Азийн хөгжлийн банкны захирлуудын зөвлөл айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2015.06.05-нд нийтлэгдсэн

Азийн хөгжлийн банкны захирлуудын зөвлөл айлчилж байна

Азийн хөгжлийн банк /АХБ/-ны захирлуудын зөвлөлийн найман гүйцэтгэх захирал Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын зорилго нь АХБ-ны Монгол Улсад үзүүлэх туслалцааг илүү оновчтой үр дүнтэй болгоход чиглэж буй аж.

Тэд өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Монгол Улсад хүрэлцэн ирсэн бөгөөд энэ хугацаанд Дорноговь, Өмнөговь, Дундговь аймаг дахь хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг эдийн засгийн голлох салбаруудад АХБ-ны тусламжтайгаар хэрэгжсэн төслүүдтэй танилцаж, орон нутгийн удирдлага, төрийн бус байгууллагуудтай уулзжээ.

Харин өнөөдөр дээрх найман захирал УИХ-ын дарга З.Энхболд, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нартай уулзсан байна. АХБ нь 2014 онд Монгол Улсад хэрэгжих нийт 218.8 сая ам.долларын санхүүжилт бүхий төсөл хөтөлбөр баталсан бөгөөд үүнд 168.5 сая ам.доллар бүхий Засгийн газрын зээлийн 4 төсөл, 40 сая ам.долларын бүхий Засгийн газрын бус зээл болон 10.31 сая ам.долларын техникийн туслалцааны буцалтгүй тусламж үзүүлж байгаа ажээ.

АХБ-ны захирлуудын зөвлөлийн найман гүйцэтгэх захирлын Монгол Улсад хийж байгаа айлчлал өнөөдөр өндөрлөнө.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж