Хөгжлийн банк 20 сая долларын гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2015.06.19-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банк 20 сая долларын гэрээ байгуулав

ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож буй. Энэ үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, ОХУ-ын Внешэконом банкны Нэгдүгээр орлогч захирал П.М.Фрадков нар хөрөнгө оруулалтын 20 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ нь 1983 оноос хойш нийслэлийнхний 80 хувийг дулаан, цахилгаанаар хангаж буй IV цахилгаан станцын 123 мегаваттын өргөтгөлийн ажлыг хийхээр Чингис бондоос санхүүжүүлсэн 70 сая ам.долларыг үе шаттай нөхөн олгох хөрөнгө оруулалт юм.

Монгол Улсын Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат хэлэхдээ  “IV цахилгаан станцын өргөтгөл энэ оны эхэнд ашиглалтад орсон. Жил гаруйн хугацаанд хийсэн хэлэлцээрийн үр дүнд ОХУ-ын Хөгжлийн банк буюу Внешэкономи банкнаас дээрх ажлын өртгийг нөхөн санхүүжүүлэхээр болж байна. ОХУ-ын хамгийн том энэ банктай цаашид олон том төслүүдэд хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна” гэв.

ОХУ-ын Хөгжлийн банкны нийт хөрөнгө 40 гаруй тэрбум ам.доллартай тэнцдэг бөгөөд социалист нийгмийн үед Улаанбаатарт баригдсан орон сууцны олон хорооллыг босгох хөрөнгийг 100 гаруй жилийн түүхтэй энэ банк санхүүжүүлж байжээ.

Ерөнхий сайдын айлчлалын үеэр манай улстай хамтын ажиллагаа нь завсарлаад 30 гаруй жил болсон ОХУ-ын Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын урсгал орж эхэлж байгаа аж.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж