Дугаарын сурвалжлага: Амны хаалт зүүх үү, торгуулах уу?

Хуучирсан мэдээ: 2020.04.16-нд нийтлэгдсэн

Дугаарын сурвалжлага: Амны хаалт зүүх үү, торгуулах уу?

Дугаарын сурвалжлага: Амны хаалт зүүх үү, торгуулах уу?

Монголд өнөөдрийн байдлаар коронавирусийн 30 тохиолдол батлагдаад буй. Энэ хэрээр Монголд халдвар тархах эрсдэл улам нэмэгдэж байна гэсэн үг.  Хэдийгээр бүгд гаднаас зөөвөрлөгдсөн ч гэлээ “Амны хаалтаа зүү, гараа тогтмол угаа, ариун цэврийг сахь”, “Гадуур битгий гар, халдварын голомттой бүс нутаг руу явж болохгүй”, “Олноороо битгий цугла” гэж Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагуудаас сануулсаар байгаа билээ.

Хэлж анхааруулсаар байтал монголчуудын нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргадаг хэнэггүй зан төрийн байгууллагуудын санааг чилээх болжээ. Орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосон байхад иргэд нь амны хаалтаа зүүхгүй гадуур “сэлгүүцэж”, хүүхдүүд нь тоглоомын талбайд “бөөгнөрч” байгаа нь аюул, эрсдэлд өөрсдийгөө оруулж буй үйлдэл юм. 

Арга ядахдаа амны хаалтаа зүүгээгүй бол 150 мянган төгрөгөөр торгоно гэж хотын дарга мэдэгдэж, журам батлахад хүрсэн. Ингэхдээ зөрчил гаргасан иргэнд хяналт тавихаар дүүрэг, хороодын хэсгийн ахлагч нарыг дайчлахаар болсон. Гэсэн ч төрийн байгууллагуудын зөрүүтэй мэдээллээс болж маск зүүгээгүй бол торгох уу, торгохгүй юу, бас хяналт шалгалтын хүрээнд хэн хариуцлага тооцож, торгууль ногдуулах вэ гэх зэрэг  эргэлзээтэй асуудлыг энэ удаагийн сурвалжлагаар хөндлөө.

Дүүрэг, хорооны хэсгийн ахлагч нарыг олон нийтийн цагдаагаар ажиллуулах Хотын дарга С.Амарсайханы шийдвэр өчигдөр /2020.04.15/-өөс хэрэгжих байсан ч төлөвлөсөн хугацаандаа амжсангүй. Шалтгаан нь олон нийтийн цагдаагаар ажиллах дүрэмт хувцсыг үйлдвэрлэж дуусаагүй, саяхнаас сургалт дууссан тул мэргэжлийн үнэмлэх гардуулж амжаагүй гэнэ. Журам хэзээнээс хэрэгжиж эхлэх, маск зүүгээгүй, зөрчил гаргасан иргэнд ямар хариуцлага тооцох талаар Нийслэлийн цагдаагийн газраас тодрууллаа.

АМНЫ ХААЛТ ЗҮҮГЭЭГҮЙ БОЛ ТОРГОНО ГЭСЭН ЗААЛТ БАЙХГҮЙ

НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.АМАРМӨРӨН: 

-Олон нийтийн цагдаа бол цагдаагийн байгууллагын нүд, чих болсон маш чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүс. Өмнө нь цагдаагийн байгууллагын 180 алба хаагч олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэдэг байсан бол одоо хэсгийн ахлагчдыг олон нийтийн цагдаагаар ажиллуулснаар нийт 1700 хүн энэ үүргийг гүйцэтгэнэ. Ингэснээр хяналт сайжирна. Хуучин журмаар хэсгийн ахлагчид торгууль тавьж, зөрчил шийдвэрлэх эрхгүй байсан бол шинэчилсэн журмаар газар дээр нь зөрчил шийдвэрлэж, шийтгэлийн хуудас олгох заалтуудыг оруулж, эрх хэмжээг нь нэмэгдүүлж байгаа юм. Гэхдээ хэсгийн ахлагч нар иргэдэд амны хаалт зүүх шаардлага л тавина.

Олон нийтийн цагдаа нарын хувьд амны хаалт зүүгээгүй бол торгоно гэсэн хуулийн заалт байхгүй. Харин амны хаалт зүүгээгүй зөрчлийг илрүүлж, холбогдох цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын газарт харъяаллын дагуу шилжүүлнэ. Энэ бол тухайн зөрчил гаргаж буй иргэний ухамсар, хуулийн мэдлэгээс л шалтгаалах асуудал.

Өнөөдрийн байдлаар олон нийтийн цагдаагаар ажиллах хүмүүсийн хувцас нь хараахан бэлэн болоогүй байна. Гэхдээ энэ долоо хоногт багтаан хэсгийн ахлагчид олон нийтийн цагдаагаар ажиллана гэлээ.

Орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн 173 хорооны 1700 гаруй хэсгийн ахлагч олон нийтийн цагдаагаар ажиллах юм. Ингэснээр хэсгийн ахлагчид шөнийн цагаар оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, хог хаягдлаа зориулалтын сав, цэгт хаяхгүй байх, хориглосон газар тамхи татах, гар дээрээс архи согтууруулах ундаа худалдаалах гэх мэт зөрчил гаргасан иргэнийг 10-100 мянган төгрөгөөр торгох эрхтэй болжээ. Өнөөдрийн байдлаар дүүрэг, хорооны хэсгийн ахлагч нар харъяа дүүргийн оршин суугчдадаа шаардлага тавих байдлаар л ажиллаж байна.

      ИРГЭДЭД АМНЫ ХААЛТ ЗҮҮХИЙГ ШААРДДАГ Ч ДҮР ЭСГЭЭД Л ӨНГӨРЧ БАЙНА

Чингэлтэй дүүргийн XII хороонд харьяалагдах гэр хорооллын айл өрхүүдэд амны хаалтны хэрэглээ ямар байгааг сонирхлоо. Хэсгийн ахлагч Б.Очирбатын хувьд 15 дугаар хэсгийг хариуцан, гэр хорооллын айл өрхүүдэд ариутгал хийлгүүлэх, бас маск зүүгээгүй бол шаардлага тавин ажиллаж байлаа. Дэнжийн мянга буюу Нарантуул-2 захын орчмын оршин суугчдын ихэнх нь  гудамжинд, худгаас ус авахдаа, дэлгүүр орохдоо амны хаалттай. Харин цөөн хэсэг нь амны хаалт зүүсэн дүр эсгэжээ. Амны хаалттай ч эрүүндээ тохчихсон байх нь нийтлэг үзэгдэл. Бас амны хаалт зүүлгүй гудамжаар алхаж, дэлгүүр орно. Хүүхдүүд ч бас маскгүй гудамжинд тоглож буй дүр зураг угтлаа. Амны хаалтгүй иргэдийн зарим нь хэсгийн ахлагчийг харсан даруйдаа зугтах мэт дуудахыг нь ч сонсолгүй цааш явж, булан эргэнэ. Харин нөгөө хэсэг нь гэнэт ухаарсан мэт халааснаасаа гаргаж ирээд зүүх дүр үзүүлж бас хэнэггүй гэгч нь дэлгүүр лүү орж байлаа. Энэ мэтчилэн цаг агаар дулаарч, иргэд назгайрч хэнэггүйтэж эхэлжээ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр хэн нэг хүний хэнэггүй үйлдлээс болж нийтээрээ хохирохыг үгүйсгэх аргагүй.

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГААР АЖИЛЛАСНААР ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ ЭРХТЭЙ БОЛЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн XII хорооны хэсгийн ахлагч Б.ОЧИРБАТ: 

-Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд бид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, гудамж талбай, айл өрхүүдээр хяналт тавьж, зөвлөмж шаардлага өгөх байдлаар жижүүрээр ажиллаж байна. Амны хаалт зүүгээгүй болон гадуур хүүхэд дагуулж явахгүй байхыг анхааруулж, зөвлөмж өгдөг. Сүүлийн үед иргэдийн хувьд тайвширч, назгайрах байдал ажиглагдаж байна. Шаардлага тавьсан ч зарим хүмүүсийн хувьд биелүүлдэггүй, төдийлөн ач холбогдол өгдөггүй бололтой. Тиймээс хариуцлагыг нь нэмэгдүүлж торгууль ногдуулж эхэлснээр иргэд үүргээ ухамсарлах байх. Уг нь амны хаалтаа зүүх, гудамж талбайд нус, цэр, шүлсээ хаяхгүй байх нь иргэний үүрэг, хувь хүний ухамсрын л асуудал шүү дээ. Хэрэв надтай амны хаалт зүүгээгүй хүн тааралдвал би өөрийнхөө оёсон амны хаалтыг өгч байна. Миний хувьд эндэхийн оршин суугчдаа мэддэг болохоор зөвлөмж шаардлагыг маань хүлээж авдаг. Миний хариуцсан хэсэгт зөрчил гараагүй болохоор айл өрхүүддээ зөвлөгөө өгч л ажиллаж байна даа. Одоогоор манай хороонд олон нийтийн цагдаагаар ажиллах журам нь ирээгүй байна. Хэсгийн ахлагчдыг олон нийтийн цагдаагаар ажиллуулахаар болсон шийдвэрийг их дэмжиж байгаа. Олон нийтийн цагдаагаар ажилласнаар иргэдэд торгууль ногдуулах хэмжээний эрхтэй болж байна гэлээ.

                 МАСК ЗҮҮГЭЭГҮЙ ИРГЭНИЙГ 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас амны хаалт зүүгээгүй иргэнийг 150 мянган төгрөгөөр торгохоо мэдэгдсэн билээ.

МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.БАЯРБОЛД: 

-Дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн “Маскаа зүүцгээе” аян эхэлж байна. Энэ ажлын хүрээнд болон өмнө нь ч бас мэргэжлийн хяналтын байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран иргэдэд маск хэрхэн зүүх, зөв хаях талаар эрүүл ахуйн зөв дадал хэвшүүлэх мэдээллүүд өгч байсан. Одоо нөхцөл байдал хүндэрч болзошгүй, халдвар гаднаас зөөвөрлөгдсөн ч тархах өндөр эрсдэлтэй байна. Тиймээс иргэд маскаа зүүх хэрэгтэй. Амны хаалт тогтмол зүүх талаар Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны тодорхой шийдвэрүүд гарсан. Холбогдох байгууллагуудаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, зөрчил гаргасан иргэнийг 150 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ хуулийн санкц байгаа. Эрүүл мэндийн тухай хуульд болон Зөрчлийн тухай хуулиар эл арга хэмжээ хэрэгжих боломжтой. УИХ-аас коронавирусийн халдварын цар тахалтай уялдуулан шинэ хууль батлах гэж байна. Хуулиар энэ арга хэмжээг чангатгах байх гэлээ.

Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дүгээр зүйлд “Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, амны хаалт зүүхгүй байх нь хувь хүний ухамсрын асуудал ч хорио цээрийн дэглэм үргэлжилж буй энэ үед Гамшгийн тухай хууль зөрчсөнд тооцогдож, хариуцлага хүлээх юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж