Д аминдэм нь ясны бүтцийн үндсэн хэсэг болох кальцийн солилцоог бие махбодод зохицуулдаг. Хоол хүсний хамт бие орсон кальци нь Д аминдэмийн нөлөөгөөр нарийн гэдэсний ханаар шимэгдэж, цусанд орох нь сайжрах бөгөөд улмаар цусны урсгалаар дамжиж ясны эдэд хуримтлагдан, ясны эдийг шинээр үүсгэдэг.
Д аминдэм дутал:
Хүний биеийн Д аминдэмийн дотоод эх үүсвэр нь арьсан бүрхүүл дотор байрлах Д амин дэмийн идэвхигүй хэлбэрийн урьтал бодис бөгөөд энэ нь нарны гэрлийн хэт яагаан туяаны нөлөөгөөр идэвхитэй хэлбэрт хувирч, хүний биеийн Д аминдэмийн хэрэгцээг хангана. Иймээс Д аминдэм агуулсан хоол хүнсний дутлаас гадна нарны гэрлийн дутлаас үүдэлтэй хүүхдэд Д амин дэм дутлын рахит, насанд хүрсэн хүнд яс зөөлрөх эмгэг үүсдэг.
Шинж тэмдэг:
Хүүхэд нойрондоо муудах, тайван бус болох, хөхөө хөхөх, унтах үед дух магнай хэсгээр хүчтэй хөлрөх, шилээ шөргөөх зэрэг шинжүүд илэрч болно. Д аминдэм дутлын үед хүүхдийг эмчид үзүүлж, зохих эмчилгээг хийлгээгүй бол Д аминдэмийн дутал даамжирч, ясны бодисын солилцоо хямран, яс кальцаа алдаж, зөөлөрсөнөөс хэлбэр дүрс нь алдагддаг.
Д аминдэмийн дутлаас сэргийлэх:
Зуны улиралд наран шарлага хийх болон хүйтэн сэрүүний улиралд Д аминдэмийг урьдчилан сэргийлэх тунгаар ууж, Д аминдэмийн хэрэгцээг хангана. Гадаа гаргах боломжтой бага насны хүүхдийг зуны улиралд 7 хоногт 2-3 удаа наран шарлагыг 10-15 минутаар тогтмол хийвэл цусан дахь Д аминдэмийн хэмжээ нэмэгдэж, Д аминдэмийн дутлаас сэргийлэх боломж бүрдэнэ.
Д аминдэмийг сэргийлэх тунгаар хэрэглэх:
2 хүртлэх насны хүүхэд 10-4-р саруудад Д аминдэмийг 50,000 нэгжээр сард нэг удаа өрхийн эмч, сувилагчийн хяналтан дор ууна. 50,000 нэгжтэй Д аминдэм хэрэглэж байгаа тохиолдолд өөр хэлбэрийн Д аминдэмийг давхардуулан хэрэглэхгүй.
Жирэмсэн эхчүүд юуг анхаарах вэ?
Жирэмсний сүүлийн саруудад эхийн цасанд агуулагдаж байгаа Д аминдэм нь эхсийн цусаар дамжин ургийн цусанд нөөцлөгдөж, энэ нь төрсний дараа 1-2 сарын дотор нялх хүүхдийн Д аминдэмийн хэрэгцээг хангахад зарцуулагддаг. Иймээс жирэмсэн эхчүүд хүйтэн сэрүүний улиралд мөн жирэмсний сүүлийн 3 сард Д аминдэмийг 50,000 нэгжээр нэг удаа уух шаардлагатай юм.