БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн захирагч Кэрри Лам олны өмнө ховорхон гардаг. Гэвч Хятад улсад ялтан шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалын дараа тэрбээр олны өмнө гарч, тэмцэгчдийн эсрэг хүч хэрэглэсэн засаг захиргааныхаа өмнөөс уучлал гуйсан байна.
Мягмар гаригт мэдээлснээр, хоёр сая гаруй хүнийг хамарсан дээрх эсэргүүцлийн жагсаалаас хойш хоёр өдрийн дараа Кэрри Лам иргэдээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж, маргаан дагуулсан дээрх хуулийн төслийн хэлэлцүүлгийг цуцалсан талаар мэдэгджээ.
Тэрбээр “Би та бүхний санал бодлыг сонсож, бүгдийг ойлголоо. Сүүлийн хэдэн сарын турш Хонконгийн Засгийн газарт тулгамдсан асуудал санаа зовоож байна” хэмээн хэлээд, цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласныг буруушаасан байна.
Жагсагчид түүнийг өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт хэлсэн үгээ давтсанаас өөр зүйл нэмж хэлсэнгүй хэмээн шүүмжилжээ.
“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Хонконгийн удирдагч Кэрри Лам өнгөрсөн Мягмар гаригт хэвлэлийн бага хурал хийж, 1997 онд Английн колоничлолоос гарч, Хятадын засаг захиргаанд харъяалагдах болсноос хойшхи хамгийн хүчтэй эсэргүүцлийн жагсаалыг өдөөж, нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэсэнд уучлалт хүсчээ.
Жагсагчдын нэг, хүний эрхийн байгууллагын төлөөлөгч Жимми Шам "Кэрри Лам худлаа хэлсээр л байна" гэсэн бол Элвин Юнг “Лам долоон сая хүнтэй хотын улс төрийн уур амьсгалыг зөөллөж чадсан. Хонконг энэ хуулийг батлахыг зөвшөөрөх ёсгүй” гэж хэлсэн байна.
“The Guardian”-д мэдээлснээр, Хонконгийн улс төрийн хямрал хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж буй юм. Өнгөрсөн Ням гаригт тус хотын хоёр сая орчим иргэн захирагч Кэрри Ламыг огцруулахын төлөө гудамжинд гарч жагссан нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Хонконгийн иргэд эх газрын Хятадад ялтан шилжүүлэх хуулийн төслийг буцаан татах, дахин жагсагч тэмцэгчдийн эсрэг хүч хэрэглэхгүй байхыг амлах, Кэрри Ламыг огцрохыг шаардаж буй юм.
Ялтан шилжүүлэх тухай хуулийн төслийг тус хотын захирагч Кэрри Лам санаачилж, парламентаар батлуулахаар яаравчилжээ. Хятадын төв хэвлэлүүд ч түүний санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн нь Хонконгчуудыг босоход хүргэжээ.
Дээрх хуулийн төслийг эсэргүүцсэн анхны жагсаал өнгөрсөн Ням гаригт болсон бол хоёр дахь жагсаал Лхагва гаригт болж, 1.3 сая хүн оролцжээ. Энэ үеэр цагдаа нар жагсагчдын эсрэг резинэн сум, нулимс асгаруулагч хий хэрэглэж, олон арван иргэн гэмтэж бэртсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, энэ сарын сүүлээр Японы Осака хотноо болох “ИХ 20”-ын чуулганы үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзаж, Хонконгийн иргэдийн эсэргүүцлийн талаар ярилцахаар төлөвлөснийг мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: CNN, Reuters, Guardian
Холбоотой мэдээ