Billboard “2015 оны эмэгтэй”-г нэрлэв

Хуучирсан мэдээ: 2015.10.01-нд нийтлэгдсэн

Billboard “2015 оны эмэгтэй”-г нэрлэв

Леди Гага

Фото: Planet Photos / Global Look

Америкийн  Billboard сэтгүүл Lifetime  гэх кабелийн телевизийн хамт хөгжмийн ертөнцийн “2015 оны жилийн эмэгтэйг” нэрлэв. Тэр нь дуучин Леди Гага боллоо. Нью-Йорк хотноо арванхоёрдугаар сарын 11-нд болох ёслол дээр тэр шагналыг дуучинд гардуулна.

Billboard-ын шинжээчид онцлохдоо, Леди Гага  бол орчин үеийн хөгжмийн соёлд тэргүүлэгч хүний нэг бөгөөд олон нийтийн  сэтгэл зүйг өөрчлөгч гэлээ. “Түүний шоу хөтөлбөрүүд, буяны болон соён гэгээрүүлэх үйлс, тэгш эрхийн төлөө тэмцэж байгаа нь орчин үед медиа од ямар байхыг харуулж байна” хэмээн сэтгүүл тэмдэглэжээ.

“Billboard  намайг оны эмэгтэй гэж  нэрлэсэнд итгэхийн аргай. Их баярлалаа. Би үнэндээ, маш, маш, маш ихээр талархаж байна. Бурхан минь ямар сайхан өглөө бэ?” гэж дуучин энэ мэдээг сонсоод өөрийн твиттерт бичсэн байна.

Зургаан удаагийн “Грэмми” шагналтан Леди Гага хөгжмөөс гадна киноны салбарт идэвхтэй ажилладаг.  Дуучин 2015 оны аравдугаар сард “Америкийн аймшгийн түүх” гэсэн олон ангит кинонд гарч ирнэ. Өдгөө 29 настай дуучин арван жилийн карьертаа хэдэн арван сингл, урлангийн дөрвөн цомог бичүүлэн гаргажээ.

Billboard сэтгүүл янз бүрийн хугацаанд “Оны эмэгтэйгээр” Бейонсе, Тейлор Свифт, Фержи, Кэти Перри нарыг нэрлэж байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж