“Ахрар аль-Нажран” нэртэй салан тусгаарлах байгууллагынхан Саудын Арабын өмнөд хэсэгт цэргийн баазыг эзлэн авсан хэмээн мэдэгджээ. Энэ тухай Ираны “Фарс” агентлаг мэдээлсэн байна. “Ахрар аль-Нажран”-ы удирдлагууд Саудын Арабын өмнөд хэсгийн Нажран хотоос 10 км-ын зайд орших Хабаш тосгонд цэргийнхэнтэй ширүүн тулалдаан хийсэн гэдгээ өгүүлжээ.
Хэдэн жилийн өмнө Саудын Арабын тус бүс нутагт төр засгийн эсрэг босдог “Ахрар аль-Нажран” нэртэй салан тусгаарлах байгууллага бий болж байв. Омгийн зохион байгуулалттай салан тусгаарлагчид бүс нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг болжээ. Салан тусгаарлагчид Саудын Арабаас тусдаа гарч Йементэй нэгдэнэ хэмээн сүрдүүлжээ. Эр-Рияд тэргүүтэй Саудын Арабын хүчин Йеменд цэргийн ажиллагаа явуулж буй.
Саудын Арабын хөрш зэргэлдээ Йемен улс иргэний дайны хөлд нэрвэгдээд байгаа аж. Өнгөрсөн оны есдүгээр сард шийтийн босогчдын хусистуудын “Ансар Аллах” хөдөлгөөн Йемений нийслэл Сана хотыг эзлэн авсан. Энэ оны хавар Йемений Ерөнхийлөгч Хади Саудын Араб руу дүрвэн гарсан билээ. Түүнээс хойш Саудын Араб Йеменд цэргийн ажиллагаа эхлүүлсэн. Шийтийн хусист босогчдын эсрэг Саудын Араб тэргүүтэй суннитын орнуудын цэргийн эвсэл өнгөрсөн гуравдугаар сараас хойш Йеменд агаараас цохилт өгч байна. Йеменд өнгөрсөн гуравдугаар сараас хойш 2600 гаруй энгийн иргэн амь үрэгдээд байна.
М.ХҮСЛЭН
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин