Малын салбарыг нэг толгойтой болгох шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2015.09.15-нд нийтлэгдсэн

Малын салбарыг нэг толгойтой болгох шаардлагатай

Эдийн засаг нь хямарсан, гадаад өр нь томорсон, дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ буурсан зэрэг шалтгаанаар Монгол Улсын хөрөнгө оруулалт, хөгжил хаашаа явах нь тодорхойгүй "ацан шалаанд" орсон гэж хөндлөнгийн эдийн засагчид тайлбарласаар буй. Ийм үед улсаа аврах нэг гарц бол 60 сая мал, махан бүтээгдэхүүнээ эдийн засгийн эргэлтэнд оруулах гэж зарим эх сурвалжууд тодорхойлсоор байна. Гэвч энэ салбарыг хөгжүүлж, мал махаа гадагш гаргахын тулд Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас тавьдаг эрүүл ахуйн шаардлагыг Монгол Улс хангасан байх ёстой юм. Ингэхийн тулд эхлээд одоогийн мал, махан бүтээгдэхүүний салбарыг нэг толгойтой болгохыг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын /ДМАЭМБ/ ерөнхий захирал Бернард Валлат зөвлөв.  Харин малыг эрүүлжүүлэх ажилд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шууд хийдэг байх хэрэгтэйг Ч.Энх-Амгалан сануулсан юм.

Одоогоор Монгол Улсын малын эрүүл ахуйн салбар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/, Мал эмнэлэг, үржлийн газар /МЭҮГ/ гэсэн хоёр байгууллагат харъяалагддаг. Нэг ёсондоо малаа эрүүлжүүлэх ажлыг нэг нь хариуцаад явахад нөгөө нь малын бүтээгдэхүүний эрүүл, аюулгүйн байдалд хяналт тавьдаг. Эргээд МХЕГ тухайн махан бүтээгдэхүүний эрүүл, ахуйг шалгахын тулд МЭҮГ-ын ажил руу орох шаардлагатай болдог гэнэ. Ингээд дунд хий үүсдэг. Гадны улс оронтой мах, махан бүтээгдэхүүний салбарт хамтрахаар хэрэгжүүлсэн ажил бодит, үр дүнд хүрдэггүй гэж П.Болортуяа ярив.  Харин Монгол малын өвчлөл буурсан тухай таатай мэдээллийг Ж.Ренчинбаатар өглөө. Гэхдээ Монгол малд сүүлийн жилүүдэд урт замд нүүдэллэж, ургамал, хөрсний өөрчлөлтөөс шалтгаалсан боом, дуут зэрэг хөрсний халдварт илүү гарах болжээ.

 

Сүүлийн 20 гаруй жил мах, мал экспортлоно гэж Монгол Улс ярьсан ч, бодит, үр дүнтэй ажил болж чадахгүй нь хууль эрх, зүйтэй холбоотой гэдгийг эх сурвалжууд тодотголоо. Иймээс Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Улсын их хуралд Малын эрүүл, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өргөн барьжээ. Хэрэв энэ хууль батлагдаад тус салбарын үйл ажиллагаа нэг бүтцэд ороод жигдэрвэл ДМАЭМБ-аас тавих шаардлагыг хангахад нэг алхам урагшилна. Дээрээс нь малын эрүүл ахуйг шалгах, мэргэжлийн лаборатори, урвалд ашиглах бодисын хангамжийг нэмэх. Мөн дэлхийн стандартад нийцсэн лабораторид ажиллах боловсон хүчин буюу малын эмч, технологи ч нарыг бэлдээд ашиглавал, зөвхөн ОХУ, БНХАУ-д мах экспортлоно гэж ярихгүй. ДМАЭМБ-д нэгдсэн 180 оронд мах, махан бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болохыг малынхан салбарынхан хөндлөө.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж