Дуулиант хэргүүдийг хэрхэн шийдэх вэ?

Хуучирсан мэдээ: 2024.06.03-нд нийтлэгдсэн

Дуулиант хэргүүдийг хэрхэн шийдэх вэ?

Олны анхаарлын төвд буй шийдэгдээгүй хэргүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.


ЭХ ОРНООСОО УРВАСАН ХЭРГЭЭР ХОЁР ИРГЭНИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж нарын хоёр хүнийг 2024 оны тавдугаар сарын 28-нд үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Нийслэлийн прокуророос хоёр хүнийг үргэлжүүлэн хорих саналыг шүүх байгууллагад хүргүүлсэн байна.

Хэргийг тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн гуравдугаар сард /2024.03.29/ Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлсэн. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тухайн үед Монгол Улсын иргэн З.Санждорж, Д.Бямбажав нарыг баривчилж, саатуулсан гэж мэдээлж байв.

УДШ-ЭЭР Г.БУЯНДОРЖ НАРЫН ГОМДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт /2024.05.22/ Г.Буяндорж нарын дөрвөн хүний гомдлыг хянан хэлэлцэхээр товлосон ч хурал нь хойшилсон. Тодруулбал, хохирогч С.Билэгт хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг нь хүлээж авсан байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар /2024.05.22/ Г.Буяндорж нарын дөрвөн хүний гомдлыг хянан хэлэлцэнэ. Хяналтын шатны журмаар гаргасан тэдний гомдлыг хэлэлцэх эсэхийг 2024 оны тавдугаар сарын 8-нд хэлэлцэж, хүлээн авсан байдаг.

Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны есдүгээр сарын 29-ний өдрийн 631 дүгээр шийтгэх тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн 185 дугаар шүүхийн магадлалтай, Э.Хурцаа, Ч.Ууганбаяр, Д.Батжаргал, Г.Буяндорж нарт холбогдох 28 хавтас хэргийг шүүгдэгч Г.Буяндоржийн өмгөөлөгч Х.Гантулга, Л.Намнансүрэн, шүүгдэгч Ч.Ууганбаярын өмгөөлөгч Э.Эрдэнэбулган, хохирогч С.Билэгт, хохирогч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн өмгөөлөгч Э.Туул нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх гэнэ.

"Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж нарт холбогдох хуурамч баримт бичиг ашиглан, бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг 2024 оны хоёрдугаар сарын 7-нд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж, шийдвэрлэсэн байдаг. Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж, Г.Буяндорж, Д.Батжаргал нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн юм. Ингэхдээ шүүгдэгч Г.Буяндоржийг 40 сая төгрөгөөр, Д.Батжаргалыг 35 сая төгрөгөөр торгох ял оногдуулсныг хэвээр үлдээсэн.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн Г.Буяндорж нарт холбогдох хэргийг өмнө нь /2023.09.29/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, шийдвэрлэсэн. Шүүхээс шүүгдэгч Ч.Ууганбаяр, Э.Хурцаа нарыг цагаатгаж, Г.Буяндорж, Д.Батжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 болон 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Буяндоржийг 40 сая төгрөгөөр, Д.Батжаргалыг 35 сая төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байдаг.

“Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Ч.Ууганбаяр, Д.Батжаргал, БНХАУ-ын иргэн Э.Хурцаа нар нь БНХАУ-ын “Т” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК /ТӨХК/-тай байгуулсан гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 2 сая ам.доллараас авах зорилгоор хуурамч баримт бичиг ашиглан, төөрөгдөлд оруулж, “Дарханы төмөрлөгчийн үйлдвэр” ХК /ТӨХК/-өөс 1.200.258 ам.доллар шилжүүлэн авч, залилсан, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж нь илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 13.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, ял оноосон байдаг.

НОГООН АВТОБУСНЫ ГЭХ ХЭРГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ СОНГУУЛИЙН ӨМНӨ БОЛНО

Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарласан хуралдаан яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу хүртэл хойшилсон байна.

Энэ хэргийг /2024.03.11/ шүүхэд шилжүүлсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийсэн эсэхийг хэлэлцэх байв. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосныг хуулийн байгууллагаас тогтоосон байдаг.

Автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн гэдгийг хуулийн байгууллага тогтоосон талаар өмнө нь мэдээлж байв. Хохирол 134.5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан гэдэг мэдээллийг өгсөн.

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Ногоон автобусны гэх хэргээс болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хувьд “Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн. Худалдан авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан” гэж мэдэгдсэн. Харин Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар мөн л өөрт нь хамааралгүйгээр энэ ажил явсан гэдэг агуулгатай тайлбар хийж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж