт амьдардаг.

-Найз охин тань Хонконгод юу хийдэг юм бэ, бас хар тамхи хэрэглэх үү?

-Манай найз Хонконгод биш Сингапурт сурдаг. Хар тамхи хэрэглэхгүй. Би тэд нараас өнгөрсөн жил салаад найз охинтойгоо хамт Сингапурт амьдарч байна.

– Хонконгод  хулгай хийж, хар тамхи татдаг залуучуудын талаар тодруулаач?

– Ихэнх нь Монголд хулгайн хэргээр шийтгүүлж байсан залуус бий. Тухайлбал Яблог, Жижгээ, Шараа, / дууддаг нэр нь/ . Тэдний хамгийн бага нь 14 настай ахмад нь 40 гаруй насныхан бий.

– Тэдний  нэрийг мэдэхгүй юу?

– Мэдэхгүй, бичиг баримтаа их нууцлана. Ер нь өөрсдийнхээ бичиг баримтаар явж байгаа хүмүүс цөөн дөө. Ихэнх нь хуурамч нэртэй  бичиг баримт хэрэглэдэг юм шиг байна лээ.

– Тэдгээр залуус тэгээд  хар тамхи тогтмол хэрэглэх үү?

-Хулгай хийгээд  хангалттай мөнгө олж байгаа хүмүүс тамхинд мөнгөө зарна шүү дээ. Байнга хэрэглэнэ. Мөрийтэй тоглоомын газар тоглоно. Тэндээсээ гайгүй мөнгөтэй  гадаадын иргэдийг сонгож  отолт хийж байгаад дээрэм хийнэ.

– Өөрөө тамхиа монголд ирээд хаанаас худалдан авч татаж байна?

-Би найз охинтой болсон жилээс хойш хар тамхи татаагүй. Тэгээд ч гэрийнхэн мэдээд бөөн асуудал үүссэн. Ээж уйлаад л лам эмчээр их явсан. Ер нь тамхи татах сайхан юм юу ч байхгүй. Эрүүл мэнд сэтгэл санаагаар хохирно гэсэн үг. Хар тамхиа хэрэглэхгүй бол бүх бие янгинаж өвдөөд, биеэр бөөн тууралт үүсээд маш хэцүү.

-Хар тамхины хэрэглээгээ яаж зогсоов?

-Өнгөрсөн жил Сингапурт найз охин намайг эмнэлэгт хэд хэдэн удаа хэвтүүлэн эмчлүүлсэн.  Цусаа шүүлгэсэн. Мөн өөрөөс  асар их сэтгэлийн тэвчээр шаарддаг юм билээ.

-Одоо Хонконгод амьдардаг залуустай харилцаа холбоотой байдаг уу?

-Одоо яриагаа дуусгая. Хоёулаа анх хар тамхины талаар ярина гэж тохироогүй шүү дээ.  Би энэ сарын эхээр Сингапур  буцна. Мэдээж Хонконгоор дамжин өнгөрнө. Тэдний тухай их ярих нь аюултай.

– Тэр  залуус монголдоо ирдэг юм байгаа биз дээ?

-Монголд тогтмол ирэхгүй ээ. Зарим нь урд хөршийн шоронд  зарим нь Хонконгийг шоронд ял эдлэж бйагаа гэсэн. Ер нь  Хонконгын хил залгаа нутаг дэвсгэр Шинжаанаар дүүрэн  манай улсын хулгайч, хар тамхичид, биеэн үнэлэгчид байна.  Миний мэдэхийн 1500 гаруй хүн тогтмол амьдардаг.

– Тэгээд Хонконгын хууль сахиулах байгууллагад баригдаж ял шийтгэл авсан манай улсын иргэн байна уу?

-Хонконг хүний эрхийг дээдэлдэг улс. Хулгайн хэргээг баригдвал ганц сар хоригдоод гараад ирнэ шүү дээ.

-Хар тамхины хэргээр Хонконгод ял сонссон  тохиолдол бий юу?

– Мэдэхгүй

-Өнгөрсөн дөрвөн сард Хонконгод хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан  дөрвөн залууг  таних уу?

– Тэд нарын тухай сонсоогүй юм байна. Тулгаагын хамсаатнууд баригдсан биз.

–  Өөрийг тань тэнд амьдарч байхад хар тамхи зөөвөрлөөч гэсэн санал ирж байв уу?

-Үгүй

–  Хамт амьдардаг залуучуудад тань?

-Мэдэхгүй ирдэггүй байсан байх. Харин биеэ үнэлдэг Энэтхэг, Монгол, Филиппин хүүхнүүд үе үе тийм хэрэгт орооцолдог гэсэн шүү дээ. Сайн мэдэхгүй байна. Сонсох нь одоогоос арван нэгэн жилийн өмнө манай улсын хоёр эмэгтэй бэлгэвчинд хар тамхи хийж залгиж Шинжааны хилээр гарах гэж байгаад баригдсан гэсэн. Тухайн үед баригдсан даруй  нэг монгол эмэгтэй нь байшин дээрээс үсрээд амиа хорлосон бөгөөд нөгөө эмэгтэй нь 10 жилийн хорих ял авсан гэсэн. Энэ жил шоронгоос гарна гэж хүмүүс яриад байсан даа. Тэр амиа хорлосон эмэгтэй нь бие давхар байсан юм гэнэ лээ.

Н.БҮЖИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж