Завхан аймагт “ХҮН”-ын хороо байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2015.09.15-нд нийтлэгдсэн

Завхан аймагт “ХҮН”-ын хороо байгуулагдлаа

Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ Улаанбаатар хотын бүх дүүргүүдэд  салбар хороогоо байгуулсан. Хөдөө орон нутгийн дэмжигчид иргэдийн захидал, хүсэлтийн дагуу орон нутагт үйл ажиллагаагаа идэвхжүүлэн салбар хороогоо байгуулах ажлаа Завхан аймгаас эхлүүлээ. Завхан аймгийн ард иргэд хүсэн хүлээж байсан шинэ итгэл, шинэ хүчин, Монгол Хүний хөгжлийн түүчээ болсон ХҮН-ын салбар хороог байгуулах анхдугаар хуралд  идэвхитэй, талархан дэмжин оролцож  тэргүүлэгч гишүүд болон даргаа сонгосон байна.

Хурлын үеэр Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргил хэлсэн үгэндээ:

“Хөдөлмөрийн үндэсний нам иргэд, хөдөлмөрчдийн тулгамдсан асуудал, эрэлт хэрэгцээ, хүсэлтийг сонсож явж байна. Замд бууж үдэлсэн малчид, хөдөлмөрчидтэй санал солилцсон байдлаас харахад орон нутгийн онцлогтой шийдлийг бус нийгэмчилсэн, хэт ерөнхийчлөн тулгасан шинжтэй шийдлийг гаргадаг нь эргээд орон нутагтаа бодлогын үр дагаварын эрсдэл авчирч, ард иргэдийг бухимдуулах, төрийн үйл ажиллагааны доголдолд хүргэх гол шалтгаан болж байна. Бид энэ гажуудал, дутагдлыг засах шийдэл нь болохоор эвлэлдэн нэгдсэн нам юм.

Та бүхэнтэй уулзаж, ярилцаж байхад ажиглагдсан бас нэгэн анхаарал татсан зүйл бол энгийн цөлх ухаанаар шийдчихэж болох олон асуудал он жил дамжин “хунгарласан”, иргэд олон нийтийг цөхрөөсөн байдалтай байгаа харагдаж байна.

Жишээ нь, Завхан аймагт 140 гаруй лиценз олгохоор шийдвэрлэснээс явцын дунд 97 болж батлагдсан байна. Улс орны эдийн засаг муу байна гэдэг нэрийн дор цэгцэрч, эмхлэгдэж байсан лиценз олголт замбараагүй болж, орон нутгийн иргэдийн дэмжлэг аваагүй ч олгогдохоор болсон байгаа нь нутгийн иргэд болон хайгуул хийхээр лиценз авч буй бизнесийн салбарынханыг талцуулж, үл ойлгогдох нөхцөл байдалд хүргэхээр байна. Үүнийг төрийн нэр барьсан албан тушаалтан урд хойдох үр дагавараа харалгүй харалган байдлаар шийдэж байгаа нь харамсалтай.

ХҮН-ын үйл ажиллагааны гол чиглэлийн нэг бол энэ “хунгар”-ыг арилгаж өдөр тутмын ажил амьдралд тулгарах төрөөс хамааралтай аахар шаахар саадыг үгүй хийхэд оршино.”  Гэв.

 Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж