“Чингис хаан” баримал Монголд үлдэнэ

Хуучирсан мэдээ: 2015.06.09-нд нийтлэгдсэн

“Чингис хаан” баримал Монголд үлдэнэ

Монголын соёлын өв уламжлалаас суралцах, судлах, хадгалан хамгаалах, сэргээн дэлгэрүүлэх замаар хойч үедээ өвлүүлэхийн зэрэгцээ дэлхий дахинд сурталчлах зорилгын хүрээнд ОХУ-ын нэрт уран барималч Даш Намдаковын “Чингис хаан” бүтээлийг Англи улсаас авчирч байгаа аж.

Дэлхийд ганц хосгүй энэ бүтээлийг 2012 оны зуны олимпын наадмаар Лондон хотод байршуулсан бөгөөд БНХАУ, ОХУ, АНУ зэрэг улс орнуудаас худалдан авах санал гаргаж байжээ.

Энэхүү бүтээлийг Монголд авч ирснээр үндэсний түүх, өв соёлыг тодотгон баяжуулахаас гадна аялал жуулчлалын салбарт Монголоо таниулан сурталчлахад чухал хувь нэмэр болно гэж үзэж байна.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна.

Татварын ерөнхий хуульд “Татварыг зөвхөн УИХ хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасны дагуу хойч үедээ өвлүүлэн үлдээх дэлхийн урлагийн хосгүй энэ бүтээлийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

3 сая еврогоор үнэлэгдэж байгаа уг бүтээлийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ өөрийн хөрөнгөөр худалдан авч, улсын сан хөмрөгт шилжүүлж байгаа юм.

Б.ЭНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж