Асашёорюү: Миний хоёр дахь амьдрал эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Асашёорюү: Миний хоёр дахь амьдрал эхэлж байна

Өнөөдөр эх орондоо ирээд буй их аварга Асашёорюү Баянгол рестораны ард байрлах мэдээллийн танхимд хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариуллаа. Энд Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагуудаас гадна Японы сэтгүүлчид, телевизийнхэн ирсэн байлаа. Хэвлэлийн бага хурал эхлэхээс өмнө тэрбээр Японы сэтгүүлчдийн асуултад хариулахгүй гэдгээ мэдэгдсэн. Хэвлэлийн бага хурлын өмнө Асашёорюүг “Өнөөдөр” сонины Оны есөн алдартнаар шалгаруулсан өргөмжлөлийг гардууллаа.
Асашёорюү Монголын ард түмэндээ талархал илэрхийлээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр адал явдал, баяр баясгалан, омогшолтой бас нүдэндээ нулимстай цаг үеүдийг тууллаа гэж байв. Зодог тайлсан тухайгаа “Би байнга л хэл амны бай, үзэгний чичлүүрт явдаг хүн. Энэ бүхнийг даваад гарах сан гэж их хичээсэн. Давч гаргуулахгүй төлөө турхирч байсан хүмүүс ч бий. Би гадаад байгаа монголчууддаа Монгол хэмээх омогшлыг төрүүлж өгсөн болов уу гэж өөрөөрөө бахархаж байдаг” гээд “Сонин хэвлэлээр бичээд байсан шиг цохьсон зүйл байхгүй. Асуудлыг дэндүү хурдан шийдчихэв үү гэж бодогдох үе байсан. Гэхдээ ингээд яваад байх шаардлага байна уу, үгүй юу гэж бодогдсон” гэлээ. Түүнийг зодооны урлагт хүч үзэж магадгүй, улстөр, бизнест орно гэх мэт таамаглал байдаг. Тэрбээр одоогоор онцолсон шийдвэр гаргаагүй байгаа гээд “Би одоо 29 настай. Миний хоёр дахь амьдрал эхэлж байна. Би сумогоос өөр ертөнцөд хөл тавьж байгаа болохоор биеэ дайчилж, улс эх оронд минь юу хэрэгтэй байна гэдэг бие, сэтгэл, тархиндаа шингээж, сурч боловсорч, амьдралыг сайн сайхнаар харж явна” гэлээ. Их аварга бас энэ хугацаанд хоёр хүүхдээ их санасан, хүүхдүүд маань ч их том болсон байна, ойрын хэд хоногт хүүхдүүдээ эрхлүүлж, цуг байна гэж байлаа.

Их аварга эндээсээ “Ачтан” эмнэлэг рүү очиж, шинэ мэндэлсэн хүүхдүүд, ээж нарт нь бэлэг гардуулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж