Онцгой байдлын ерөнхий газраас “Мерси Кор Монгол“ОУБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийн хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж, тусгай системийг боловсруулсан.
Тус системийн аюулгүй, найдвартай ажиллагаа, дамжуулж байгаа мэдээллийн үнэн зөв, баталгаат байдалд хийсэн хөндлөнгийн аудитын үр дүнг “Мерси Кор” ОУБ болон “ZeroDay” ХХК-аас танилцуулж, систем болон серверийн аюулгүй ажиллагааг аудитаар баталгаажуулснаа мэдээллээ.
Танилцуулга уулзалтад ОБЕГ, ЦУОШГ, УЦУОСМХ, Үндэсний Статистикийн Хороо, “Альфа ЛаБ” ХХК зэрэг хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл оролцож, цаашид системийн хүртээмжийг сайжруулах, тогтвортой ажиллуулах талаар санал бодлоо солилцсон юм. Мөн ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв тус системийг хариуцаж, сар бүрийн тайланд анализ хийхээр боллоо.
Малчид хүссэн үедээ цаг агаарын болон бэлчээрийн мэдээллээ авах боломжтой уг системийг “Мерси Кор Монгол“ Олон улсын байгууллагаас Онцгой байдлын ерөнхий газарт 2018 онд хүлээлгэн өгсөн юм.
Тус системийн тусламжтайгаар 21 аймгийн 330 сумын 1,820 багийн 20 гаруй мянган малчин гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ