УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон Халх гол чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаад завсарлалаа.
Хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогод ирэх 10 жилд тус салбарт төрөөс барих бодлогыг тусгаад байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Су.Батболд Халх гол чөлөөт бүсийн тухай асуудлыг хөндлөө. Тус бүсэд хүнс бэлтгэх бол монголчуудынхаа хэрэгцээг хангах экологийн хүнс бэлтгэх ёстой болохоос гадаадынхны хэрэгцээг хангах шаардлага байхгүй. Халх голд нүүдлийн мал аж ахуй байлгах тухай яриад байна, боломжгүй. Хөрсний хувьд эхний жил мал байгаад дараа жилээс боломжгүй гэсэн юм.
Мөн энэ үеэр Халх голд зөвшөөрөлгүйгээр газар хагалсан асуудал ч хөндөгдлөө.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Өмнөх бодлогын хугацаа дууссанаар ирэх 10 жилийн бодлогоо тодорхойлох нь. Өнгөрсөн жилүүдийн зорилт яагаад хэрэгжсэнгүй вэ, шалтгаан нь юу байсан юм бол гэдгийг судалсан уу. Ноолуурын үнэ 1 кг нь 80 мянгаас 90 мянган төгрөгт хүрдэг байсан ч энэ жил үнэ нь унасан. Гэтэл малчид зээл авахдаа ноолуураа өндөр үнэ хүрч байсан үеэр төсөөлж авсан, энэ уналтаас болоод урт хугацаагаар төлөвлөх боломжгүй болгож байна.
Хамгийн бага орлоготой иргэн малчин боллоо. Шинэ Зеландын малчин, Монголын малчин хоёрын хөдөлмөрийн бүтээмж, орлого, нийгмийн баталгаа энэ бүхнийг харьцуулбал газар тэнгэр шиг ялгаатай.
Тэгэхээр энэ бодлого нь бусад орны мал аж ахуй, газар тариалантай орнуудтай өрсөлдөх чадвартай байх ёстой. Малчдын хөдөлмөрийн үнэлэмж, цалин хангамж, нийгмийн хамгаалал бодлогод тусах ёстой. Газар нутгийн 73 хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар байна гэсэн. Гэтэл эдэлбэр газрын 60 хувь нь бэлчээрийн доройтолд орсон. Мал бэлчих газаргүй болсон. Бэлчээрийн доройтол, даацын асуудал яаж тусав.
Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа: Өнгөрсөн 10 жилийн бодлогод чанар дэмжсэн бодлого байгаагүй. Ноолуур, ноосны урамшуулал олгоход чанарыг нь үл харгалзан бүгдэд нь ижил тэгш олгож ирсэн. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн хэрнээ гүн боловсруулалтыг дэмжсэн, чанарыг дэмжсэн бодлого хэрэгжүүлээгүй.
Эцэстээ сүргийн бүтэц алдагдсан, үр тарианы нэгжээс авах ургац бага, газар тариалангийнхаа хөрсөнд анхаараагүй орхичихсон. Зөв технологи, чанарт хандсан бодлого хаягдсан учраас тодорхой сөрөг нөлөөг дагуулсан.
Санхүүжилтийн хувьд хангалттай байгаагүй, урашууллын мөнгө олгож ирсэн ч тэр нь тоог өсгөхөд нэлээн хувь нэмэр оруулсан гэсэн хариулт өглөө.
Мөн гишүүд энэхүү бодлоготой холбоотойгоор мах гулуузаар экспортлохыг хязгаарлана гэж юу гэсэн үг вэ. Малаа амьдаар нь гаргах бол эцсийн бүтээгдэхүүн хийхгүй нь. жижиглэж гаргах бол экспортод гаргахад маш хэцүү гэдэг асуудлыг ч хөндсөн юм.
Одоо чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулаад байгаа бөгөөд чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.
Ингэхдээ УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан тавьсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонсох юм.
Ерөнхий сайд АНУ-д айлчлал хийж байгаа тул дээрх асуулгад Барилга хот байгуулалтын сайд хариулт өгөх юм байна.
Г.ДАРЬ