Монголчууд хоолны хордлого авах нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2015.04.07-нд нийтлэгдсэн

Монголчууд хоолны хордлого авах нь ихэсчээ

Эрүүл мэнд спортын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2015 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулж Хүнсний аюулгүй байдлын асуудлын талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд Хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Су Нюунт У, МХЕГ-ын Хүнс хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан, ЭМСЯ-ны НЭМХ-ийн дарга П. Оюунцэцэг, ЭМСЯ-ны ХТХАББХЗХ-ын мэргэжилтэн Д.Ганзориг нар оролцлоо.

Хүнсний аюулгүй байдал нь  Монголоос гадна дэлхийн нийтийн тулгамдсан асуудал юм. Тиймээс энэ жил  Дэлхийн эрүүл мэндийн өдрийг 2015 онд "Тариалангийн талбай, малын бэлчээрээс зоогийн ширээ хүртэл хүнсний аюулгүй байдлыг хангая" урийн дор тэмдэглэж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хоолны хордлогын дэгдэлт ихсэж байгаа байна. Ялангуяа хөдөө орон нутагт хүнснээс болж хордох тохиолдол ихээр гарч байна. Улаанбаатар хотод хүнсний чиглэлийн 29 мянга гаруй иргэн аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хөдөө орон нутгийн 150 гаруй малчдаас малын гаралтай бүтээгдэхүүн авдаг. Гэвч 2014-2015 онд  есөн аймгийн 37 суманд малын гаралтай гоц өвчин илэрсэн нь хүнсний аюулгүй байдлын тулгамдсан ажлуудын нэг болсон байна.

Хүнсний аюулгүй байдлыг хангах нь бүх нийтийн хамтын хариуцлагын асуудал юм. Хүнсний аюулгүй байдлыг хангахад тариаланчид, хүнс үйлдвэрлэгчдээс эхлээд хүнсний худалдаа эхрлэгчид, хэргэлэгчид хүртэл хүнсний үйлдвэрлэлийн сүлжээний бүхий л шат дамлага дээр ажиллах нь чухал байдаг байна.  Хүнсийг аюулгүй болгох таван түлхүүр аргыг ДЭМБ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1. Гараа угаах,
2. Болгосон ба түүхий хүнсийг тус тусд нь байлгах,
3. Хүнсийг сайтар чанаж болгох,
4. Хүнсийг аюулгүй хэмд хадгалах,
5. Аюулгүй ус, түүхий эд материал ашиглах.

ЭМСЯ-ны мэргэжилтэн Д.Ганзориг-оос хүнсний аюулгүй байдлыг талаарх зарим зүйлийг асуулаа.

-Хэдийгээр төр засгаас байнгын хяналт, шалгалт явуулдаг ч манай улсын хувьд хүнсний аюулгүй байдлын хангах нөхцөл төдийлөн бүрдэхгүй байна. Хуурамч эм, бүтээгдэхүүн, гар дээрх худалдаа одоо ч хэвээрээ байгаа шүү дээ. Хүнсний ногоо хүртэл хортой байна гээд нэг хэсэг шуугисан?

-Монгол улсын хүнсний аюулгүй байдлын түвшин харьцангуй гайгүй байгаа. Бид хууль эрх зүйн орчинд том хуультай болсон . Бүх салбарууд энэ асуудалд чөлөөтэй хамтран ажиллаж байгаагаас гадна  хяналтуудыг тодорхой түвшинд хийж гүйцэтгэж байгаа.

-Хүнсний аюулгүй байдлаа хэрхэн сахиулж, сайжруулах вэ?

-Бид лабораторын чадавхаа сайжруулах, энэ чиглэлээр ажилладаг  боловсон хүчнүүдийн чадавхийг  дээшлүүлэх хэрэгтэй байна. Мөн хүн амын хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх ёстой.

Б.БИЛГЭЭ

 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж