“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж өчигдөр /2020.02.04/ Ерөнхийлөгчийн тамгын газрын /ЕТГ/ дарга З.Энхболдод иргэнийг таван удаа 409 хоног хорьж, 16 удаа шүүн, 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг дээрэмдсэн бүлэг прокурорын талаарх баримтуудыг хүлээлгэн өгсөн билээ.
Тэгвэл өнөөдөр /2020.02.04/ Улсын прокурорын Ерөнхий газраас /УЕПГ/ мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар “Иргэн Г.Буяндоржоос 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан нэр бүхий прокуроруудтай холбоотой гомдол гаргаж байгаа тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр цацагдсан. УЕПГ-аас холбогдох асуудлыг мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагаар шалгуулахаар шийдвэрлээд байна. Тус мэдээлэлд нэр дурдагдсан П.Халиун нь 2015 онд прокурорын байгууллагаас чөлөөлөгдсөн болно” гэжээ.
Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан иргэн Г.Буяндорж хууль шүүхийн нэр хүн бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эрх ашигт нь ноцтой хохирол учруулсан тухай гомдол ирүүлсэнтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын холбогдох хэлтэс танилцжээ.
Улмаар Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2-т заасны дагуу иргэн Г.Буяндоржийн өргөдөл, гомдлыг Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа нарт “Гомдол шилжүүлэх тухай” албан бичгээр шилжүүлж, иргэний гомдлыг зохих журмын дагуу судлан шийдвэрлэж, хариу өгөхийг хүссэн байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ